Нийслэл хот удирдлагагүй буюу хотын даргагүй нэлээд удаан хугацааг ардаа орхилоо. С.Батболд үүрэгт ажлаа өгсний дараагаар энэ албан тушаалд нэр дэвшсэн эрхмүүдийн хооронд ээлжилт санал хураалт болж, НИТХ-ын 43 төлөөлөгчийн 55.8 хувийн саналаар С.Мөнхчулууныг Улаанбаатар хотын захирагчаар сонгосон. Гэвч түүнийг Ерөнхий сайд одоог хүртэл батламжилаагүй байгаа.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хуучин дарга буюу одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ албаа авахаас өмнө нэгэн мэдэгдэлдээ хотын даргаар С.Мөнхчулууныг батламжлахгүй гэсэн утгатай мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байсан.

Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын  шинээр томилогдсон дарга болох Л.Оюун-Эрдэнэ ч ийм мэдээллийг өглөө. Тэрбээр “Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Хотын дарга бол нийслэлийн томоохон асуудлыг шийдэх ёстой албан тушаалтан. Энэ утгаараа Ерөнхий сайд өөрчилсөн гэж хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.

Түүнчлэн Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд нэг удаа буцаах боломжтой. Орон нутгийн удирдлага иргэдийн хурлаасаа гардаг. Энэ асуудал хуулийн хүрээнд шийдэгдэх байх” гэсэн байр суурийг илэрхийллээ.