Сонни өнөр өтгөн гэр бүлд өсч торнижээ. Тэр 1932 оны гуравдугаар сарын 8-нд төрсөн бөгөөд 13 хүүхэдтэй айлын 12 дахь нь болон хорвоод мэндэлсэн юм. Түүний бага нас тийм ч атаархмаар байсангүй. Эцэг эх нь хэдэн хүүхдээ тэжээхийн тулд олон цагаар ажиллах боловч авдаг хэд нь гэр бүлээ тэжээхэд бараг хүрэлцэхгүй. Сонни бага наснаасаа эхлэн бүтэхгүй хүүхдүүдтэй нийлж, эцэг эхийнхээ чихийг халууцуулах боллоо.

Үүний үр дүнд шатахуун түгээгүүрийн газрыг дээрэмдсэн хэргээр цагдаад баригдаж шоронгийн хаалга татав. Энэ бол арьсны өнгөөр ялгаварлах үзэл ид ханхалж байсан Америкийн нийгэмд ердийн үзэгдэл байсан гэхэд болно. Гэтэл буруу зам руу хальтирч, шоронд орсон явдал залуу Соннигийн амьдралыг орвонгоор нь өөрчлөх учиртай байжээ. Түүнийг шоронд байхад нь нэрт дасгалжуулагч Роман Католик залуугийн авьяасыг илрүүлж чадсанаар тэр боксоор хичээллэх боллоо.

Урьд нь хүнд дээрэлхүүлэхгүй гэж ширэн бээлийтэй нөхөрлөж байсан бол энэ удаа жинхэнэ тамирчны ёсоор хичээллэх болжээ. Амжилт ч дорхноо гарч эхлэв. 1952 оны аравдугаар сард сонирхогчийн бокст хөл тавьж, хэд хэдэн тулаан хийв. “Алтан бээлий” зэрэг олон улсын хэдэн тэмцээнд түрүүлсэн ба 1952 оны олимпийн аварга Эд Сандерсийг ялсан тулаанаараа илүү ихийг дуулгах хүү гэдгээ харуулжээ. Энэ нь түүнийг мэргэжлийн рингэнд хүч сорих хэмжээнд ирснийг нотолсон явдал байв.

 

Аварга цолыг гуядаж авав

Залуу хүчтэн Сонни Листон 1953 оны есдүгээр сарын 2-нд мэргэжлийн рингэнд анхны тулаанаа хийлээ. Сент-Луис хотноо Дон Смит хэмээх эртэй халз тулж нэгдүгээр үед л зүйл дуусгажээ. Үүнээс хойш төдий л нэрд гараагүй боксчидтой тулж, зургаа дараалсан ялалт авав. Харин мэргэжлийн рингэнд орсноос хойш яг нэг жилийн дараа анхны ялагдлаа амслаа. Детройт хотноо болсон тэр тулаанд мань эр Марти Маршаллд оноогоор ялагдсан юм. Боксын хамгийн алдартай залуу одыг буулгаж авсандаа Маршалл ихэд баяртай байсан ч хагас жилийн дараа Сонни хариугаа чангахан авна гэдгийг хэрхэн мэдэх билээ.

1955 оны дөрөвдүгээр сард Сонни Листон-Марти Маршалл нарын хариу тоглолт болов. Ялагдалдаа уурссан Сонни тун хэрцгий тоглож Маршаллыг зургадугаар үед техникийн нокаутаар буулгаж авсан юм. Тоглолтын явцад Маршалл Листоны хүнд цохилтод өртөн дөрвөн удаа унасан гэдэг. Листон алдар нэрээ эргүүлэн авсан ч дахин шоронгийн хаалга татах нь тэр. Энэ удаа цагдаагийн офицер зодсон учир есөн сар төмөр хаалганы цаанаа суухаар боллоо. Гэхдээ шоронд хүмүүжилтэй байсан учир зургаан сарын дараа суллагджээ.