Эрх ашгаа хамгаалуулах хүсэлтэй иргэдийн ШӨХТГ-т хаягладаг гомдлуудаас хамгийн их жин дардаг нь сүлжээ дэлгүүрүүдтэй холбоотой байдаг. Лангуу болон кассын үнийн зөрүүгээс гадна давамгай байдлаараа далимдуулаад 20-30 хувийн ашиг олдгийг О.Магнай ШӨХТГ-ын дарга байхдаа хэлж байв.

Тэрээр “Үйлдвэрлэгчид 3-5, импортлогчид 10 хувийн ашгийн төлөө ажиллаж байхад сүлжээ дэлгүүрүүд  давамгай байдлаа ашиглаж, 20-30 хувийн ашиг нэмж байна. Эцсийн үр дүнд иргэд хохирч байна” гэж байсан удаатай.Тухайн үед ШӨХТГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг “Номин”, “Миний сүлжээ”, “Макс”, “Замбалай”, “Оргил” зэрэг томоохон сүлжээ дэргүүрүүдэд шалгалт хийхэд лангуун дээрх үнэ кассын үнэтэй зөрсөн зөрчил илэрсэн гэдгийг мэдээлж байсан. Мөн сүүлд  “М-Си-Эс Кока Кола” компани ундаа, ус, жүүс зэрэг шингэн хүнсний бүтээгдэхүүнийхээ жижиглэнгийн үнийг “Номин” сүлжээ дэлгүүртэй үгсэн тохиролцож нийлүүлдэг талаарх гомдол ШӨХТГ-т ирснийг хэвлэлүүд хангалттай мэдээллээ. Тэгвэл энэ мэтээр иргэдийг хохироож, төөрөлдүүлдэг сүлжээ дэлгүүрүүд улам даварч, сүүлдээ хүний эрхийг  ноцтой зөрчиж байгаа талаарх гомдол ХЭҮК-т иржээ. Тодруулбал, иргэн А-г “Номин супер маркет” дэлгүүрээр үйлчлүүлээд гарахад найман настай хүүхэд нь 2000 төгрөгийн үнэтэй ууттай чихэр кассанд бичүүлэхгүйгээр авч гарсан байна. Гэтэл дэлгүүрийн хамгаалалтын ажилтан иргэний хувийн мэдээлэл, гар утасны дугаарыг авч, найман настай хүүг нь бичүүлэлгүй авч гарсан барааг бариулж зогсоож байгаад зургийг авч самбарт тавина хэмээн бага насны хүүхэдтэй гэмт хэрэгтэнтэй адил харьцаж, сэтгэлзүйн гүн цочролд оруулсан талаар гомдол гаргажээ.

 

Гомдлын дагуу шалгаж, тайлбар авахад “Номин холдинг” компанийн Борлуулалт үйлчилгээний салбар дэлгүүрүүдэд мөрддөг журамд хулгай хийсэн этгээд болон хулгайлсан барааг зургаар баталгаажуулж, самбарт байршуулах, байршуулсан зургаар нэгдсэн сан үүсгэх бүртгэлд оруулах талаар зохицуулсан байжээ.

 

Мөн дэлгүүрийн журамдаа оруулсан сэрэмжлүүлгийн самбарт “Хулгай хийсэн этгээдийн зургийг авах, овог нэр, огноо зөрчил гаргасан үйлдлийг самбарт бичиж байршуулах, цахим мэдээллийн сан болон бүртгэлд овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаягийг бичиж оруулах, хулгайлсан барааны үнийн дүнд дүйцүүлэн 1000-10 мянган төгрөгийн үнийн дүн бүхий барааг хулгайлсан бол 10 хоног, 240 мянган төгрөгөөс дээш үнийн дүн бүхий бараа хулгайлсан бол зургаан сар зургийг нь самбарт байршуулах, хугацаа дууссан зургийг тухайн салбар хариуцсан дарга бүртгэлээр архив үүсгэн хадгалах” хэмээн  тусгасан байжээ. Өөрөөр хэлбэл, эдний журмаар бол таны балчир хүүхэд болгоомжгүйгээсээ болоод эдний дэлгүүрээс 1000 төгрөгийн боодол бохь аваад гарвал зураг, нэртэйгээ хулгайчаараа цоллуулаад сэрэмжлүүлгийн самбарт арав хоног байршина гэсэн үг. Уг нь Монгол Улсын хууль журмаар хүний гэм буруутайг гагцхүү шүүх тогтоодог байтал “Номин” зэрэг сүлжээ дэлгүүрүүд шүүхийн өмнүүр орж, хууль журмаас давж хүний гэм буруутайг шүүдэг болжээ.

Дээрх үйлдэл хүний хувийн нууц, нэр төр халдашгүй дархан байх, гэм буруутайг нь хуулийн байгууллага тогтоох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхийг зөрчсөн гэж үзэж ХЭҮК-оос шаардлага хүргүүлсэн байна.

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин