Хувьсгалын улаан хамгаалагч гэж үг байдаг даа. Тэр нь хувьсгалын үйл хэргийн төлөө төр засаг бүү хэл төрсөн аав, ээжээ ч цааш нь харуулахаас сийхгүй нөхдүүдийг хэлдэг. Гарт нь сумтай буу бариулчихвал бүр баллана. Гэтэл өнөө цагт ч тийм улаан хамгаалагчид байдаг аж. Өчигдөр үдээс хойш манай бараг бүх сайт, твиттер, фэйсбүүкээр Женког барих нь гэж бөөн юм боллоо. Ийгл, С1 хоёр хамаг эфирээ зогсоож, шууд дамжуулав. Женкод Н.Энхбаяраас давуу нэг тал байгаа нь тэрний төлөө хэвлэл мэдээлэл, сошиал тэр чигээрээ “ажиллаж байна”. Тэр сайн бэлджээ.

Баривчлагдахгүй гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж байсан ч дархан эрхээ далдалчихаад, яг л баривчлагдах гэж байгаа юм шиг сүр дуулианыг тарьж чадав. Мэдээж улстөр, хэвлэл мэдээлэл, бизнесийн аалзын торыг атгасан гарт улсын төсвөөс 200 сая доллар буюу 400.000.000.000 төгрөгөөр шороо овоолж, ажилладаггүй зүтгүүр УБТЗ-д шахаж, ТЭЗҮ нэрээр мөнгө угаасан нөхдүүдээ Америкийн иргэн болгоод зугатаалгачихаад, ардын баатар болж жүжиглэх ч амархан аж.

200 сая доллар гэдэг нөгөө яриад байдаг задгай шар Алтанхуягийн олж ирсэн аймшигтай их өр болох 1.5 тэрбум долларын 15% нь. Тэр их мөнгөөр хичнээн сургууль, цэцэрлэг барьж болох вэ? Та бүхэн бодоод үзээрэй. За тэр бүхнийг орхиод Женкогийн улаан хамгаалагчдын тухай бичье. Бид хэвлэлийнхэн үдээс хойш очсон бас тэнд байсан, өөрийн нүдээр харж, чихээр сонссоноо л бичье.

Улаан хамгаалагчдаас “Монос” Л.Эрдэнэчимэг, “Битон” Ганбат хоёр аль өглөө өрөөнд нь хамт байсан гэдгийг хэлж байсан. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат бол улаан хамгаалагч нь гэдгээ Х.Баттулгын туслахыг саатуулах үед л нотлон харуулсан. 10-аад хүүхэд эхтэйгээ шоронд хоригдож байхад дуугардаггүй мөртлөө Х.Баттулгын туслахыг хоригдоход гэнэт хууль зөрчигдөж байгааг болон Хууль зүйн байнгын хорооны дарга гэдгээ санаж, ажлын хэсэг байгуулна гэж дүвчигнэсэн.

Л.Эрдэнэчимэг гэдэг бас нэг улаан хамгаалагч. Моносын буруугаас болж, тухайн үед дөнгөж төрсөн дөрөв хоногтойгоос гурван сар хүртэлх 16 хүүхэд Фенобарбитал гэх эмэнд хордсон байдаг. Харин эмийг үйлдвэрлэгч компанийн эзэн нь биш олгосон эмийн санч нар нь л буруутгагдаад буй. Түүний сонгогдсон тойрогт нь 4-хөн настай хүүхэд гэгээн цагаан өдөр хашаанд нь үсрээд ороод ирсэн зодоонч нохойнд идүүлж тарчилж үхэж байхад ганхийгээгүй мөртлөө Х.Баттулгын туслахын төлөө бол хамгийн түрүүн хаа сайгүй гүйж улаан хамгаалагч гэдгээ батлав.

2008 оны 7/1-ний үймээний үеэр айлын пинд нуугдаж байсан Ж.Батзандан "Цагдаагийн баривчилгаа хэрээс хэтэрч байна. Надад хууль бусаар мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна гэсэн мэдээлэл утсаар ирлээ. Аливаа мөрдөн байцаалтын ажиллагаа хууль ёсны хүрээнд явах ёстой. Би мөрдөн байцаах ажиллагаатай танилцах гэж ирлээ" гэсээр орлоо. Одоо та минь ямар нэг хэрэг төвөгт шалгагдвал Ж.Батзандан руу залгаад хэлчихэж байгаарай. Тэр утсаар мэдээлэл авч ирж танилцдаг юм байна.

Өчигдөр Баянгол зочид бууудлын гадна Н.Энхбаяртай холбоотой хамгийн гол нь Ц.Элбэгдоржтой холбоотой үгнүүдтэй хэсэгтэй бичлэгнүүдээ маш том бүлэглэлд алдчихдаг "Херо"-гийн Б.Баатар ирсэн байв. Тэр буудлын албан тасалгаа руу өөрийн юм шиг явж дотогш орчихоод, бүх хүмүүсийг газарт хэвтүүлчихсэн байна. 500 гаруй цагдаагийн албан хаагчийг хүч нэмэгдүүлэхээр нааш ирүүлж байна гэж нэмж цуурсан. Харин 17 чингэлэг спиртын хэргийг нь дааж шоронд орж байсан мөнгөөр Баттулгын тухай ном бичсэн зохиолч Төрмөнх харагдсангүй.

Ихэвчлэн хүүхэн “юу яадаг” М.Зоригт ирлээ. Зөвлөхөөрөө насанд хүрсэн эсэх нь мэдэгдэхгүй охин ажиллуулдаг гэж шуугиулсан, тэрнийхээ зургийг янз бүрээр авч тавьдаг тухай нь бас л цахимаар шуугидаг мань эр “Би юу ч мэдэхгүй орж байгаад юм хэлье” гэсээр биднээс зугатлаа. Түүнтэй хамт УИХ-ын даргын орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа ирж, дотогш нэвтрэх гэсэн боловч цагдаагийнхан оруулсангүй болохоор хүний эрх, гишүүний эрх хоёрыг хольж хутгаад, дээр нь Эрх чөлөөний талбай дээр хэлж чадаагүй үгс нь ундрав бололтой, Баянголын гадаа мөн ч их юм ярьсан даа.

Үүний дараа өчигдөрхөн “Би АН-ыг хагаралдаж байна гэж ойлгохгүй байгаа. Энэ нь магадгүй үнэмшилгүй сонсогдох байх.” гэж сонин юм ярьсан, АН-ын генсекийн үүрэг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр ирлээ. СХД-т хэдэн ч удаа дэвшээд, ганц ч удаа гарч үзээгүй хүнээр генсекээ хийлгүүлж төвдөхгүй болохоор одоо хүртэл журмын нөхөд нь үүрэг түр орлон гүйцэтгэгчээр байлгаад байгаагийн цаад учир нь Х.Баттулгатай нь холбоотой байж магад.

За тэгсэн 2012 онд Н.Энхбаярыг баривчлагдахад гүйж очин камерын өмнө баахан холхичихоод, тусгайгийнхан ороход 00-ын өрөөнд ороод түгжсэн гэгддэг сумогийн Дагваа аварга хөлсөө урсган ирж, юу болж байнаа гишүүний бүрэн эрх энэ тэр гэж бас л камерын өмнө баахан жүжиглэв. Нэг жоохон сэтгүүлч охин, Эрдэнэбат гэдэг хүн таньд болон таны найз хятадад 10 сая доллар луйвардуулсан гээд байгаа үнэн үү гэж асуухыг сонсоогүй царай гарган, та минь ээ энэ чинь юу болж байнаа, ийм том луйвар зохион байгуулалттай хэрэг болж байна. Гишүүний бүрэн эрх энэ тэр байгаа биз дээ, намайг ч оруулахгүй биз дээ гэсээр цааш алга болов. Өмнөхөн нь зам гэж там гэдэг үгийн амьд үлгэр болсон Б.Гарамгайбаатар орох уу байх уу, ирсэн нь зөвдөв үү буруудав уу гэсэн царайтай ирсэн. Нэг л ацан шалаанд орсон хүн шиг.

Намаасаа “уравсан” Г.Уянга бас ирсэн. Хүүхэдтэй хүүхнийг хорилоо гэж орилоод ардын хүүхдийг алаг үздэг нэр зүүсэндээ хаширсан бололтой би мэдэхгүй одоо ирж байна гээд, сүүлдээ маниусыг бараг зад загнаад дотогш оров. Өөрөө сэтгүүлч байж юундаа уурласан юм бол бүү мэд.

Эдгээр улаан хамгаалагчдаас гадна бөхчүүд нилээн олуулаа цугласан. Зарим нь машин дотроосоо бууж ирэхгүй байдлыг ажиглаж байна лээ. Тэнд нэг хэсэг нөхөр бослогод уриалж байна. Хэсэг турхираад хүмүүсээс жоохон цаашласхийснээ, одоо дахиад хэвлэлийнхэн цуглахаар хэдүүлээ сайн орилно шүү. Баянхонгорынхоон бидний хайртай гишүүнийг баривчлах гэж байна, энд бүгдээрээ ирцгээ гэж та камерын өмнө сайн орилоорой гэж нэг настайвтар эмэгтэйд спорт курткатай махлаг залуу үүрэг өгтөл, нөгөө ээмэгтэй нь би түрүүн зөндөө орилсон хоолой хатаад байна гэх юм. Тусгайгийнхан АТГ, ЦЕГ-ын ажлын хэсгийн мөрдөгчдөө дагаж очсон нь ч зөв юм билээ. Юун орох. Сүүлдээ тэдгээр улаан хамгаалагчид нь цагдаа нарыг гаргахгүй эрийн муу цагдаа, хөлсний амьтад гэж хараагаад бөөн юм боллоо. Эрийн муу цагдаа юм бол тэгээд эрийн сайн нь гэмт хэрэгтэн юм уу гэж нэг цагдаа залуу тэссэнгүй уурлаад, даргадаа ардаасаа нудруулж загнуулаад явж одсон.

Хууль хяналтын байгууллага ажлаа хийж, шалгалт явуулах гэхээр хэвлэлээр худлаа шуугиж бүр хууль тогтоодог улаан хамгаалагчид нь, энд тэндхийн алдар цуутангууд ирж тойрон хүрээлж, улайм цайм хуулийн өөдөөс нулимдаг ийм улс орон гэж байх хэрэг байгаа ч юм уу, үгүй юм уу?!

Ингэж байхаар энэ улстөрч боссуудыг зүгээр дархалчихвал зөв юм биш үү? 9 удаагийн ял шийтгэлээс мулталсугай гээд зарлачих. Тэр муу төмөр замын 200 сая доллар идэх юу юм бэ? Харин ардууд нь сурах сургууль, хэвтэх эмнэлэг, хүүхдээ явуулах цэцэрлэггүй талх, тариа хулгайлж баригдаад, тэдэнд л цагдаа, АТГ эр бяраа үзүүлээд барьж хориод, ял өгч байг. Нэмээд дарга нарт, алдартай хүмүүст бүү хүр гэсэн пайзтай машин унуулчих. Автобус явж байгаа нэгдүгээр эгнээг тэдэнд зориулж хашиж засаад, боссуудыг тусад нь явуулдаг болгочих.