"Өргөө" кинотеатраас сар бүр IMAX лекцийг зохион байгуулдаг. Энэ сарын хүндэт зочноор "Яг түүн шиг" шоуны шилдэг оролцогч, авьяаслаг залуу Сэргэлэнгийн Гантогоо оролцох юм.

С.Гантогоо нь хичээнгүй, хөдөлмөрч, тууштай зан чанарын үр дүнд амжилтад хүрч, БНСУ-ын "Оддын хаан", манай улсын "Яг түүн шиг" шоуны шилдэг оролцогч болж, олон хүний талархлыг хүлээж, улсынхаа нэрийг гаргасан уран бүтээлч юм. Тэрээр "Мөрөөдлийнхөө төлөө тууштай бай" сэдвээр энэ сарын 20-ны өдөр IMAX кинотеатрт лекц тавих юм.

"Өргөө" кинотеатр нийгмийн хариуцлагын хүрээнд залуусын уулзахыг, лекцийг нь сонсохыг хүссэн сэдвээр, тухайн зочныг өөрийн urgoo.mn сайтаар дамжуулан санал хурааж, хамгийн их санал авсан алдартнаар лекц уншуулдаг уламжлалтай юм.

IMAX кинотеатрт өмнөх саруудад Монгол Улсын Ерөнхий Сайд асан Д.Бямбасүрэн, "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг санаачлагч, хөтлөгч П.Анужин, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Судлаач, орчуулагч Л.Саруултөгс, "Шинэ Монгол" эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галдбадрах зэрэг манай улсын салбар бүрийн манлайлагчид оролцож байсан юм.