Татвар нэмэхгүй... Яг үнэндээ энэ татварын нэмэгдэл нийт иргэдэд ямар ч нөлөө үзүүлэхгүй байсан гэх. Гэхдээ л Засгийн газар үүнийгээ хамгаалж үлдэж чадсангүй. Энэ утгаараа тэд цөөнх буюу хөрөнгөтнүүдийн нөлөөнд автчихлаа гэж дүгнэмээр.

 

 

Тухайлбал, хүчингүй болчихоод байгаа татварын нэмэгдэл 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 10102 иргэн, аж ахуй нэгж, 150 м/кв-аас дээш хэмжээтэй орон сууцанд амьдардаг 4200 өрх, 2.5 саяас дээш цалинтай 12000 иргэнд л хамаарах байж. Өөрөөр хэлбэл нийт 3 сая Монголчуудад нэг их хамааралтай татвар биш байж л дээ. Энгийнээр хэлэхэд баячуудаас л татвар авах гээд байсан юм. Уг нь Засгийн газар яг л ингэж тайлбарлаж байсан. Гэвч нийт олонхийн эсэргүүцлийг давж гарч чадсангүй.

 

Гурван сая иргэнийг урдаа түрсэн хөрөнгөтнүүд сүүлдээ уурхайчдаар дамжуулан эсэргүүцлээ илэрхийлсээр ялалт байгуулчихлаа. Мэдээж гэрээсээ олон хоног хол байж авсан цалингаасаа өндөр татвар төлөхийг эсэргүүцэж байгаа уурхайчдын зөв. Гэвч уурхайчдын ард 500 орчим тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой болоод байсан хөрөнгөтнүүд л нуугдаад үлдчихлээ.

Монгол Улсын төсвийн алдагдал 4 их наяд төгрөгт хүрсэн. Мөн он гараад бид авсан зээлүүдээ төлж эхэлнэ. Энэ үед иргэдийнхээ талхны мөнгийг бус хөрөнгөтнуудын сул орлогоос л татвар авах нь зөв шийдэл байсан юм. Гэвч Засгийн газар хөрөнгөтнүүддээ ялагдчихлаа.

Банкны хадгаламжийн хүүнээс 26 жилийн туршид чөлөөлөгдсөн олигархууд нуусан хөрөнгөө хамгаалж бүтэн нойртой хонох нь. Харин саяхны хүртэл татвар нэмэхийг эсэргүүцэж байсан жирийн иргэд "бид юу хийчих вэ” хэмээн амаа барьж эхэлж байна. Уг нь Монгол Улсын нийт хүн амын 5 хувь хүрэхгүй хүн амд тавьсан татварыг 95 хувь нь эсэргүүцсээр л хүчингүй болгуулж чадлаа. Бид нэг нэгэндээ хэтэрхий хайртай юм. Хөрөнгөнүүдийнхээ банкан дахь хадгаламжийг хамгаалж, тансаг харшийг нь өмгөөлж эсэргүүцэж тэмцсээр л ялалтанд хүрч чадлаа. Гайхамшигтай. Үүнийхээ үр дүнд ирэх жилүүдэд төлөх өрөө талхныхаа мөнгөнөөс хугаслаж төлөх шаардлага гарах вий дээ.

 

А.Аюуш

Үндэстэн агентлаг