Боловсролын салбарт “цогц шинэчлэл” хийчихсэн хэмээн хийрхдэг сайдтан бусдын үг үйлдлийг ч “цогцоор нь хуулбарлах” авьяастай нэгэн аж.

Тухайлбал, сүүлийн үед “Би чадна, бид чадна” гэх брэнд үгтэй болсон сайд гуай АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн сонгуулийн үгийг чадварлагаар хуулсан нь энэ байжээ. Боловсролын салбарт хийсэн ажлын тайлан нэрийдлийн дор өөрийгөө рекламдах зорилгоор гаргадаг сүржин нэртэй сүрхий зузаан ном, сэтгүүлийнх нь энгэрт уг үг зүүгдээстэй.

Гэвч үгээр тоглодог болсон өнөө цагт сайхан үгийн эрэлд гарч интернэт ухаж байгаад л Обамагийн энэ үгийг олж харуутаа шууд хуулбарлая гэж боджээ дээ, хөөрхий гэмээр. Учир юун хэмээвэл энэ номыг нь үг үсэггүй уншсан ч үнэхээр хүүхэд би чадна гэсэн итгэлтэй болж чадах юм байна гэх ямар ч итгэл үнэмшил, сэтгэгдэл төрсөнгүй. Тийм үндэслэл болчихоор зүйл нэгээхэн ч олж харсангүй. Ардын багш нар дунд ч “сайдын хэлж байгаа үнэн” гээд хэлчих хүн олдсонгүй. Чин үнэндээ Гантөмөрийн зургаас л их юм алга. Тэгэхээр энэ бол зүгээр л Л.Гантөмөрийн ээлжит шоу, сохроор хуулбарласан үг төдий зүйл байх нь ээ.