Жил бүр 50 тэрбумаас дээш цэвэр ашигтай ажилладаг ганцхан байгууллага Монголд байдаг нь Хаан банк. Өөр ийм том ашиг хийдэг газар Монголын хаанаас ч олохгүй.

Нэг ч байшин барьдаггүй, нэг ч хадаас үйлдвэрлэдэггүй хэрнээ ганц монополь газар юм. Хаан банкны зээл, зээлийн хүү хэрхэн бодогддог, Хаан банк иргэдээс хэрхэн мөнгө хүүлдэг тоон баримтуудыг та бүхэн захын мэдээллийн хэрэгслийн сайт руу ороход ойлгомжтой харагдана. Энэ удаад энэхүү сэдвийг дахин давтахыг хүссэнгүй. Харин тус банк Монголын Шүүх засаглалыг хэрхэн базсан байж болох, тэднийг хэрхэн харцаараа хөдөлгөж чадахыг анхааруулахыг зорив. Шүүхийн шинэчлэл, Шүүх засаглалыг авлигаас аврахын төлөө төр засаггүй, ард иргэдгүй дуугарч байгаа цаг үе учраас бичиж байна.

Хаан банк нь зээлийн торгуулийн хүүг хуульд зааснаас өөрөөр, илүү бодож авч байснаас болж, төлөх ёсгүй их хэмжээний мөнгөн дүнгээр хохирсноо мэдсэн аж ахуйн нэгжүүд цөөнгүй гарч ирлээ. Тэд бүгдээр баялаг бүтээгчид, ажлын байр бий болгогчид, татвар төлөгчид, үйл ажиллагаа нь доголдвол ард нь дор хаяж 300 өрхийн амьдрал ахуй доголдох тийм компаниуд юм. Тэдгээр аж ахуйн нэгжүүдийн зарим нь Хаан банкны хүүгийн луйврын талаар Шүүхэд хандаад 10 жилийн нүүрийг үзэж байгаа нь хачирхалтай. Тэдгээрээс нэгэн компанийг онцолъё. Тус компани нь Хаан банкны хууль бус хүүгийн бодолтоос болж хэдэн зуун сая төгрөгийн хохирол үзсэн учраас аль арван жилийн өмнө Шүүхэд ханджээ. “Хаан банк нь ийм ийм хууль зөрчиж, ингэж луйвардан хохироолоо” гэж. Энд зөвхөн Шүүхэд хандсан нэг байгууллагын жишээг дурдаж байна шүү. Тэрнээс Хаан банк нэг сая гаруй зээлдэгчтэй гэхээр 2014 оноос өмнө зээл төлж байсан хүн бүр, аж ахуйн нэгж бүр тэдний хууль бусаар нэмэгдүүлсэн хүүг илүү төлсөн болж байна. Тэр бүх иргэд, аж ахуйн нэгжүүд Хаан банкинд ингэж шулуулснаа хуулийн дагуу шийдүүлмээр байгаа ч Шүүхэд итгэхгүй байх шиг байна. Учир нь сэтгүүлч Мянганбуугийн Наранбаатарын хуульчидтай хамтран нийгэмд хүргэсэн баримтаар бол Хаан банкны зүгээс нийт 174 шүүгчид сарын нэг хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгожээ. Үүний ард ямар эрх ашиг явна вэ.

Бүр ч ноцтой нь нэг жилд Хаан банктай холбоотой нийт 34 хэргийг шийдвэрлэхдээ Шүүх дээр 100 хувь Хаан банкны талд шийдсэн байна. Энэ үзүүлэлтийг хуульчид, сэтгүүлч М.Наранбаатар нар хамтран ард түмэнд дэлгэв. Шүүх засаглал ядаж 90 хувьтай Хаан банкны талд үйлчилж болдоггүй юм уу. Энэ мэт эрээ цээргүй үйлдэл нь Хаан банк-Монголын Шүүх засаглал хэрхэн нэг хөнжилд орсон байж болох хардлагыг нийгэмд төрүүлээд уджээ. Магадгүй энэ байдал нь иргэд, аж ахуйн нэгжийг хохироосоор байх магадлалтай.

Сая дурдсан Шүүхэд хандсан компанийн хувьд бол “Сард төлөх төлбөрөө хугацаа хэтрүүлээд, гэтэл тухайн хэтрүүлсэн төлбөрөөс бус нийт зээлийн үлдэгдлээс тооцож, улмаар хүүгийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлэх бүрд Хаан банк нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь хууль бус” гэж Шүүх дээр маргаж байгаа юм байна. Цар тахлын хоёр жил, залгуулаад дайны нөхцөл, урд хөршийн хилийн хаалт, эх орноо тонон дээрэмдсэн төр дэх их хулгай зэлгий... энэ бүх хэцүү бэрхийн дундуур Монголын хэдэн үндэсний компани чинь тэсч гарах гэж, улсад татвараа төлөх гэж, хэдэн ажилчнаа цалин орлоготой байлгах гэж махаа зулгааж байгааг та бид харж байна. Ийм хүнд цаг үед Хаан банкинд нөөц боломж байсаар байтал, яагаад ингэж Шүүхтэй хавсайдсан дээрэнгүй байгаа юм бэ.

Энд Хаан банк хуулийн яг ямар зүйл заалт зөрчсөнийг нэгд нэгэнгүй хүргэе. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалт “... Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх болно”... Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дугаар зүйл. Зээлийн хүү: 24.3-т “Зээлийг авсан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө”... гэж тодорхой заажээ. Эдгээр хуулийн заалт Хаан банкны хаана нь үйлчилж байна вэ.

Шүүхэд хандсан тус компанийн гомдол, нэхэмжлэл гаргасны дараа буюу 2013 оны 12 дугаар сард Монголбанкнаас хүү бодох аргачлалыг хуулийн дагуу журмаар нэмэлт зохицуулалт хийснээр арилжааны банкны дураар аашлах дээрх үйлдэл цэгцэрч, торгуулийн хүүг хуульд зааснаас илүү тооцдог байдлыг зогсоосон байх юм. Гэвч Шүүх дээр тус маргаан өнөөдрийг хүртэл шийдэгдэлгүй явж иржээ. Үүнд хэн нөлөөлж байна вэ. Монголын Шүүх засаглал ийм тодорхой, хэнд ч ойлгогдох маргааныг бүтэн 10 жил яагаад хянан шийдвэрлэхгүй сунжруулав. Арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхтэй Монголбанк яагаад хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахгүй байна вэ. Хаан банк дураараа торгуулийн хүү тооцож, аж ахуйн нэгжийг дарамталсаар байх юм уу. Хаан банк-Шүүх-Монголбанк гэсэн гурвалсан дэд бүтэц Монголын аж ахуйн нэгжүүдийг ийнхүү дарамталж, 10 жилээр Шүүх дээр сунжруулан цаг хожиж, хүү хожиж, хохирсоор байх юм уу. Үүнийг өнөөдрөөс эхлэн зогсолтгүй сурвалжлан Монголын нийгэмд хүргэх болно. Шүүхийн анхан, дунд шатанд хоёр удаа энэхүү маргаан тус компанийн талд бүрэн шийдвэрлэгддэг, хууль ёсны дагуу тус компани ялж ирсэн байтал Шүүхийн дээд шатандаа очоод ялагддаг, ямар нэгэн урт “далд гар” үйлчилдэг, ингээд Хаанбанк ялдаг нь ямар учиртай болохыг заавал олж тогтоох цаг нэгэнт болжээ. Ер нь бол тус компани шүүхийн оргил дээр очоод нураад явчихдаг юм байна. Тус компани нь энэ оргил руу хоёр удаа тэмүүлж очоод нуржээ. Одоо гурав дахь удаагаа зүтгээд явж байна. Хаанбанк-Шүүх хоёр хувийн аж ахуйн нэгжид бяр хүчээ ингээд үзүүлээд байх биш хууль бусаар илүү суутгаж авсан төлбөрөө буцаагаад шилжүүлчихэд бүх зүйл болчих юм. Банк бол үйлчилгээний л байгууллага, банкны хувьд үйлчлүүлэгчид нэгдүгээрт байх ёстой.

Монголын нийгмийн тодорхой хэсгийн хүрээнд “Энэ улс орныг улстөрчид удирддаг гэж боддог байлаа, тэгсэн үгүй юм байна. Банкны эзэд л удирддаг юм байна шүү дээ” гэсэн яриа бий. Яг үүн шиг, одоо “Энэ улс орны Шүүх засаглалыг Шүүгчид биш, хууль бүр ч биш, харин банкны эзэн л удирддаг юм байна шүү дээ” гэж хэлэхээр болсон байна уу, үгүй юү. Худлаа байгаасай даа. Гэхдээ л үүнд ард түмний анхаарлыг хандуулах цаг болжээ. Ямартаа ч нэрийг нь дурдахаас нэг удаа татгалзсан тэрхүү компанийн Хаан банктай хийж байгаа Шүүхийн маргааныг нүд цавчилгүй харж байя. Хаан банктай холбоотой 34 хэрэг Шүүх дээр 100 хувь банкны талд шийдэгдсэн шиг үйлдэл давтагдах нь уу, хуулийн дагуу, эрүүлээр Шүүх дээр шийдвэрлэгдэх нь үү. Монголын 174 шүүгчид нь сарын нэг хувийн хүүтэй орон сууцны зээл өгчихөөд даналзаж байдаг цаг эрхбиш өнөөдөр түүх болсон байлгүй дээ...