Монгол улсын Гавьяат жүжигчин Л.Одончимэгийн анхны хайр, Монголын кино урлагийн авьяаслаг жүжигчин, дуу оруулагч, сэтгүүлч Н.Зориг арав гаруй жил хэвлэл мэдээлэл болоод кино урлагаас эрүүл мэндийн чөлөө авсан билээ. Харин гурван жилийн өмнөөс  түүнд кинонд тоглох хэд хэдэн санал ирж урлагаасаа хөндийрсөн түүний хувьд дахин сэргэх шиг болсон гэдэг. Тэрбээр мөн фэйсбүүк хуудас хөтөлж эхэлсэн бөгөөд хуучны дурсгалтай олон сайхан зураг оруулж олны нүдийг баясгасан тэрээр улс төрөөс зугтаж цахим хаягтай болсон гэнэ.

Тэрбээр “Молхи миний бие Фэйсбүүкд нэгдээд  дөнгөж нэг сарын нүүр үзэж байна. Орсон шалтгаан нь их энгийн. Ердөө л улс төр гэдэг юмнаас гэдэг юм уу, үгнээс зугтаасан хэрэг. Зурагтаа асаана улс төр, раажаваа чангалъя улс төр, сонин гийн хуудас эргүүлье нөгөө л улс төр. Интернет нилдээ улс төр, твиттер тэр чигтээ улс төр, албан байгууллага, автобус унаа, орцны үүдэнд суугаа өвөө эмээ, олон нийт бужигнасан газар орчин тойрон л магтсан муулсан, маргасан шүүсэн, бахадсан бахардсан, баярласан гомдсон, уурласан уухилсан, уймарч бухимдаж УЛСТӨРЖСӨН ард олон. Би бодлоо.  Монголчууд маань улс төрийн асар өндөр боловсрол олсон хийгээд идэвх нь илт сайжрав. Эсвэл энэ аймшигт халдварт тахал өвчин. Эсвэл энэ олон нам эвслүүдийн суртал ухуулгын хор хөнөөл… ИНГЭЭД Л ЗУГТЛАА та минь… Амар тайван орчин гэж найдаад фэйсбүүкийн хаалгыг зөөлхөн тогшоод хир тоосонд дарагдсан хэдэн зургаа элгэндээ тэврээд ороод иртэл бас л байдаг өнөөх УЛС ТӨР-өөр найз болцгоосон фэйсбүүк нөхдийн наяад хувь нь аль хэдийнээ өвдөөд анагаах аргагүй архагшжээ. БИ ОДОО ХААЧИХ ВЭ. ХЭЛЭЭЧ, ТУСЛААЧ, АВРААЧ” хэмээжээ.