Монголын Ирээдүй Судлал Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэмбэрэлтэй ярилцлаа.

9.Боловсролын чанарын шинэчлэлийн талаар

 

БШУЯ-аас боловсролын чанарын шинэчлэл гэх үгс сүүлийн жилүүдэд нэлээд тод сонсогдох болов?

 

Эдүгээ шинэчлэл гэж ерөнхий ярих бус чанарын шинэчлэл гэж илүү тодорхой ярьж байна. Үүний ард том агуулга байгаа. Гол нь Чанар-ыг нь шинэчлэх. Энд нэг чухал асуудал бий. Тэр нь тухайн улсын боловсролын загвар нь зүй ёсны буюу жам ёсны дагуу байгаа эсэхийг эхлээд нягтлах учиртай. Хэрвээ боловсрол нь жам ёсны зөв бүтэц бүхий загвартай байгаа бол чанарын шинэчлэл нь харьцангуй гайгүй явна. Харин зөв бус, зүй бус боловсролын загвартай Монгол мэтийн орнуудад загвараа солих асуудал эхлээд гарна. Давхар шилжилт  хийнэ гэсэн үг. Ингэж болно. Монголчууд бид хуучнаа энд тэндээс нь зүгээр аясаар нь хэсэгчлэн шинэчлэх аваас сүлдээ бүр ч дордож мэднэ. Манайхан өнгөрсөн жилүүдэд бас ч гэж “Монбол хх”-ыг сайжруулах гэж нэлээд оролдлоо. Гэтэл ажил ахидаггүй ээ. Энэ чинь нэг юм хэлээд байна. Мэдээж барууны боловсрол цаагуураа зах зээлийн горимд таарсан, зүй зохистой, зөв байдаг болохоор чанарыг нь ахиулаад байхад болох байх. Харин Монгол бол тийм биш. Боловсролын чанарын шинэчлэлийг манайд яг горим журмынх нь дагуу зөв хийх ёстой. Энэ бол эхлэл төгсгөлгүй тасралтгүй үргэлжлэх үйл явц. Төдийд эхэлсэн, төдийд дуусна гэж хэлэх арга байхгүй.

 

Энэ ажлыг чухам хаанаас нь эхлэх ёстой юм бол?

 

Юуны өмнө боловсрол гэдэгт бидний Монголчууд юуг ойлгож байгаагаа дахин эрэгцүүлэн бодож үзэл баримтлалын шинэ парадигм-загвар олох шаардлагатай. Боловсролын ойлголтоо орчин үеийн дэлхийн дэвшилтэт ойлголттой ойртуулах талаар манайд НҮБ-аас удаа дараа зөвлөсөөр байгаа юм билээ. Эс тэгвэл, өөрөөр хэлбэл бид, хуучнаараа сэтгэж бодсоор байвал яагаад ч ажил ахихгүй. Хүн шинэ ажил хийнэ гэвэл эхлээд толгой дотроо түүнийгээ төсөөлж, ургуулан бодож, шинэ баримжаа, загвартай болдог. Энэ бол зүй тогтол. Хуучирсан ойлголт, уламжлалт загвар, хоцрогдсон технологиор шинэ зам тавьж болохгүй. Үүнийг эхлээд сайтар ухааръя. Алдаагаа ухаарах нь ахиж дэвшихийн эхлэл.

 

Энэ талаар илүү дэлгэрүүлж ярина уу?

 

Боловсролын чанарын шинэчлэлийн эхний алхам нь боловсролын явцуу өнцгөөр, жижигхэн хүрээнд хардаг уламжлалт ойлголтоос татгалзахад оршино. Тодруулбал, боловсрол шинэ өргөн хандлагаар хандах.

Боловсролын гурван төрөл бий. Үүнд:

-Албан боловсрол (заавал эзэмших буюу хатуу албадах)

-Албан бус боловсрол (заавал бус шинжтэй, хичээлээс гадуурх курс, дугуйлан, клубээр, хагас зохион байгуулалттай, албан боловсролоо дэмжих чигтэй, гэхдээ албадах нь харьцангуй бага)

-Албадлагагүй боловсрох (Албадлагагүй, насан туршдаа, амьдрал орчноосоо суралцах, өөрөө өөрийгөө боловсруулах)

 

Одоо бид боловсролын энэ гурван төрлийг хамтад нь нэг багц гэж өргөн утгаар ойлгох ёстой. Харамсалтай нь, эдүгээ хүртэл Монголд боловсролыг гагц албан ёсны хүрээгээр хязгаарлаж ойлгодог хуучирсан аргачлал ноёрхсоор байна. Нийгмийн хөгжил доогуур байх үед улс орон бүх найдлагаа албан боловсролд тавьдаг. Гэтэл Монголын нийгэм эдүгээ нэлээд нарийн нийлмэл болсон. Олон анги, давхарга үүслээ, ашиг сонирхлын олон бүлгүүдтэй болов. Тэдгээрт тохирсон хариу үйлдэл үзүүлж, хэрэгцээг нь хангадаг олон янз сургалтууд буй болжээ. Их төлбөртэй хувийн ЕБС, богино хугацаанд өндөр үр нөлөө өгдөг сургалт, дамжаанууд бол үүний нэг илрэл нь. Ийнхүү манай одоогийн нийгэмд орчин үеийн нийгмийн шижүүд бүрдээд байна. Бас дээр нь даяарчлал хүчтэй нөлөөллөө.

 

Албан боловсрол нь масс, олон түмэндээ таардаг. Одоо хөгжил доогуур байсан өмнөх үеийнхээ сэтгэлгээгээр боловсролд хандаж яавч болохгүй. Дээрх гурван төрлөөс хамгийн ирээдүйтэй нь албадлагагүй буюу өөрийн боловсрол юм. Мэргэд өөрөө өөрийгөө л боловсруулсан байдаг юм билээ. Өөрийн боловсролыг өмнөө барихгүй бол суралцахуйд сурахгүй, сургахгүй билээ. Суралцахуйд сурахгүй сургахгүй аваас боловсрол аяндаа өөрөө дотроосоо ялзарна. Албан боловсролын үе үндсэндээ өнгөрлөө. Үүний араас албан боловсрол дээр тогтож байгаа инстүүцийн асуудал тодруулбал, БШУЯ, харьяа институтүүд, улмаар ЕБС, их сургуулиудын асуудал ч хөндөгдөнө. Байвал, нэр нь өөр үйл ажил нь бас өөр болох ёстой. Ялангуяа эхэнд нь БШУЯ, харьяа байгууллагууд нь. Нийгмийн суурь нэгэнтээ шилжиж хөдөлсөн. Ингэж шилжин хөдөлж байж оршин тогтоно. Дүгнэвээс боловсролын чанарын шинэчлэл нь оюуны хараагаа томсгож, сэтгэлгээгээ шинэчилж, ойлголтоо өргөтгөхөөс элээд учиртай ажээ. 

 

Боровсролын чанарын шинэчлэлийн зургаан зорилт гэж Та өмнө дурьдах шиг?

 

Боловсролын чанарын шинэчлэлийн хэрэгжүүллэхэд 6 зорилтыг шийддэг. Энэ бол олон улсын тогтсон жишиг. Эдгээр нь эрэмбэтэй бөгөөд дараах байдалтай.

I.Боловсролын контент буюу агуулгын шинэчлэл

II.Багш ба багшийн арга зүй, технологийн шинэчлэл

III.Хүүхдийн ахуйн орчны шинэчлэл

IV. Сургуулийн удирдлагын шинэчлэл 

V.Суралцах орчны шинэчлэл

VI.Санхүүжилт ба зохион байгуулалтын шинэчлэл

 

Боловсролын чанарын шинэчлэлийн гол ачааг эдгээрээс аль нь үүрдэг бол? Эрх биш аль нэг нь голлож, түрүүлж, бусдадаа нөлөөлдөг байх гэж бодох юм?

 

Эдгээр 6 зорилтыг ач холбогдол, үүрэг, үр нөлөөгөөр нь I-VI гэж эрэмбэлсэн. Хэрэгжүүлэхэд хялбар бөгөөд тэр хэмжээгээрээ үр нөлөө сул нь сүүлчийн хоёр нь болох V ба VI нь. Өнгөрсөн 30 жилд манай засаг төр энэ сүүлчийнх нь болох “Суралцах орчны шинэчлэл”, “Санхүүжилт ба зохион байгуулалтын шинэчлэл” гэсэн хоёрыг л ярьсан. Араас нь, аль амар хялбараар нь барж авсан. Тэгэхээр үр нөлөө бага болно. 

 

Боловсролын чанарын шинэчлэлийн гол ачааг эдгээрээс контентын шинэчлэл үүрнэ. Тийм ч учраас эхэнд нь барьж авна. Контентын шинэчлэлийн бусад нь урган гарна.

 

 

Боловсролын контентыг шинэчлэх хэцүү юу?

 

Хэцүү хэцүү. Энэ чинь хэнд юуг сурах, хэн хянах, үнэлэх тухай асуудал, энэ чинь боловсролын гол цөм асуудал. Контенын шинэчлэл гэхээр хүнтэй болон бүтэцтэй холбоотой хоёр бэрхшээл үүсдэг. Тэр нь манай боловсролынхон, ялангуяа, сурах бичиг бичиж амьдардаг бүлэглэл, багш бэлтгэдэг бүлэглэл, боловсролын бодлого боловсруулдаг бүлэглэл гэхчлэн хэсэг бүлэг хүмүүсийн өмнөх жилүүдэд хийсэн бүх ажил хөдөлж, хөндөгдөхтэй холбогдоод ирнэ. Ингэхлээр бараг бүх шатандаа эсэргүүцэлтэй тулгарна гэсэн үг. Нэг хэцүү нь энд бий. Нөгөөх хэцүү нь контентын агуулгад буй.

 

Манай боловсролын контент энэ цаг үетэйгээ хэр нийцэлтэй байх юм?

 

Манай одоогийн ЕБС-ийн төдийгүй их сургуулиудын контент нь явцуу, хоцрогдсон, тэгсэн атлаа хэт олон, зүгээр л өнгөц шүргэх төдий баахан мэдээгээр хахсан хичээл, лекц байдаг. Цааш суралцагч өөрийн сонирхлоор ахих, өргөтгөж гүнзгийрэх боломжгүй. Тийм хатуу, уян биш, хөшүүн контент нь мөн тийм хатуу, уян биш мэдрэмжгүй хүнийг буй болгодог. Манайхан (дээд боловсролтой бүх хүмүүс) юм, юмны захтай атлаа том, том ярьдаг, яг тодорхой мэддэггүй. Тэгсэн атлаа тодорхой санаа оноо хэлээч гэхээр зугтчихдаг, нэг бодлын том ч юм шиг нөгөө бодлын жижигхэн ч юм шиг болсон нь боловсролын уламжлалт контентоос эхтэй юм. Хатуу контент хатуу, хөшүүн хүнийг төлөвшүүлдгийн жишээ энэ. Манай эрдэмтэд сүүлийн үед залуусын зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөх болсны ард ийм угшил байгаа юм. 

 

Та тэгээд Монгол улсын тухайд бүх шатны сургуулиудын сургалтын хөтөлбөр энэ цаг үеийн шаардлагад нийцэхгүй болсон гэж үзэж байгаа юм уу?

 

Тийм ээ, зөвхөн би биш, сурагчид, цахим Z хүүхдүүд, тэдний эцэг эхчүүд  ингэж хэлж, өөрчил гэж шаардаж байгаа шүү. Ирээдүй үеийнхээ дуу хоолойг сонсохсон. Одоогийн ЕБС-ийн куррикулум бол өнгөрсөн XX зууных. Тэгвэл өнөөдөр XXI зуун. Энд бүтэн 100 жилийн ялгаа байна. Шинэ зорилтыг хуучин арга зүй, аргачлалаар бүтээж болдоггүй юм. Энэ бол зарчим. Тэгэхлээр, хуучин арга зүйгээ орхиж байж л урагшилна. Одоогийн мөрдөж буй ЕБС-ийн контент, куррикулумыг сууриар нь өөрчлөх ёстой. Бид XXI зуунд амьдарч байгаагаа мэдмээр байна. Бас XXI зууны шинэ үеийг XX зууны хуучирч хоцрогдсон агуулга, арга зүйгээр боловсруулж огтоос болохгүй гэдгээ ухаармаар байна. Үүнийг ухаарахгүй, хуучнаараа зүтгүүлээд байгаа нь ёстой том гэмт хэрэг болой. 

 

Тэгвэл боловсролын контент буюу агуулгын шинэчлэлийг тойрох арга чарга бий юу? 

 

Ямар ч арга чарга байхгүй. УИХ-ын гишүүдийн арыг даадаг лам, Бөөгийн сүрэг яаж ч хамтраад чадахгүй. Контент-куррикулумын шинэчлэл нь манай уламжлалт боловсролын суурь үзэл баримтлал, үндсэн парадигмийг доргиож, түүний ан цавыг улам задлан нураах нь илэрхий юм. Үүнээс боловсролынхон бараг бүгдээрээ айж буй. ЕБС төдийгүй их сургуулиудын хичээлийн контент ихэд өөрчлөгдөх ёстой болоод байна. Интернетийн сүлжээ нь контентыг бүр мөсөн өөрчиллөө. Боловсролын контент тун өөр болчихлоо шүү дээ, эдүгээ энэ дэлхий дээр. Интернетийн сүлжээ рүү өнгийгөөд нэг харчихад л ойлгомжтой болчихно. Контентын шинэчлэлээс эрдэмтэд, багш нар, эцэг эхчүүд дөлж байхад огтоос айхгүй байгаа төдийгүй ихээр хүсэмжилж байгаа нь сурагч, багачууд. Тэр тусам бага ангийнхан.

 

Боловсролын контентыг шинэчлэхээр сургалтын технологи өөрчлөгдөх үү?

 

Монголын болвсролд олон арван жил хэрэглэсэн одоо хүртэл ноёрхсоор байгаа мэдээ цээжлэх технологийг орчин үед үндсэндээ хэрэглэхгүй боллоо. Харин ч хоригложээ. Тэр ч бүү хэл үржүүлэхийн хүрдийг цээжилсний хэрэг бараг гарахгүй болчихлоо. Одоо 27-г 39-р үржүүлэх гээд үзэг цаас барьж суух хүн ер нь таарах болов уу? Манай ахмад үеийхэн, багш нар, та бид гээд бараг бүх хүн цээжлэх сургалтын золиос болсон. Цээжлэх нь их энгийн, хялбар, маш болих технологи. Тийм учраас эцсийн үр нөлөө багатай. Хоосон хөндий цээжлэх тун осолтой.

 

Цээжлэгчид өөрсдийгөө их мэддэг гэж боддог. Тэгж өөрт нь санагддаг байна. Гэтэл тэд үнэндээ бараг мэддэггүй, ерөөсөө чаддаггүй байдаг.

 

Жишээ нь: БНАСАУ-ын боловсрол цээжлэх технологитой. Тэнд сурах бичиг, багшийн үгийг хууль болгож цээжилдэг. Тус улсаас БНСУ-д оргож ирсэн хүмүүсийн өмнө тулгардаг хамгийн том бэрхшээл нь тэдний боловсрол нь байдаг аж. БНАСАУ-ын иргэд ерөөсөө өөрсдөө сэтгэн боддоггүй, шинийг санаачилдаггүй, зүгээр л дээрээс ирэх даалгаврыг хүлээгээд сууж байдаг, маш идэвхгүй, унхиагүй нэгэн болсон ажээ. Энд БНАСАУ гэдгийг БНМАУ гээд сольчиход болохгүй гэх газаргүй. Монголын тухайд тийм хоосон цээжилдэг хүмүүс өндөр алба хаших болсноор манай хөгжлийг арагш нь чаргуудаж байгаа. Цээжлэх технологиос салъя гэвэл одоогийн боловсролын контентоо өөрчлөх ёстой. Энэ чинь их олон юмыг хөдөлгөж, эвдэнэ гэсэн үг. Юуны өмнө сургалтын технологи өөрчлөгдөнө. Энэ тун амаргүй ажил. Учир гэвэл, хүмүүс хуучнаасаа салах ёстой гэж хэлэх боловч тэр бүр салдаггүй юм. Боол гинжиндээ дуртай бөгөөд түүндээ сүрхий дассан байдаг гэдэг. Өөрт нь амар байна л даа, боолд. Манай төр цээжлэх технологийг өөгшүүлсэн хэвээрээ байгаа. Энэ төр ёстой мунхаг болжихуй. 

 

Контентыг шинэчлэх хэцүү учраас БШУЯ барьж авахгүй дөлөөд байгаа байх нь ээ?

 

Контентыг шинэчлэх хэцүү гээд төр нь айгаад, арагшаа цахадвал тэгээд хэн урагшаа зүтгэх ёстой гэж? Түүнийг хэцүү гээд барьж авахгүй дөлөөд байхаар улам л хоцрогдоод байдаг ажээ. Бид харлаа, хүлээлээ, одоо иргэд үндсэндээ цөхөрч байна. Манай төр төр биш байгаагийн шинж энэ  шүү дээ. Контентын шинэчлэлийг албан тушаал зэрэг дэв, цол хэргэм хөөцөлдөгчид хийж болохгүй ээ. Хоцрогдсон нөхдийн толгойноос хоцрогдсон контент гарвал аюул болно. Контентыг шинэчлэх нь оюуны их хүч шаардана. БШУЯ тендер зарлууштай. Тэгвэл би хэдэн гайгүй өндөр IQ-тай залуусаа дагуулаад очмоор байна. Өрсөлдөөд үзье л дээ. БШУЯ энэ мэтээр шинээр сэтгээд, дорвитой хөдөлмөөр байх юм. Одоо харзнаж, хүлээзнэх цаг биш, эрсдэл үүрээд урагш зүтгэх цаг. Одоо энэ ажлыг эхлүүлэх цаг нь болчихоод байна. 

 

Боловсролын контент гэх үү, боловсролын агуулга гэх үү?

 

Контентыг дан агуулга гэх нь нэлээд явцуу болно. Иймд кириллээр контент л гэе. Одоо ч хүмүүс, голдуу сэтгүүлч та нар контент гэж ярьсаар, бид түүнд нь бараг дасаж байх шив. Боловсролын контент гэхийн оронд боловсролын куррикулум гэвэл арай том болно. Иймд боловсролын куррикулумын шинэчлэл гэвэл онох юм. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд куррикулумын шинэчлэл гэж тасралтгүй ярьж, ажиллаж байхад манайд л таг. Монголын бүх шатны боловсролын куррикулум ерөөсөө болохгүй болжээ гэдгийг бараг хүн бүр мэдрээд, шүүмжлээд, уурлаад байгаа нь хамгаас чухал дохио.