Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

76 мандатын 48-ыг хөдөө орон нутагт, 28-ыг нийслэлд хуваарилсан бөгөөд Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгууд тус бүр 1, Дорнод, Завхан, Өмнөговь аймгууд тус бүр 2, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгууд тус бүр 3 мандаттай. Харин нийслэлийн тойргуудын тухайд Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж мандатын тоог 1-ээр нэмж 4 болгох, Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээх, Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээхээр болов. Нийслэлийн Баянгол дүүргийн сонгуулийн тойрог 4 мандаттай, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр 6 мандаттай байхаар болж байгаа юм. Мөн Завхан, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн сонгуулийн тойргуудын нутаг дэвсгэрийн хуваарилалтад зарим өөрчлөлт оруулсан байна.