Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу олонх УИХ-ын даргыг огцруулах өргөдөл өргөн барьсны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон билээ.

Хууль өнгөрсөн Баасан гаригаас хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүний дагуу УИХ-ын 39 гишүүн М.Энхболдыг чөлөөлөх бичиг өргөн барьсан.  УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг ирэх Мягмар гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байна.

Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболд  “Би албан тушаалтай зууралдахгүй.  Хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдөхөд бэлэн байна.  Тиймээс асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэн, уламжлалт Цагаан сарын баярын наана шинэ Их Хурлын дарга томилогдох нь зүйтэй” гэсэн байр сууриа илэрхийлсэн билээ.

Мөн  УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон “УИХ-ын гишүүдээс УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг өнөөдөр өгсөн. УИХ-ын Дэгийн тухай хуулиар Даваа гаригт намын бүлэг, Мягмар, Лхагва гаригт байнгын хороод, Пүрэв, Баасан гаригт чуулган хуралддаг уламжлалтай. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Мягмар гаригийн 10.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулах, түүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг оруулахаар товлолоо. УИХ-ын даргын зүгээс энэ асуудлыг нэн яаралтайгаар хэлэлцэх, захирамж гаргасан” гэсэн тайлбар өгсөн юм.