Зөвхөн зүүн талдаа сэлүүрчид нь суусан завь аятай мөнгөний амлалт, халамжийн бодлого амласан улс төрийн намууд Монгол Улсыг хөгжүүлэх бус дороо хий эргэсэн байдалтайгаар сонгуулиас сонгуулийн хооронд авч явлаа.

Өөрөөр хэлбэл, ээлжит сонгуульд ямар ч хамаагүй үнээр ялах явцуу ашиг сонирхлоор намууд хөглөгдөж, хоорондоо хөгжлийн хувилбараар бус мөнгө тараах социалист уралдаан өрнүүлэх болсон. Ийм үед Ардчилсан намын холбиролтгүй мөрдөхөөр тангарагласан шинэ үзэл баримтлал анхаарал татаж байна.

“...баруун төвийн нам байна” гэж Ардчилсан нам арав хүрэхгүй хоногийн өмнө үзэл баримтлалаа баталж, буцалтгүй дагаж мөрдөхөө ёслол төгөлдөр зарласан.

Уг нь баруун төвийн үзэл баримтлал Ардчилсан намын хувьд шинэ зүйл биш. Бараг 20 жилийн тэртээ анх тунхаглан зарлаж байсан ч сонгогчдын санал авахын тулд популизмаар хэт хөөцөлдсөн сонгуулийн мөчлөгүүдэд гээж орхисон үзэл баримтлалаа дахин сэргээх гэж байна гэх үү дээ.

Ардчилсан нам баруунд хамаарах хэдий ч, Монголд бүртгэлтэй бусад намуудаас дутахгүй зүүний, тэр тусмаа коммунист чиг баримжаатай ажиллах болсон нь ердөө нэг сонгуулийн өмнөх цаг хугацаа. “Баруунтнууд нийгмийн халамжийг амлаж, зүүнтнүүд төрийн оролцоог бууруулахыг шаардаж байна. Цаг цагаараа байдаггүй гэдэг үнэн юм” хэмээн нийтлэлч Баабар тухайн үед бичиж байлаа. Хэдийгээр сонгуулийн мажоритар тогтолцоо популизмыг хөхиүлэн дэмжигч систем мөн ч, сонгогчдын дунд хувийн өмчийг дээдэлж, төрийн зохицуулалтыг үл хэрэгсэх баруун төвийн үзлийг дэмжигч нар жин дарсаар буй. Ийм байтал 2016 оны сонгуульд Ардчилсан нам ёстой л нөгөө Э.Бат-Үүлийн хэлснээр цунамид өртсөн аятай үггүй арчуулсан нь үзэл баримтлалын жанжин шугамаа хэт гээсний гай байв. Хожимдсон ч гэсэн Ардчилсан нам алдаагаа ухаарсан бололтой, үзэл баримтлалаа шинэчилж, УДШ-д бүртгүүлэв. Зөвхөн намдаа төдийгүй Монголын Улс төрд нэгдүгээр эгнээнийхэн гэж нэрлэгддэг хуучин лидерүүдээ хойш тавьж, гишүүн асан Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин болон М.Чимиддорж, Х.Номингэрэл, О.Эрдэнэ-Өрнөх, Б.Бямбасайхан нарын залуу кадруудыг дайчлан, үзэл баримтлалаа танилцуулах арга хэмжээг зохион байгуулсан. Харин одоо зүүний, барууны гэдэг улс төрийн үзэл баримтлал нь алдагдаж, хөл толгой нь мэдэгдэхээ байсан Монголын Улс төрийн бантагнасан холилдоон дунд ардчилсан нам шиг Ардчилсан нам байж чадах эсэхийг нь 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс нь харах үлдэж байна. Өөрөөр хэлбэл, ирэх сонгуулийн үеэр Ардчилсан нам мөнгөний амлалт, халамжийн бодлогоос татгалзаж, бүтээн босголт, үйлдвэрлэлд анхаарлаа хандуулж, баялаг бүтээгчдийг дэмжиж чадах уу. Өнөөгийн эрх баригч хүчин төдийгүй төрийн гурван өндөрлөгийн түвшиндээ нийтийн өмчийг түлхүү ярих болсон энэ үед баруун төвийн бодлогоороо сонгуульд ялж барах уу. Гишүүд дэмжигчдээрээ батлуулж, дээд шүүхээр баталгаажуулсан үзэл баримтлалдаа үнэнч үлдэж дөнгөх үү. Энэ талаар Ардчилсан намын удирдлагууд болон үзэл баримтлалаа боловсруулсан Ажлын хэсгийнхэн долоо хэмжиж нэг огтолсон гэж найдаж байна.

• Ардчилсан нам баруунд хамаарах хэдий ч, Монголд бүртгэлтэй бусад намуудаас дутахгүй зүүний, тэр тусмаа коммунист чиг баримжаатай ажиллах болсон нь ердөө нэг сонгуулийн өмнөх цаг хугацаа.

• Монголын улс төрийн бантагнасан холилдоон дунд ардчилсан нам шиг Ардчилсан нам байж чадах эсэхийг нь 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс харах үлдэж байна.

• Энэ үеийнхний сонголтоор цагаан сарынх нь тавгийн боов, таван килограмм гурил мэтийг тарааж буй өнөөгийн улстөрчид тоос нь харагдахгүй болтлоо арчуулна.

Үзэл баримтлалдаа үнэнч байснаар айсуй сонгуульд ялалт байгуулж, хүрд эргүүлэх боломжийг алдаж болох ч, энэ нь ганц хоёр удаагийн сонгуулийн мөчлөгт л амсаж мэдэх “хохирол”. Харин түүнээс цааш халамжийн бодлого, бэлэн мөнгөний амлалт, хий хоосон популизм газар авахгүй гэдгийг улс төрийн сонгуульд жин дарах болсон шинэ үеийнхний онцлог, өнгөрсөн хугацаанд алдсан эдийн засгийн боломжууд сануулж буй нь мэдээж.

Mанай сонины өмнөх дугаарт гарсан “шинэ үеийнхэн шуудай гурил бус хүн чанарыг сонгоно” нийтлэлд энэ жил Ази тивд болох улс төрийн сонгуулиудад санал өгөх нэг тэрбум гаруй сонгогчийн бараг 50 хувь нь шинэ мянгахынхан буюу 1990-2000 онд мэндлэгсэд байгааг дурдсан.

Тооцоотой, шинжлэх ухаанч хандлагыг илүү тээсэн сэхүүн атлаа хэрсүү зантай энэ үеийнхний сонголтоор цагаан сарынх нь тавгийн боов, таван килограмм гурил мэтийг тарааж буй өнөөгийн улстөрчид тоос нь харагдахгүй болтлоо арчуулна. Монголд л гэхэд сонгуулийн насны 2.2 сая сонгогчийн 1.2 сая буюу тавин хувиас илүү нь энэ насныхан байгааг сануулъя. Харин Ардчилсан нам баруун төвийн үзэл баримтлалдаа үнэнч байж, мөрийн хөтөлбөр, бодлого үйл ажиллагаандаа тусгаж чадвал нийгмийн амьдралд цөн түрэн орж ирж буй бүхэл бүтэн үеийн саналыг авах боломж тэдэнд байна.

Түүнээс гадна улстөрчид сонгогчдод амласан халамжийн бодлого, бүтэшгүй амлалтдаа ороогдоод, төсөвт төвлөрч буй татвар төлөгчдийн мөнгийг тэгшитгэсэн байдлаар хувааж, тойргоо услахаар үр дүнгүй урсгаж байгаа нь баруун төвийн үзэл баримтлалыг дэмжих бас нэгэн шалтгаан. төсвийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд “Манай хонины сүүлнээс айлын ямааны годон том байна” гэдэг шиг юм болж, тойргийн мөнгөө чамласан зарим нь хэл ам таталж, хэрүүл шуугиан дэгдээж байсан нь дургүйцэл, зэвүүцлийг зэрэг зэрэг хөдөлгөж байв. Эцэст нь “гишүүний мөнгө”-ийг таван тэрбумаас найман тэрбум төгрөг хүртэл өсгөн, татвар төлөгчдийн мөнгийг Улсын Их Хурлын гишүүдийн тойрогт “авлига” мэтээр хуваарилан, зураг төсөлгүй олон барилга, байгууламж барихаар цацаж орхисон.

Ингэж үнэгүй болгоно, тэгж хөнгөлнө, өвөлжөөний чинь үүд хүртэл мянганы зам татна, өндөр хүчдэлээр гэрийг чинь тойруулна хэмээн сонгуулиар ам уралдан хий хоосон амласны гор энэ.

Энэ мөнгөөр бизнесийн орчныг дэмжиж, үйлдвэрлэл хөгжүүлэхэд нэмэрлэсэн бол хичнээн ажлын байр, тогтвортой цалинг бий болгох байсан бол гэж бодохоор л дотор харламаар болдог.

АН барууны үзлийг ягштал барихаа байг гэхэд зүүн төв рүү тэмүүлэхээ больж байна

Мөн төсөв дэх халамжийн сангийн нийт зарлагыг 694.5 тэрбум төгрөг болгож өмнөх оноос 50 орчим тэрбум төгрөгөөр давуулж баталсан. Халамжийн зардлын нэмэгдлийг задалж үзвэл жирэмсэн эхийн тэтгэмжид 18.1 тэрбум төгрөг, хүүхдэд олгох мөнгөн тэтгэмж 218.9 тэрбум, амьжиргааг дэмжихэд 27.8, цалинтай ээж 96.8, “насны хишиг”-т 22.3 тэрбум төгрөг гэх мэтээр тус бүрчлэн нэмсэн юм.

Гэтэл ЖДҮ-ийг хөгжүүлэхэд ердөө 48 тэрбум төгрөгийг хэл амтайхан суулгаж байх жишээний. Хэрэв УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайдууд нь дахиад өөрсдөө авчихгүй бол бага хэмжээтэй, урт хугацааны энэ зээл жижиг, дунд үйлдвэрлэлийг багахан ч гэсэн дэмжиж, цөөн ч болтугай ажлын байр бий болох биз. Эцэстээ энэ бол Монголын Улс төрийн намууд зүүний үзэл дээр овоорсны нотолгоо.

Харин Ардчилсан нам баруун төвийн үзэл баримталж баялаг бүтээхээ байг гэхэд зүүн төв рүү тэмүүлэхээ одооноос эхлэн болих эсэхийг 2020 онд харъя.

Б. Энхжаргал

Засгийн газрын мэдээ сонин