Ерөнхийлөгч УИХ-ын даргыг чөлөөлөхтэй холбоотой хуульд хориг тавихгүй гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод “Асуудал шийдвэрлэсэн тухай” албан бичиг илгээжээ.

Албан бичигт "УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа. Миний бие УИХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх зорилгын хүрээнд эдгээр хуулиудын төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд дагаж мөрдөх хугацаанаас өөр өөрчлөлтгүйгээр баталсанд талархаж байна.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 53.5-д заасны дагуу илгээсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Ерөнхийлөгч тухайн хууль, УИХ-ын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заажээ.

Иймд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудад хориг тавих шаардлагагүй гэж шийдвэрлэлээ” гэжээ.