Беларусийн нийслэл Минск хотноо энэ сарын 19-22-ны хооронд бүстэй барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ. Тэгвэл энэхүү тэмцээнд Монголын бүстэй барилдааны холбооны тамирчид амжилттай оролцсон юм.

Тодруулбал, “Женко” клубийн тамирчин ОУХМ Болдпүрэвийн Сугаржаргал эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд түрүүлж алтан медаль хүртжээ.

Тэрбээр энэ онд оролцсон ихэнх тэмцээнээсээ медаль аваад байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын Казаньд болсон дэлхийн оюутны Универсиад их наадмаас алт, хүрэл медаль хүртэж анхны хос медальтан болсон бол энэ удаа дэлхийн аварга цолыг нэмлээ.

Манай улсын тамирчин Б.Сугаржаргал маргааш өглөө эх орондоо ирнэ.

Х.Даваа