1. Зүүдэнд ирсэн танил аялгуу «Yesterday»

 

«Yesterday» дууны аяыг Paul McCartney нэг шөнийн зүүдэндээ л биччихсэн гэхэд үнэмшмээргүй байгаа биз. Үнэндээ тэр өөрөө ч гэсэн эхэндээ итгээгүй. Учир нь зүүдэнд ирсэн тэрхүү аялгуу нь урьд өмнө, хаа нэгтээ сонсож байсан «танил» аялгуу мэт санагджээ. Гэвч хэчнээн хичээгээд ч өөрөөс нь өөр хэн зохиосныг нь хэрхэвч олж чадаагүй хөг аялгуундаа тэрбээр John Lennon – той хамтран шүлэг тэрлэснээр энэхүү дуу бүтсэн түүхтэй.

 

2. Эзэндээ «Нобелийн шагнал» авчирсан зүүд

Германы физиологич Otto Loewi (1873 – 1961) – ийг 1936 онд анагаах ухааны салбарт «Нобелийн шагнал» хүртэхэд нөлөөлсөн нээлт нь түүний зүүдэнд иржээ. Тэрбээр мэдрэлийн эс хоорондын мэдээлэл нь цахилгаан импульсын аргаар биш, химийн урвал дээр үндэслэгддэгийг олж тогтоосон ч нотлох аргаа мэдэхгүй байв. Азаар 1920 оны тэр нэгэн шөнө нотолгоо болох туршилтыг хэрхэн явуулахаа зүүдэлсэн нь (Тэрбээр энэ зүүдээ хоёр өдөр дараалан зүүдэлсэн нь үнэхээр гайхалтай) эзэндээ энэхүү эрхэм шагналыг авчирчээ.

 

3. Ирэх гэж л ирсэн «гайхамшигт» зүүд

Louis Agassiz (1807 – 1883) бол 1700 гаруй чулуужсан загасны судалгааг нэгтгэн хэвлүүлсэн бүтээлүүдээрээ дэлхийд танигдсан биологич юм. Түүний амьдралд загасны чулуужсан үлдэгдэл ямар бүтэцтэйг ойлголгүй хэдэнтээ бүтэлгүйтсэн оролдлого олонтоо байв. Ялангуяа дээжийг нь хөндөхгүйгээр бүтцийг нь хэрхэн гаргах вэ хэмээн толгойгоо гашилгасан өдрүүд олон байжээ. Тэрбээр гурван өдөр дарааллан нэгэн ижил зүүдийг зүүдэлсэн нь итгэмээргүй. Эхний хоёрыг нь харамсалтай нь тэмдэглэж авч чадаагүй ч тэрхүү гайхамшиг дахин нэг өдөр тохионо хэмээн хэн санах билээ.

 

4. Эзнээ «саятан» болгосон зүүд

Үс арчилгааны «Madam C. J. Walker Beauty Culture» брэндийг үндэслэгч Madam C. J. Walker (1867 – 1919) – ийн үс мөөгөнцрөөр халдварлагдсаны улмаас туг тугаараа халцарч унадаг байв. Тэрбээр сайн гэсэн үс арчилгааны маш олон бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн ч ямар ч үр дүн гараагүй. Харин тэр нэгэн шөнийн зүүдэнд нь ирж, үс ургуулагч бэлдмэлийн жорыг хэлж өгсөн үл таних залуугийн ачаар амьдралаа эрс өөрчилж, дэлхийн анхны «саятан» эмэгтэй болжээ.

 

5. Оёдлын машины «зүү» ингэж л бүтсэн түүхтэй

1845 онд оёдлын машиныг зохион бүтээсэн америкийн зохион бүтээгч Elias Howe (1819 – 1867) анхандаа зүүг нь хоёр талдаа үзүүртэй, голдоо сүвэгчтэйгээр зохион бүтээж байжээ. Харамсалтай нь ийм зүүгээр оёдол хийх боломжгүй. Тэрбээр нэг шөнө жад агссан нутгийн уугуул иргэдэд олзлогдов хэмээн зүүдэлжээ. Тойрон бүжих тэдний зүг үхэхээ хүлээн ширтэхдээ, жад бүр нь үзүүртээ жижиг нүхтэй байсныг анзаарч харсан нь оёдлын машины зүүг бүтээх эхлэл болжээ.

 

6. «Зүүднээсээ суралц»

Германы органик химич Friedrich August Kekule (1829 – 1896) – ийн шинжлэх ухааны салбарт хийгдсэн хоёр ч нээлт зүүднээс нь урган гарчээ. Тэдгээрийн нэг бензолын молекулын бүтцийг тэрбээр зүүдэнд нь ирсэн сүүлээ зуусан могойноос санаа авч гаргасан түүхтэй. Хожмоо тэрбээр, «Зүүднээсээ суралц» хэмээн бахархалтайгаар өгүүлсэн байдаг.

 

7. Хязгааргүйг мэддэг эрхэм

Энэтхэгийн математикч Srinivasa Ramanujan (1887 – 1920) амьдрах хугацаандаа 3900 орчим математикийн теоремыг батлажээ. Тэдгээрийнхээ ихэнхийг «Namagiri Thayar» дарь эхийн тусламжтайгаар болон зүүдэндээ харсан гаргалгаагаар батласан гэж үздэг. Тэрбээр «Зүүдэндээ би ер бусын хачирхалтай ертөнцөөр аялдаг. Тэнд цусаар бүрэлдсэн нэг улаан самбар бий. Удалгүй нэг гар гарч ирээд самбар дээр тоо боддог. Сэрэн сэртлээ би тэр самбар дээр бодогдож буй тоог харсаар л байдаг» хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.

 

8. «Сайхан зүүд зүүдэлсэн л бол түүнийгээ бүү алд»

«Google» – ийг үндэслэгч Larry Page 2009 оны нэгэн илтгэлдээ ингэж хэлжээ. Учир нь тэрбээр цахим ертөнцийн хамгийн том хайлтын систем «Google» – ийг хэрхэн бүтээх санаагаа зүүдэндээ олж мэдсэн юм. Тэр шөнийн зүүдэндээ Larry Page интернетийн сүлжээнд холбогдсон бүх вэбсайтын мэдээллийг хэрхэн хадгалж авч, линкүүдийг нь хайлтын системдээ хэрхэн нэгтгэх аргыг олж харжээ. Ингээд сэрэнгүүтээ л тэмдэглэж авсан томьёо нь «Google» – ийг бүтээх анхдагч алгоритм болсон байна. Тэгвэл «Google» – ийг анх «BackRub» хэмээн нэрлэж байсныг та мэдэх үү?

 

9. James Cameron – ийн зүүдэнд ирсэн «Terminator»

«Terminator» киног бүтээх санаа түүнийг + 39ºС хүртэлх хэмийн халуунтайгаар хар дарсан тэр нэгэн шөнийн зүүдэнд нь иржээ. Тэрхүү зүүдэндээ тэрбээр харь гарагийн гэмээр хачин жигтэй ертөнцөөр аялжээ. Эргэн тойрноо ажиглан харж зогсонгоо, нурангиас хутга тулан гарч ирж буй тал биетэй роботыг харсан нь «Terminator» – ын ноорог дүр зураг байлаа. Ингэж л тэрбээр багаас мөрөөдсөн «The Outer Limits» цувралыг санагдуулам бүрэн хэмжээний киногоо амилуулсан түүхтэй. Ташрамд дурдахад, «Inception» киноны ихэнх үйл явдал ч гэсэн найруулагч Christopher Nolan – ийн зүүднээс урган гарсан гэнэ.

 

10. Химийн элементийн үелэх систем

Химийн элементийн үелэх системийг Оросын химич Дмитрий И. Менделеев (1834 – 1907) 1869 онд зохион бүтээжээ. Амьдралынхаа бүхий л цаг хугацааг химийн элементүүдийг нээн илрүүлэхэд зориулсан тэрбээр химийн элементийн үелэх системийг хэрхэн бүтээх санаагаа зүүдэлжээ. Энэ тухайгаа тэрбээр, «Үелэх системээ ингэж л хийх ёстой гэдгээ би маш тодорхой зүүдэлсэн. Сэрэнгүүтээ л 20 минутын дотор схемээ гаргаж билээ. Бүх элементийг зүүдэндээ харсан яг л тэр дарааллаар байрлуулсан. Ганцхан элемент дээр л засвар хийгдсэн байх» хэмээн тэмдэглэн үлдээжээ.