Сонгууль болох өдрүүд тун ойртож байна. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байгаа билээ. Гэвч хууль бус сурталчилгаа эхэлсэн гэх гомдол СЕХ-нд ихээр ирэх болжээ.

 СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир: Сонгуулийн  хороо ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулаад явж байна. Бид нэр дэвших нам, эвслээ бүртгэн аваад байна. 23 нам, 2 эвсэл өнөөдрийн байдлаар бүртгэгдээд явж байна. 330 сумамнд сонгуулийн хороо байгуулагдсан. Аймаг болон нийслэлд мөн сонгуулийн хороо байгуулагдсан. 2196 хэсэг байгуулагдах бэлтгэл ажил явагдаж байна. 5 дугаар сарын 14 гэхэд бүх хэсгүүд байгуулагдах болно.

Сонгуулийн гол ажлуудын бэлтгэл хангагдаж байна. Өчигдөр СЕХ-ны хуралдаанаар саналын хуусдын загварын баталсан. Ирэх 7 хоногоос нэр дэвшигчид маань тодорхой болно. Өнөөдрийн байдлаар 77 нэр дэвшигч бүртгүүлсэн. Бид эдгээр нэр дэвшигчдэдээ зориулан 5 дахь өдөр сургалт зохион байгуулан сонгуулийн үйл ажиллагаанд хэрхэн оролцох тал дээр сургалт явуулна. Нэр дэвшигчид маань энэ сарын 14-21-ны хооронд тодорхой болно. 

Ард иргэдийн зүгээс нэр дэвшигчдийн хууль бус сурталчилгаа газар авч байгаа тухай гомдол ирүүлсэн. Үүн дээр СЕХ ямар арга хэмжээ авч байгаа талаар мөн асуусан. Бмд энэ хүрээнд мэдэгдэл гаргасан. Нэр дэвшигчид хууль бус сурталчилгаа хийвэл ямар хариуцлага тооцохоо мэдээлсэн. Энэ хүрээнд ЦЕГ-тай хамтран ажиллаж байгаа. Хэрвээ горилогч нар, нам эвслүүд хууль бус сурталчилгаа явуулах юм бол бүртгэхээс татгалзах, бүртгэгдсний дараа хууль бус сурталчилгаа хийсэн нь тогтоогдсон тохиолдолд бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авна. Хууль зөрчсөн хүмүүст хатуу арга хэмжээ авна. 

Энэхүү хууль бус үйл ажиллагаан дээр хамтдаа шүгэл үлээх хэрэгтэй байна. 

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа Баруун бүсийн хөгжлийн төвийн дарга гэдэг статустай. Тэгэхээр Баруун бүсийн хөгжлийн төвийн дарга өөр аймагт Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулж болох эсэхийг хуульд юу гэж заасныг яг одоогоор мэдэхгүй байна. Харин УИХ, Засгийн газрын гишүүн асан Н.Цэрэнбат Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулаад явж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн.

Мөн СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "СЕХ-ны хуралдаанаар саналын хуудасны загварыг батлаад байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар иргэд анх удаа мажоритар, пропорционал хоёр тогтолцоогоор 126 гишүүн сонгох гэж байгаа нь хамгийн чухал өөрчлөлт. Тиймээс саналын хуудсыг сонгогчдод ойлгомжтой байх талаас нь нэлээд анхаарсан. Энэ хүрээнд сонгуульд оролцож бүх талаас нээлттэй санал авсан. 

Ингээд саналын хуудас нь хуульд зааснаар хоёр хэсэгтэй байна. Өөрөөр хэлбэл, 48 гишүүнийг сонгох пропорционал системээр сонгох хэсэг, нөгөө нь 78 гишүүнийг сонгох мажоритар тогтолцооны хэсэг гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Энэ бүх мэдээллийг иргэдэд хүргэхийн тулд СЕХ-ноос хэвлэлийн хурал хийгээд байхаас илүү гудамжинд гарч, сонгогчдод хүрч ажиллана. Жишээ нь, бид номын баярт оролцож, сонгогчийн боловсрол олгох, саналын хуудас ямар байх талаар мэдээлэл түгээнэ. 

Саналын хуудаст намуудыг нэрсийн дараалал, нэр дэвшигчийн нэр ямар дарааллаар, яаж бичигдэх вэ гэдгийг хуульд тодорхой заасан байдаг. Саналын хуудсыг энэ дагуу баталсан. Саналын хуудас тусгай нууцлалтай, үнэт цаас. Нам, эвслүүдийн нэр Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа бичигдэнэ. Намаас нэр дэвшиж байгаа хүмүүсийн хувьд тухайн нам нь нэрсийн дарааллаа СЕХ-нд ирүүлдэг. Жишээ нь, 10 мандаттай тойрогт нэр дэвшигчдийн хэнийх нь нэр хамгийн эхэнд байх вэ гэдгийг тухайн нам шийддэг" гэлээ. 

СЕХ-ноос баталсан УИХ-ын сонгуулийн саналын хуудасны загвартай танилц:

зураг

 

зураг

 

Хамгийн олон буюу 10 мандаттай тойргийн саналын хуудсыг төхөөрөмжид уншуулахад 27 секунд зарцуулж байгаа бол нам эвслийг дугуйлах хэсгийг төхөөрөмжид уншуулахад 11 секунд болж байгааг СЕХ-ноос мэдээллээ. Өөрөөр хэлбэл, хоёр саналын хуудсыг уншуулахад нийт 38 секунд шаардагдах аж.

10 мандаттай тойргийн саналын хуудас 38 инч буюу 78.7 см урттай байх юм байна. Энэ нь сонгуулийн саналын хуудасны хамгийн урт хэмжээ гэсэн үг. 

Харин сонгогч санал өгөх байранд орсноос хойш санал өгөөд гарах хүртэл ойролцоогоор гурван минут зарцуулна гэж тооцоолжээ. 

 

Холбоотой мэдээлэл:

Сонгууль-2024: 76 биш 126 болох тэмцлээ 17 хоногт багтаана

Сонгууль-2024: Мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлсэн нам, эвсэлүүдтэй танилц

Сонгууль-2024: 78 гишүүнийг 13 тойргоос хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно

Сонгууль-2024: Сонгогчдын нэрийн жагсаалтаас мэдэж байх ёстой мэдээлэлтэй танилц

Сонгууль-2024: Төсөв хоёр дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг хоёр тусдаа байхаар хуульд оруулжээ

Сонгууль-2024: МАН-аас сонгуульд горилогч "танил" биш эмэгтэйчүүдтэй "танилц"