МАН-ын Удирдах зөвлөл ээлжит хуралдаанаа хийжээ.  Хурлаар Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга М.Бадамсүрэнд хариуцлага тооцох шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ намын Хяналтын ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг үндэслэж, М.Бадамсүрэнг Дорнод аймгийн намын хорооны даргын ажлаас чөлөөлөхөөр болсон байна.  Учир нь 2012 оны Орон нутгийн сонгуулийн дүнд МАН тус аймагт олонхи болсон ч Засаг даргаар нь тус аймгийн АН-ын даргыг томилсон юм. Харин намын удирдлагуудын зүгээс М.Бадамсүрэнг ийн нөхцөл байдал үүсэхэд тодорхой хэмжээгээр оролцсон гэж үзжээ.   М.Бадамсүрэн эсрэг намынхаа хүнийг дэмжсэн шийдвэр гаргаж, намын удирлага, тойргийнхоо Их хурлын гишүүнд мэдэгдээгүй нь намын дүрмийг зөрчсөн байна. Түүнчлэн намаа олонхи болгохын төлөө тууштай ажилласан гишүүд дэмжигчдийнхээ сонголтыг үл хүндэтгэн, аймгийн Засаг даргад АН-аас нэр дэвшигчийг  дэмжиж оролцсон нь намын дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцлоо.  

Дорнод аймгийн Засаг даргыг томилох тухай асуудал аль 2012 оны Орон нутгийн сонгуулиас хойш сунжирсан. Учир нь Дорнод аймгийн МАН-ын хороо орон нутгийн сонгуульд ялалт байгуулж Засаг даргаа томилуулах гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг “луу унжиж” явсаар өдийг хүрчихсэн.  Ерөнхийдөө Н.Алтанхуягийн цаад санаа нь Дорнод аймгийн засаг даргын сэнтийд АН-ын хүнээ суулгах явуулга хийж байсан нь өнөөдөр нотлогдож байгаа юм.