Х.Баттулгын имиж хоосон ертөнцөд алдаатай, оноотой бүрдэж, байр сууриуд нь хянах боломжгүй хийсвэр цуурайгаар уламжлагдсаар байна.

Холливудад 1998 онд бүтээгдсэн “The Truman show” киноны үйл явдал одоогоос 20 жилийн өмнөх үзэгчдэд үнэхээр байж боломгүй зүйл байсан нь лавтай. Эхийн хэвлийд бүрэлдсэн цагаасаа эхлээд телевизийн реалити шоуны үзэгчдийн хүртээл болж байгаагаа олж мэдэх хүртлээ бодит биш хэрнээ аварга том хиймэл павильонд 5000 камерын өмнө амьдарсан нэгэн эрийн түүх л дээ. Найруулагчийн бүтээлч боловч харгис санааг түүний ээж хөхиүлэн дэмжсэнээр реалити шоу бүтсэн хэрэг. Ер нь л хүсээд байх зүйл биш. Гэхдээ гол дүрээс бусад нь буюу найруулагч, шоуны баг амжилт олдог.

Монголчууд 2017 онд 50.61 хувийн саналаар сонгосон манай улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга. Албан өрөө нь Төрийн ордонд, өргөө гэр нь Их тэнгэрт нэртэй ч тэр соошл дотор бий болгосон өөрийн гудамжиндаа ажиллаж амьдардаг. Ерөнхийлөгч болон түүний нэрийн өмнөөс ард түмэнтэйгээ 24 цаг соошлоор тулж харилцдаг бүхэл бүтэн “засаглал” бий болсон. Тэднийг муучлагсад “Монгол ялна”-чууд хэмээн Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгын дэвшүүлсэн уриа үгээр нь хочилдог юм. Сүүлдээ товчлоод “МоЯ”-чууд болгосон харагдана лээ. МоЯ-чуудын дэмжлэгээр Ерөнхийлөгч Х.Баттулгын олсон нэр нөлөөг нь цахим сүлжээнд дөнгөж хэл, хөлд орж ядан яваа Ерөнхий сайд, УИХ-ын даргынхтай зүйрлэх ч юм биш. Түүн шиг олон нийтийн цахим сүлжээг нурууг нь хотолзтол эдэлж яваа хүн өнөөхөндөө Монголын улс төрд үгүй. Энд ямар ч худал зүйл байхгүй. Харин соошл гээч нь бодит зүйл мөн үү, тэнд байгаа хаягууд бүгд бодит хүмүүс байдаг билүү, тэнд илэрхийлж байгаа санаа, үүсгэж буй харилцаа бодитой юу. Цахим ертөнцөд хуурамч хаягуудыг олноор нь оршоох боломжтой, амьд биш харилцаагаар ямар ч үзэл санааг түгээн дэлгэрүүлэх чадалтай хиймэл орон зай гэдгийг өнөөдөр хүн бүхэн гадарлана. “The Truman show” кино болон Ерөнхийлөгч Х.Баттулгын талаар харьцуулах шалтгаан өнөөгийн бодит байдалд бий болсон нь ч үнэн. Тэр яг л Трумэний дүр мэт хиймэл ертөнцөд амьдраад сурчихаж. Трумэнээс ялгаатай нь өөрийн хүслээр, улс төрийн зохиолоор...

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн 2017 оны гуравдугаар сард буюу одоогоос яг хоёрхон жилийн өмнө улс төрийн зах зээл дэх “женко” Х.Баттулгын рейтинг 8 хувьтай байсан бөгөөд хоёрхон сарын дотор 15 хувьд хүрч, санал хураалт явагдсан буюу сонгуулийн сурталчилгаа идэвхижсэн зургадугаар сард бүр 34 хувь болж өссөн. Х.Баттулгын нэр хүнд өдгөө ч магнайдаа тоосгүйгээр судалгаа бүрийн эхэнд давхидаг нь түүний багийн ажлын үр дүн. Монголын топ улстөрчдийн рейтинг гэдэг маань сүүлийн гурван жилд дуучин С.Жавхлангийн хаахна яваагаар л хэмжигддэг зүйл болон хувирсныг энд сонирхуулах нь илүүц болов уу. Итгэмээргүй боловч судалгааны дүн тул үүнийг аль ч улс төрийн нам хэргэлэдэг гарын авлага болой.

Х.Баттулга хэдийгээр АН-ын нэр дэвшигч байсан боловч Ерөнхийлөгч болоход нь түүнд АН-аас илүү өөрийнх нь зохион байгуулсан баг хүчин зүтгэсэн билээ. Одоо нэгэнт намын харьяаллаасаа татгалзсан тул түүний багийн ажил өмнөхөөс улам бүр эрчимжих шаардлагатай болжээ. Х.Баттулгын баг сонгууль болохоос гурван сарын өмнөөс фэйсбүүк, твиттерийг бүрнээ эзэмдэж эхэлснээс өнөөг хүртэл өдөр тутам “нүд хамхилгүй” манаж байна. Тэд чухам хэдүүлээ гэдгийг мэдэх аргагүй. Ил гарч, байр сууриа илэрхийлдэг нь хуруу дарам цөөн боловч тэдгээрийн пост, жиргээг лайкдаж, түгээж, комментоор баяжуулж, өөрөөр хэлбэл Х.Баттулгыг ард түмэнтэй учран золгуулж, амьдруулдаг хэдэн мянган тролл бий. 

Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүний багийн нөхөд заримдаа соошлд тарьсан “ургацаа” таньдаггүй болов уу гэмээр сөрөг тусгал ч харагдана. “Монгол ялна” гудамж өөрийн гэсэн өвөрмөц, бүр экстрим тэрслүү хэв маягтай. Хараал зүхэл, гудамжны үг хэллэг, бүр шоронгийнхны хэрэглэдэг хар яриагаар МоЯчууд жирийн иргэдээс ялгарна. Мөн Ерөнхийлөгчийг дэмжиж байгаа нь энэ гээд Х.Баттулгыг энэ цагт эргэн төрсөн Чингис хэмээн аравнайлан зална. Үүндээ зөнч Вангагийн эшлэлийг шинжлэх ухаанчаар дэлгэн нотолно. Х.Баттулгын байр суурийг хамгаалж байгаа нь энэ байна гээд бүр гол хүнээ эсрэгээр нь баллана. Яг одоо соошлд өрнөж буй ШХАБ-д Монгол Улс элсэх, эсэх тухай маргаанд МоЯ-чууд маань мэдээж манлайлж байна. “Элсэх нь зөв. Монгол ялна” гэцгээнэ. Гэвч Х.Баттулга Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд байр сууриа одоогоор илэрхийлээгүй, түүнийг улс төрийн шинж чанартай ямар нэг алхам хийчихлээ гэж тодорхойлох аргагүй нөхцөл байдалтай л байгаа шүү дээ. Ерөнхийлөгч Х.Баттулгаас эв нэгдлийг сахиулагчийн үүрэг аль хэдийн гээгдэн, бизнесмэн байх үеэс нь зангирч, сайд байх үед нь эрчлэгдсэн өс хонзонгоороо төр тэргүүлж буй “Женко” л харагддаг болсон. Багийн нөхөд нь үүн дээр нэгэнт гал алдлаа. 

Энэ мэтчилэн Х.Баттулгын имиж хоосон ертөнцөд алдаатай, оноотой бүрдэж, байр сууриуд нь хянах боломжгүй хийсвэр цуурайгаар уламжлагдсаар байна. Хуурмаг шинжтэй учраас хэдий зохион байгуулалттай ч нэг л өдөр Трумэний шоу шиг нуран унах, найруулагчийн хүслээс эсрэг зүгт чиглэх аюултай. “Женко” өөрөө захиалагч, найруулагч тул ухрах аргагүй, харин гүйцэтгэгчид нь хойшид тунг нягтлан тохируулж түмэндээ түгээж байгаасай билээ. Тэр чинь хэдийгээр “женко” ч гэсэн Төрийн тэргүүн шүү дээ. “Трумэн шоу” киноны төгсгөлд найруулагч Кристофф “Чи жинхэнэ од болсон” гэж сэтгэл догдлон хэлэх боловч Трумэн сонсохыг ч хүсэхгүй. Х.Баттулгад өөрт нь түүний өмнөөс цахимд бий болж буй алдар нэр, элий балай давалгаа таалагддаг болов уу? Тогтоон барихад, зөв залахад нэгэнт оройтсон ч байж магад. 

ublife.mn