Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль уг нь энэ сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх байв. Гэвч энэ хуулийн төслийг Засгийн газраас эргүүлэн татсан. Татсан учрыг Засгийн газраас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон дагалдах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан 2015 оны дөрөвдүгээр сарын 15-нд УИХ-д өргөн барьсан. УИХ уг төслийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төсөл санаачлагчдад нь буцаахаар шийдвэрлэсэн юм. Иймд Засгийн газар төсөл санаачлагчтай нь зөвшилцсөний үндсэн дээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг дахин боловсруулж, төслийг Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгаж УИХ-д яаралтай өргөн барина” гэж тайлбарласан.

Харин Ерөнхийлөгч үүний хариуд ХОРИГ тавив. Тэрбээр үүнийгээ өчигдөр албан ёсоор УИХ-ын даргад мэдэгдсэн. Тодруулбал “Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр батлан 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ёсчилж Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” 26 дугаар тогтоолыг хүлээн авч танилцлаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт “Байнгын хороо, нам, эвслийн бүлэг хуулийн төслийг хэлэлцээд тухайн асуудлаар хууль, УИХ-ын бусад шийдвэр гаргах шаардлагагүй, эсхүл өргөн мэдүүлсэн төсөл нь боловсруулалтын шаардлага хангаагүй буюу хэрэгжих боломжгүй гэж үзвэл төслийг хууль санаачлагчид нь буцаах...” тухай заасан. Харин эдгээр хуулиудын хувьд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу батлагдсанд тооцогдоно. Ийнхүү нэгэнт батлагдсан хуулиудыг Улсын Их Хурлын тогтоолоор буцаах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн, төрийн залгамж чанарыг алдагдуулсан буруу жишиг тогтоохоор байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсгийг тус тус үндэслэн, уг тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна.Хоригийг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.”

Уг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2010 оноос хойш боловсруулж ирсэн. Хууль яригдаж эхэлснээс хойш буюу 2010 оноос хойш гэр бүлийн хүчирхийллээс үүдэн 92 хүн амь насаараа хохирч, 4102 хүн гэмтжээ. Энэ сарын 01-нээс хэрэгжиж эхлэх байсан хуулийг эргүүлэн татсанаар хохирогчдын тоо нэмэгдсээр байх эрсдэлтэй.

Гэр бүлийн хүчирхийлэл 6 жилийн хугацаанд 92 хүний аминд хүрсэн ч гэмт хэрэгт тооцдоггүй. Харин 9-р сарын нэгнээс хэрэгжих хуулиар гэмт хэрэгт тооцогдох ёстой байв. Хүчирхийлэгч 3-7 жилийн ялтай байхаар заасан. Гэтэл одоогийн хуулиар хүчирхийлэлд захиргааны хариуцлага тооцохоос өөр боломжгүй байсан юм.

Бодит байдал дээр хүчирхийлэлд өртөгч 72 цагийн турш хамгаалах байранд амьдарсны дараа эргээд хүчирхийлэгчтэй хамт амьдрахаар явдаг. Ингээд хүчирхийллийн хар тойрог дахин үргэлжилнэ. Эцэст нь нэгнээ хөнөөсний дараа гэмт хэрэгт тооцдог.

Өдөр тутамд хүчирхийлэгчдийг хамгаалахын төлөө ажилладаг хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хуруу даран хүлээж байсан. Учир нь хуулийн хүрээнд хүчирхийллийг зогсоох боломж байхгүй.

Энэ оны эхний 7 сарын хугацаанд 7 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан. Өөрөөр хэлбэл 1 сард 1 хүн хүчирхийлэлд өртөж нас баржээ. Хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд 7 хуулинд зохицуулалт хийж өгсөн. Эдгээр хуулиудыг яаралтай баталж гэмээнэ маргааш хохирох эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалах учиртай. Уг нь хэдэн бие рүүгээ ингэж бичиг цаас шидэлж байхынхаа оронд хичнээн хүнийг хамгаалж болохоо бодмоор...