УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлаар нууц санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 43 нь буюу 66.2 хувь нь түүнийг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжлээ. Ингэснээр УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрөөс сул гишүүн болж байна.

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх энэхүү тогтоолын төслийг энэ сарын 25-ны өдөр УИХ-д өргөн барьсан.

Тогтоолын төсгийн хамт өргөн барьсан албан бичигт УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зуржээ.