Энэ сарын 18 буюу өнгөрөгч бямба гаригт Украйны хил дээр Монгол Улсын дипломат паспорттой хоёр хүн саатуулагдсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тэд "Монгол Улсын дипломат паспорт, дипломат ачааг саадгүй нэвтрүүлэхийг хүссэн” Москвa дахь Монгол Улсын Элчин сайдын яамны албан бичигтэй ачаа тээвэрлэж явжээ.

Гэвч Украйны хилийн албанд "хууль бус ачаа тээвэрлэж яваа” гэсэн мэдээлэл ирсэн байна. Энэ дагуу шалгалт хийхэд найман хайрцаг бүхий тамхи илэрчээ. Гэхдээ хайрцаг бүрийн дээр "энэ сарын 29-ний өдөр Монгол Улсын Их хурлын сонгуулийн ажлын материал, техник хэрэгсэл” гэсэн тэмдэглэгээ байсан байна.

 

Ачаанд нийтдээ 29145 пачек /боодол/ Украйны үйлдвэрийн тамхи байсныг хилийн албаныхан хураан авч, Монгол Улсын дипломат паспорттой хоёр хүнд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай мэдээлж байна. Эндээс дипломат паспорттой иргэд хууль бус бараа тээвэрлэдэг, наймаалдаг байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна.

 

Монгол Улсын хилээр "дипломат ачааг саадгүй нэвтрүүлэх” гэсэ тамга тэмдэгтэй бол шууд л нэвтэрнэ. Мөн сонгуульд ашиглах баримт бичиг, техник гэвэл тухайн ачаанд саад учрахгүй. Гэтэл үнэндээ хууль бус бараа бүтээгдэхүүнийг ингэж өнгөлөн далдалж оруулдаг байж болзошгүй байна. Дан тамхи гэлтгүй хар тамхи, мансууруулах төрлийн бодис ч энэ хэлбэрээр орж ирдэг, Монгол Улсыг дайран өнгөрдөг байхыг үгүйсгэхгүй.

 

 

Ямартай ч Украйны хилийн албанд мэдээлэл ирсний дагуу шалгалт хийж. Хэрвээ мэдээлэл ирээгүй бол "дипломат” гэдэг үгээр халхавчлан 29145 пачек тамхи Монголын хилийг давах байж. Тэгэхээр Монголын хилчид Украйнаас дутахгүй сонир сэрэмжтэй байхын тулд дипломат паспорттой болгоныг, мөн "сонгууль" гэсэн бичигтэй ачаа болгоныг нэгжиж, шалгаж байя.