“Пентатоник” академийн ерөнхийлөгч, УГЗ Б.Долгионтой ярилцлаа. Тэрээр дэлхийн алдарт дуучин Нанагийн Монголд тоглогдох “Remember the time” тоглолтын ерөнхий зөвлөхөөр ажиллаж байгаа билээ.

Монголдоо дэлхийн оддын гэх тодотголтой нэлээд хэдэн том шоуны зохион байгуулагчаар ажилласан түүнтэй “Universe best songs” наадам, “Remember the time” тоглолтын зохион байгуулалтын арын ажил гээд завгүй их ажлынх нь хажуугаар нь ярилцаж амжлаа. Дашрамд дурдахад “Remember the time” тоглолт болоход ердөө наймхан хоног үлджээ.

-Дэлхийн алдарт дуучин Нанагийн тоглолт болох хугацаа ойртсоор л байна. Зохион байгуулалт ямар шатандаа явж байна вэ?

-Ерөнхийдөө бол шувтарч байна. Бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Жижиг сажиг ажлууд бий. Яг одоогоор бид тоглолтын тасалбарын борлуулалт дээр ажиллаж байна.

-Тасалбар борлуулалт хэр байгаа юм бол?

-Бид энэ тал дээр сэтгэл их өег байна. Борлуулалт сайн, эрэлт ихтэй байгаа. Нана монголчуудын сонирхлыг үнэхээр татжээ. Монголчуудын нэгэн үе ид сонсож байсан, одоо ч сонсох дуртай байдаг дуучин ирэх гэж байгаа болохоор аргагүй биз. Нөгөө талаар бид энэхүү шоу тоглолтыг зөвхөн арилжааны зорилгоор зохион байгуулаагүй. Хүмүүнлэгийн тусч үйл ажиллагаа давхар болж буйгаараа улсын хэмжээнд яригдах хэрэгтэй бөгөөд ашигтай зүйл болж байна. Мазаалай гэх ховордсон амьтныг хамгаалах, үржүүлэх ажилд дэлхийн хэмжээний од хүн анхаарал хандуулж байгаа учраас энэ үйл хэрэг маань дэлхий дахинд сурталчлагдах юм.

Монгол-Австрийн залуучуудын холбооныхон анх надад энэ саналыг тавихад зөвхөн шоу бус бидэнд, эх оронд маань хэрэгтэй зүйлийг эхлүүлж байна гэдэг утгаар нь би их баяртай хүлээж авсан. Миний насны хүн одоо ийм зүйл бодно шүү дээ. Гадны хүмүүст Нанагаар дамжуулж дээрх асуудлыг хүргэхээс гадна дотооддоо байгаа мазаалайгаа мэддэггүй залууст илүү цар хүрээтэй танин мэдүүлэх боломж гарлаа. Мазаалай баавгайг хамгаалах, үржүүлэх төсөл ингээд зогсохгүй. Цаашид гадны өөр олон хамтлаг дуучинтай хамтарч ажиллахаар ярилцаж байна. Гэхдээ үүнийг одоо ил тод болгоод хэрэггүй байх. Залууст сонирхуулах зорилгоор хэлэхэд бид хамгийн сүүлд алдарт “Boyzone” хамтлагтай холбоо тогтоосон. Гэвч энэ талаар илүү ихийг ярих цаг нь болоогүй. Нана ирээд мазаалайгийн төлөө гараа өргөнө. Бусад нь харна. Тэгээд дараа дараагийн ажлууд маань үргэлжилнэ..

Хүмүүнлэгийн гэдэг утгаараа энэ шоу тоглолт илүү цар хүрээтэй, сайхан уур амьсгалтай болох шинжтэй. Та бүхэн ч үүнд хувь нэмрээ оруулж, үзэхийг хүсвэл 1199 рүү утасдаад хаана байгаа газраа билетээ үнэгүй хүргүүлж болно. Мэдээллийн зуунд амьдарч байгаагийн хувьд Еasyticket.mn цахим хаягаар онлайн хэлбэрээр захиалж, эсвэл “Улаанбаатар палас”, “Бишрэлт” их дэлгүүрээс очоод авсан ч болно. Энэ тоглолтоор дамжуулаад бид Монголд томоохон шоу хийх практикийг шинэ хуудсаар баяжуулж байгаа юм шүү.

-Нана Монголд хэд хоногийн хугацаатай ирэх вэ. Хөтөлбөрөөс нь сонирхуулж болох уу?

-Нана манай улсад хоёрхон хононо. Олон цаг онгоцоор нисч ирэх болохоор “Би нэлээд ядарч очих байх шүү” гэдгээ хэлсэн. Эхний өдрийг нь ашиглаад монгол уламжлалт зоог барьж, хотын ойролцоо байгалийн үзэсгэлэнт газрыг үзүүлэх төлөвлөгөөтэй байна. Мөн угталтын шоу хийнэ. Бид Нанад аль болох өндөр сэтгэгдэл төрүүлэхүйц, хялбарчилсан, товч хөтөлбөр гаргасан. Оройны хүлээн авалт дээрээ үндэсний хувцас, тоглолтоо сонирхуулна. Ерөнхийдөө бол богино хугацаанд их мэдээлэл өгөөд явуулах бодолтой байна.

Нэг зүйлийг тодруулж хэлэхэд бид аливаа тоглолт зохион байгуулахдаа албан байгууллагын хаалга тогшоод гуйлга гуйгаад явдаг байсан бол энэ удаа өөрсдөө гуйгаад ирж байна. Энэ бол шоу бизнесийн том дэвшил юм. Олуулаа нийлж, олныхоо хүчээр нэг том шоуг мэргэжлийн түвшинд хийе гэсэн эрмэлзэл манайхны сэтгэхүйд бууж эхэлсэн байна. Эцсийн дүндээ хэн нэгний биш Монголын л нэр гарна шүү дээ.

-Тоглолтын зохион байгуулалтын тал дээр хэр сайн анхаарч ажиллаж байна вэ. Манайхан гадны оддыг авчирч, том шоу зохион байгуулахаараа үзэгчдээ бухимдуулдаг шүү дээ. Ялангуяа техникийн асуудал дээр?

-Биднээс үл шалтгаалах нөхцөл байдал гэж байна. Өнөөдрийн хувьд шоу бизнес хийх дэд бүтэц маань төгс төгөлдөр болоогүй. Томоохон хэмжээний арга хэмжээ, шоу тоглолт зохион байгуулахад дутагдалтай тал байгааг нуухгүй. Өсгөгч, яригч, гэрэл, утаанаас эхлээд. Үнэндээ “Улаанбаатар палас”-аас өөр олигтой танхим Монголд алга байна шүү дээ. Тэгэхээр манай улс XXI зуунд бүрэн тоноглолтой шоу ордонтой болох зайлшгүй шаардлага гарч байна.

Хараад байхад, ихэнх алдаа дандаа санаатай бус байдаг. Гэхдээ бид алдаа гаргах эрхгүй, энэ бүхнийг давтахгүйн тулд нэмэлт төхөөрөмжүүдийг суурилуулсан. “D Ligth”-ынхан гэрэлтүүлгийг нэмж байгаа. Гэвч улам бүр төгөлдөржүүлж, баяжуулж тордох хэрэгтэй байна. Би саяхан нэг мэдээлэл сонссон. Засгийн газрын шугамаар нэлээд том хэмжээний хөгжим авах гэж байгаа тухай сонсоод хувьдаа их олзуурхлаа. Бас нэг зүйлийг хэлэхэд “Харанга”-ын Чука, Quiza, “Шар айраг”-ийн Г.Ганхүү болон миний бие хүсэлт тавьсны дагуу нэлээд том хэмжээний шоу ордон сүндэрлэх гэж байгаа шүү дээ. Үүнийг зарим нь мэдээгүй байх. Иргэдийн хурлаар тодорхой хэмжээний төсвийг нь ярьсан. Азийн шоуны төвтэй болохын тулд бид ордонтой байх хэрэгтэй. Нанагийн тоглолтын хувьд ямар нэгэн асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байгаа. Нэг үгээр хэлбэл үзэгчдээ бухимдуулахгүй ээ.

-Ер нь манай улсад ирж байгаа гадны хамтлаг, дуучид ямар шаардлага тавьдаг вэ. Мөн тоглолт хийгээд буцахдаа ямар сэтгэгдэлтэй үлддэг юм бол? Жишээлбэл, удахгүй ирэх Нанагийн зүгээс та бүхнээс юу шаардав?

-Аз болоход миний зохион байгуулж оролцож байсан шоунд тийм хүндрэл гараагүй. Даруухан ч гэсэн том одуудын тоглолтыг зохион байгууллаа. “MLTR” л гэхэд дэлхийн хэмжээний хамтлаг. Жил бүр Хятадад тоглодог болчихож. Өөрийн гэсэн зах зээлтэй болсон гэсэн үг. “MLTR” хамтлагийнхан анх ирэхдээ яравгардуу, хүйтэн царайлсан хүмүүс ирсэн. Монголыг хоцрогдсон, хөдөөний сэтгэхүйтэй мэтээр төсөөлсөн юм билээ. Гэтэл тоглолтоо хийснийхээ дараа үнэхээр шал өөр болоод, өндөр сэтгэгдэлтэй буцсан. Монголд дахиад ирмээр байна гэж ч хэлсэн удаатай. Нанагийн хувьд элдэв зүйл нэхээгүй, их чөлөөтэй дажгүй хүн байна лээ шүү. Түүний хүссэн ганц зүйл нь хотын ерөнхий дүр төрхийг сайн харж болох том цонхтой өрөөнд буулгавал сайн байна гэсэн.

Түүнээс биш элдвийн юм нэхдэг одууд зөндөө шүү дээ. Энэ бол юм үзээгүй хүний л шинж гэж боддог. Бид нар Нанаг “MLTR” хамтлагийнхан шиг л сэтгэгдэлтэй буцаахыг хүсч, хичээж байна. Бид зочиндоо монгол ёс, дээд зэргийн зочломтгой зангаа харуулах хэрэгтэй.

“MLTR”-ийг л гэхэд бид лимүзин кадиллактай очиж тосоод ангайлгаж байсан. Дээд зэргийн нөхцөлд байлгаж байгаад буцаасан. Нанаг ч мөн адил тийм байлгана. “MLTR”-ийнхэн Монголын үзэгчдийг их шүтдэг юм. Яагаад гэвэл, бид тэдний төсөөлсөнөөс хувь илүү байсан учраас тэр. Би яг одоо дөрөв дэх шоун дээрээ ажиллаж байна. Монгол хүн амны билгээр гэдэг. Олуулаа нийлж хийж байгаа учраас энэ удаагийн тоглолт ч гэсэн сайхан болно гэж итгэж байна.

-Тоглолт яг цагтаа эхлэх үү. Мөн үндсэн тоглолтын өмнө бие халаалтын хамтлаг, дуучин байх уу?

-Монголчуудын буруу уламжлал байна. Цагийг нараар баримжаалдаг. Ялангуяа хотынхон. Малчин ард бол өөр шүү дээ. Энэ нь хэдэн зуун жил уламжлагдаж ирсэн. Гэтэл хотынхны соёл малчдаас ялгаатай байх ёстой. Цаг барих асуудлыг соёл гэдэг утгаар нь дээд зэргээр барих ёстой шүү дээ. Зөвхөн энэ тоглолт ч биш цаашид үүнийг асуудал болгон ярилцаж, цагаас хоцордог байдлаасаа салах хэрэгтэй. Нэг их дэгжин залуу болзсон цагаасаа хоцорвол хэнд ч эвгүй. Бид түгжрэлээ тооцож сурмаар байна.

Халаалтын хамтлаг бол дэлхийн ямар ч шоу тоглолтонд байдаг л асуудал. “Rolling stones” хамтлагийн тоглолт дээр л гэхэд “Guns N' Roses” халаалт хийж байна шүү дээ. Тэртэй, тэргүй манай үзэгчид уван цуван танхимд орж ирнэ. Тийм болохоор би хувьдаа халаалтыг үгүйсгэхгүй.

-Тоглолтын сюрпризээс задалж болох болов уу?

-Тэр өдрөө л ирээд үзээрэй. Маш гоё сюрприз бэлдэж байгаа. Энэ талаар наана нь хэлээд хэрэггүй байх.