Монголын кино урлагийн болоод сэтгүүлзүй, нийгэм олон нийтийн салбарын түүчээ болсон эрхэмүүд цуглаж тэртээх 1990-ээд оны үеэс эхлэн түүхийн хуудаснаас арчигдсан “Киноны урьдчилсан үзлэг”-ийг  дахин сэргээж “Хязгааргүй” хэмээх уран сайхны киног үзлэгээр оруулсан билээ. Тус кино үзлэгт оролцсон Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч, СГЗ Б.Галааридын сэтгэгдлийг толилуулъя.

   СГЗ Б.Галаарид: Монгол улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 100-н жилийн ой энэ оны 3 сард хаалтаа хийнэ. Энэ түүхэн цаг үед Монголын кино урлагийн түүхэнд ба нэгэн Сэтгүүлчдийн ажил амьдралын талаар өгүүлсэн кино бүтээгдсэнд маш их баяртай байна. Энэ кинонд сэтгүүлчдийн ажил нэг талаасаа ямар хүнд эрсдэлтэй байдгийг нөгөө талаас дан ганц сэтгүүлч бус сэтгүүлчдийн ар гэр, амьдрал, үр хүүхдийнх нь зовлон жаргал энэ бүгдийг харуулжээ. Нийгмийн ач холбогдолын хувьд үнэхээр онцгой сайн кино болж чадсан байна.

   Монголын киноны түүхэнд сэтгүүлчдийн дүр бүтээсэн хэд хэдэн кинонууд байдаг. Тэр дундаас нэрлэвэл “Суварган цэнхэр уулс” киног нэрлэж болно. Социализмын үеийн үзэл сурталын хүрээнд бүтээгдсэн хэдий ч сэтгүүлчийн мөн чанарыг илэрхийлсэн сайхан бүтээл. Харин “Хязгааргүй” гэх энэхүү кино ямар нэгэн үзэл бодлын хаалтгүй ийм үед бүтээгдсэн, хамгийн эрсдэлтэй цаг үеийн байдлыг харуулсан кино болсон байна. Нөгөө талаасаа олон жил манайд тасраад байсан киноны хяналт, үзлэгийг хийж байгаа нь онцлог үйл явдал болж байгаа юм. Хуучин социализмын үед бол бид “Главлед” буюу “Хэвлэл утга зохиол”-ыг хянах газар маань үзэл суртлын хувьд уран бүтээлийг хянадаг байсан бол өнөөдөр мэргэжлийн хувьд кино бүтээхэд хувь нэмэр оролцоотой хүмүүс үзэгчид олон нийтийн төлөөлөл цуглаад өөр өөрсдийн дүгнэлтийг хийж байгаа нь авууштай зүйл. Аливаа зүйл стандарттай байх ёстой, аливаа зүйл мэргэжлийн байх ёстой, кино урлагийг мэргэжлийн байлгах талаас зөв зүйтэй эхлэлийг тавьж байгаа нь онцлог тохиолдол гэж хэлмээр байна.

Бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш, О.Пүрэвмаа