Жил бүрийн цагаан сараар 370 тэрбум төгрөгөө урд хөрш рүү юүлчихдэг ард түмэн дээ, манай монголчууд. Үүний 40 орчим тэрбум нь зөвхөн бэлэгний оймсонд урд хөршийн зүг талийдаг гэж байгаа.

За тэгээд хадаг яндар, алчуур, үсний хавчаар, тэр байтугай таарсан таараагүй дотоож, аяга халбага, бээлий гээд уртаас урт жагсаалт урд хөндөлсөнө. Эрээний наймаачид ч амташсан гэж жигтэй, Монголын цагаан сар дөхөхөөр үйлдвэрийн гологдолтой, чанаргүй, хугацаа хэтэрсэн бараануудаа боож баглаад л, "Сайн найз аа, сайн найз аа" гээд хүзүүдчихнэ шүү дээ. Монголчууд Эрээнийг хөгжүүлсэн юм чинь сайн найз болохгүй гээд ч яахав. Шинэ он гарсаар банкууд тэтгэврийн зээл хүссэн хөгшдийн хөлд дарагдаастай. Азай буурлуудынхаа амьжиргааны мөнгө, аав ээжүүдийн цалингийн зээл, хүүхдийн тэтгэмж бүгдийг Цагаан сар хэмээх томоос том цүнхэнд цүдийтэл чихэж аваад л хил давуулаад шидчихэж байгаа юм. Үр дүнд нь Эрээний наймаачид цөм хийж, эх орны санхүү цөл шиг хатаад үлдэнэ. Залгуулаад засал энэ тэр гээд шинийн 8, 15-нд нөгөө хадаг нэртэй хаягдал гялгар уутаар хийдэг сиймгэр самбайг чухам нэг цуглуулах шиг болно. Зээлтэйгээ жирийлгэсээр байгаад наадамтай золгоно доо. Яаж энэ их мөнгийг Монголдоо авч үлдэх вэ гэж яахын ч аргагүй бодогддог л юм байна. За манайхаан, эх орон шингэсэн бэлэг сэлт, өмсгөл гоёл, идээ будаа бэлтгэж чадвал өөрсдөөрөө бахархаарай. Цаана чинь "Тод", "Янмал" гээд оймс үйлдвэрлэгчид, "Монос", "Гоёо", "Говь", "Urban", "Их тайга", "Хуба Хаяа", "Golden govi", бас ууталсан савласан ааруул сүү, витамин...дээр нь үүрэн холбооны операторууд, өө тэгээд манай монголчуудын гэр гэртээ хийсэн, оёсон, наасан, ширсэн, сүлжсэн, бүтээсэн бүхэн хаа сайгүй "Эх орон эндээс эхэлнэ" гээд нүд булааж, сэтгэл чангаагаад л угтаж байна билээ шүү. Сэтгэл байвал хаанаас ч үндэсний үйлдвэрлэгчдийг олоод, Цагаан сараа Монголоор амьсгалуулж болно. Монгол хүн таны зориулсан, зарцуулсан нэг төгрөг болгон өөр нэгэн монгол айлын амьдралыг хөдөлгөх хөдөлгүүр болог. Тэгээд ч эх орон Эрээнээс эхлэхгүй. Элэг зүрх нэгтэй монголчуудын маань эрүүл зарцуулалтаас эхэлнэ.