Цахилгааны үнийн нэмэгдэл энэ сараас хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ нэмэхдээ гол нь биш харин хэрэглэгчдийг эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг хэрэглээнд шилжүүлэхийн тулд ийнхүү шийдвэр гаргасан гэж байгаа.
 
Өнгөрсөн онуудад үнэ тариф нэмэхээр ярьж эхэлснээс хойш Эрчим хүчний зохицуулах хорооноос олон тооцоо судалгааг хийсэн гэдэг. Ийнхүү тооцоо судалгаа хийсний эцэст нэмэх шийдвэр гаргасан байна. Аль аль талаа хохироохгүй, тухайн салбараа уналтад оруулахгүй, иргэдийн амьдралд том ачаа үүрүүлэхгүй байхаар зохицуулахаар болсон.
 
Тиймээс ахуйн хэрэглэгч буюу ард иргэдэд өнөөдөр мөрдөгдөж буй дундаж тариф буюу 79 төгрөгөөр тооцох шийдвэрийг гаргасан байна. 150 квт-аас дотогш хэрэглэсэн бол квт тутамд 79 төгрөг. 151 болоод явах юм бол 96 төгрөг төлөхөөр зохицуулалт хийжээ. Өөрөөр хэлбэл, 150-200 кват цагийн хэрэглээгээ ард иргэд өөрсдөө зохицуулж, 96 эсвэл 79 төгрөгөө төлөх үү гэдгийг сонгох аж.
 
Гэхдээ энэ нь бүтэшгүй бөгөөд биелэгдэшгүй “мөрөөдөл” юм. Хэрэглэгчид өнөөдөр хэрэглээгээ хянах боломж үнэндээ байдаггүй. Бид урьд нь мөн энэ талаарх нийтлэлийг хүргэж байсан билээ. Гэвч холбогдох хүмүүс нь юман чинээ бодож хүлээж авсангүй.
 
Хэрэглэгчдийг хэрэглээгээ хянах боломжийг Эрчим хүчний зохицуулах хорооноос бүрдүүлж өгсөн хойноо “ухаалаг хэрэглээнд шилжүүлэх” тухай гоё яриагаа ярих хэрэгтэй юм.
 
Жишээ дурьдвал ЧД-ийн 9-р хорооны иргэн А-гийнх 7-р сарын 23-наас 8-р сарын 25-ны цахилгааны төлбөрөө төлөхөд 71 050 төгрөг гарчээ. Гэхдээ уг төлбөрийг төлөхөд тухайн өрхийн тоолуурын заалт байсангүй. Ийм хэмжээний мөнгө төлөх хэмжээнд тоолуурын заалт гүйсэн эсэхийг мэдэх ямар ч боломж байхгүй байсан юм.
 
Ийм байхад ухаалаг хэрэглээнд шилжүүлж чадна гэж үү. Тоолуурын заалтгүй төлбөрийн мөнгө нэхнэ гэдэг бол айл өрхөөс байнга л нэмэгдсэн өртгөөр төлбөр аваад байна гэсэн үг юм.
 
Энэ нь ч ойлгомжтой. Иймэрхүү байдлаар заалтыг нь анзаарахгүй төлбөрөө хийдэг хичнээн ч хүн байж мэдэх юм. Тиймээс эхлээд өөрсдийнхөө үйл ажиллагааг ухаалаг болгосныхоо дараа хэрэглэгчийг ухаалаг хэрэглээнд оруулах талаар ярьсан дээр болов уу.
 
Эрчим хүний зохицуулах газрын дарга С.Отгонбаярын талаар хэвлэлээр элдэв мэдээлэл бишгүй гардаг. Тийм хүн айл өрхийн цахилгааны хэрэглээг ухаалаг болгоно гэдэгт итгэхэд бэрх. Тэгээд ч тоолуурын заалт бичигдээгүй ухаалаг хэрэглээ гэдэг зүйлийг тийм ч сайн ойлгохгүй л юм.
 
 
Тийм болохоор олон жил тооцоо судалгаа хийсэн гэж яриад байгаа Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр эхлээд салбарынхаа ажлыг сайжруулчихаад ард иргэдийн халаас руу өнгийвөл ямар вэ.
 
Үнэхээр хэрэглэгчийг тог цахилгаанаа хэмнэдэг ухаалаг хэрэглэгч болгохыг хүсээд байгаа бол өрх бүрийг тоолуурынхаа кВт-ыг хянах боломжийг олгох хэрэгтэй. Түүнчлэн кВт-ыг нь тодорхой бичиж, тогны мөнгийг нь авч байх учиртай.
 
Энэ бүхнийг засаж залруулсаны дараа хэмнэлт, цахилгааны нэмэгдлийн талаар дуугарвал зүгээр санагдаж байна. Эрчим хүчний сайд ч гэсэн салбарынхаа үйл ажиллгаанд гэнэтийн шалгалт хийж, цахилгааны байцаагч нар айлуудын тоолуурын заалтыг хэрхэн шалгадаг, яаж бичиж, иргэдээс ямар байдлаар мөнгө шулдагийг шалгавал таарна.
 
Ийнхүү иргэдээс их хэмжээний мөнгө шулдаг хэрнээ яагаад салбарынх нь алдагдал багасахгүй байгааг ойлгох юм алга. Шулдаг гэж нэр төрд халдлаа хэмээн дургүйцэж мэдэх юм. Тоолуурын заалт бичихгүйгээр шууд мөнгөн дүнгийн баримт бичнэ гэдэг бол иргэдийг шулж байгаагаас ялгарах юм ердөө алга.
 
Иймэрхүү байдлаар цахилгааны төлбөрөө төлсөн нэлээдгүй иргэд байж болох талтай. Тиймээс хүн бүр цахилгааны төлбөрийн баримтаа эргээд нэг хараарай. Таны анзаараагүй төлбөрийн баримтан дээр нэлээдгүй дутагдал илэрч болох юм шүү.
 
Ухаалаг хэрэглээг бий болгохын тулд зөвхөн иргэдээс мөнгө салгах биш. Салбарынхаа үйл ажиллагааг бас ухаалаг, иргэдэд хүрсэн, хариуцлагатай болгох хэрэгтэй болов уу. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар ч гэсэн энэ байдалд анхаарал хандуулж, шалгалт хийж, иргэдийн эрх ашгийг хамгаална гэдэгт найдая.
 
 
Н.Чинзориг