Ц.Элбэгдоржийн “ТАМЫН ТОГОО” БА ЗҮРХНИЙ ӨЧИЛ нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна

1991.01.22

Цагаан морин жил хүнд суртлын тухай бид хэчнээн ч их ярив даа. Коммунист дэглэмийн аймшигт улаан мөр үлдээгүй, түүний шимт хөрс болох хүнд сурталд автаагүй байгууллага гэж уудам Монголд алгаа. Лех Валенса “Хүнд сурталтай тэмцэнэ гэдэг тамын ажил” гэж хэлсэн билээ. Хүнд суртал оршсон газар бүрийг тогоо гэвэл Монголд байсан, байгаа “Тамын тогоо” бүрийг бүртгэж дуусна гэж үү! Нэг нь тогооноос гарах гээд авирч явтал нь нөгөө нь татаад унагачихдаг болохоор “Монголчуудыг хорьсон тамын тогоог чөтгөр манадаггүй” гэсэн явган шог ч бий.

Үнэхээр монголчууд сталинизм гэгч аюулт чөтгөрийн тогоонд хэдэн ч жил шарагдав даа. Түүх, соёл, ухаант мэргэдээ устгуулж доромжлуулсан “морь унасан толгойгүй хүн” шиг айлын тогоог чөтгөр манах ч хэрэггүй байсан биз ээ! Аймшигт тамын тогооноос монголчууд уван цуван арай ядан гарч байна. Зарим нь бие биедээ дэм өгч, зарим нь бие биеэ татан унагасаар байна.

Бие биеэ татан унагасаар, дээгүүр нь исгэрэн өнгөрөх ардчиллын ариусгагч салхийг хий мөрөөдсөөр суугчид олонтой байгууллагын нэг бол Монголын Ардын арми, бүхэлдээ зэвсэгт хүчин мөн гэж мөхөс би таамагланам. Өнгөрсөн оны сүүлчээр энэ байгууллагын толгойн хэсэгт жаахан өөрчлөлт орсон нь үнэн. 21 жил Батлан хамгаалах яамны саарал байшинд сэлгээ нь үгүй алба хашсан 3 сайд, 3 газрын даргын нүүр үзсэн, Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогчоос авхуулаад 15 жил армийн удирдлагад ажилласан дэслэгч генерал Шагалын Жадамбаагийн баг уг байгууллагын залуур дээр суулаа.

Тэднийг юу хийх бол, ямар өөрчлөлт хийх бол гэж Монгол түмэн харсаар, хүлээсээр л. 70 жил үндэсний цэргийн номлолгүй байсан, 65 дахь жилдээ “Шинэчлэлийн үзэл баримтлал” гаргаж хуучныг улам баталгаажуулан үгээ зоригтой хэлэх гэсэн аавын хөвгүүдийн амыг тагласан энэ байгууллагын хувь заяа монгол хүн бүрт хамаатай.

Учир нь армийн албыг дүүргэсэн эрчүүд бараг айл бүрийн хойморт өрх толгойлж суугаа. Том болоод цэрэгт явна гэж хэлдэггүй эрэгтэй хүүхэд гэж бараг байдаггүй биз ээ. Тэд том болоод цэрэгт явах нь лавтай. Эгнээнд нь хөл тавьж байлдагч, бага дарга, сонсогч, офицер гэгдэж халуун тогооноос нь хошуу тосдож явсны учир армийн өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйн тухай бодлоо, арми шиг армитай байхын хүслэнгээ нэгээхэн хором ч орхиж эс зүрхлэв ээ.

Гэвч эр цэргийн арвин шастирт монголчууд сүүлийн үед хүүгээ армид үдэхдээ зүрхшээдэг болжээ. Албаа сайн хаагаад ирээрэй гэдэг байсан аав, ээж “Зодуулчихгүй шиг эсэн мэнд эргээд ирээрэй” гэж захидаг боллоо. Үрээ үнсээд үдсэн хүн амьгүй цогцос тэвэрч өр урагдтал чарлахыг үзлээ. Арван тавны сар шиг аавын хүү зодуурын шархтай хэл ам нь орооцолдсон, ухаан мэдрэл нь орж гардаг, унаж тусдаг, суумгай, мөлхөө болоод ирсэн тухай хүн зон сэтгэл түгшин ярьдаг боллоо. Тэд 1937 оны тамын шоронгоос биш армийн жагсаалаас ийм байдалтай эргэж ирдэг боллоо.

Сүүлийн 5 жилд албан ёсны мэдээгээр Зэвсэгт хүчний хэмжээнд 297 хүн амь насаа алдаж, 2536 цэргийн албан хаагч “харилцааны зөрчил” хэмээх аймшигт тамлалд өртсөнөөс гэмтэж бэртжээ. Сүүлийн 6 жилд 3617 хүн Зэвсэгт хүчний эгнээнээс шоронгийн хаалга татаж, 5 жилд 1990 оны 10 дугаар сарын байдлаар 4756 хүн цэргийн шүүхийн тогтоол сонссоны 3578 нь хугацаат цэргийн албан хаагч байна. Энэ тоог Монголд бүх ял эдлэгчдийн тоотой /5600 орчим/ харьцуулахад түгшүүр төрөхгүй байхын аргагүй. Дээрх баримтаас үзэхэд цэрэг хүнийг сүүлийн үед эрүүл мэндээрээ хохирох, эсвэл шоронд орох хоёр зам голлон угтдаг болсон тухай яриа оргүй биш бололтой.

Надаар оны ялгаа дууссан гэж халагдсан цэрэг бүр ярьдаг сан. Оны ялгаа, харилцааны зөрчил, дэглэгчид хэмээн яригддаг энэ үгсийн утгыг “тамлал, яргалал” гэсэн хоёр үгэнд багтааж болмоор санагдана. Өнгөрөгч хоёр зууны тэртээ манжийн амбан монголын сайн эрсийн ам өчгийг авахын тулд 9 төрлийн эрүү шүүлт тулгадаг байсан тухай түүх өгүүлдэг билээ. Тэгвэл өнөөдрийн цэргийн албан хаагчийн давж гардаг эрүү шүүлтийн тоо зуугийн талд хүрсэн гэхэд хилсдэхгүй болжээ.

Гандан хүлээс, махан овоо босгох, цээжний доргио, эцгийн хайр, комендат хүлээс, цатгах, полируулах, буу цэнэглэх, дициллин шахах, нохой шээлгэх, ургуулах, алуурдах, дэлбээдэх, битүү зодох, хөхүүлэх, амраах, дулаацуулах, хуримын бөгж зүүлгэх, онгоц нисгэх, урлагийн зогсолтоор зогсоох, бух алах, цаазаар авах, унтахыг заах, гэрт нь хариулах, дүрэм судлуулах, дугуй унуулах, ялаа үргээх, трактор асаах, тайтах, янаглах, шоктуулах, шээсэн эмчилгээ, өргөлт, радио, магнитофон, антен, өлгүүр, бэлгийн дур, шанаа байлдаанд, цээж байлдаанд, зургаатын систем, 100 метрийн гараа, эр хүний хийтэй цохилт, галуун цуваа, ухамсрын шанаа, хамгаалалтад … зэрэг тодорхой нэр бүхий эрүү шүүлт байдгийн дээр хадаасаар бие дээр нь юм бичих, орны толгойноос гарыг нь хүлж элэг рүү нь цохих, зодож цусыг нь долоолгох, гарын эрхий хурууг нь утсаар холбож нохой мэт хөтлөх, явахдаа лацдаж орхих, шинэ цэргийг зодуулах зүйлээ олж ир гэж явуулаад олж ирсэн зүйлээр нь зодох, бие биеэр нь ээлжлэн зодуулах, зодож чадахгүй бол өөрийг нь зодох, далан дээр нь гарч зогсоод суниалгах, үсийг нь хуурайгаар нь сөргүүлж хусах... гэх мэт нэр өгч амжаагүй яргаллын хэлбэрүүдийг тоочиж дуусна гэж үү?!

Он жил улирах тутам яргалал төрөл зүйлийн хувьд баяжиж тамлан зовоогч бүр өөр өөрийн “хандив”-ыг нэмэрлэдэг ажээ. Хэдхэн хормын дараа нэг довон дээр шарагдаж мэдэх цэргийн хуаранд танилцсан аавын хөвгүүд бие биеэ юунд ингэж тамлана вэ? Монгол цэрэг хэзээнээс нааш 8 зууны тэртээгээс эв эеийн сайнд ялалт байгуулж дэлхийг донсолгож явсан.

Нэг нэг рүүгээ гар далайх нь байтугай зөрж өнгөрөх бүрдээ хүнд дуулгаа өргөн амар мэндээ мэдэлцдэг байсан.

Гэтэл энх цагт эр цэргийн амь хохирч, эрүүл бие нь өвчтөний дансанд, ялтны ширээний ард хүргэгдэж байх гэж. Дээрх зүйлийг бичихэд байтугай бодоход хэцүү санагдана. Иймээс өөрийн бичлэгийг түр зогсоож хүний бичсэнээс эш татъя. 1990 оны 10 дугаар сарын “Улаан-Од” сонины нэгэн дугаарт “Элэгддэг, хүчинддэг, хулгайлдаг, дээрэмддэг олон хэргээр хал цэргүүд шийтгүүлжээ. Тэр ч бүү хэл бэлгэ эрхтнээ шинэ дайчинд хөхүүлсэн жигшүүрт явдал халагдах дайчнаас гарав.

Үүний цаана илрээгүй үлдсэн өшиглөсөн, шанаадсан, сурдсан зодсон явдлууд бий” гэж бичжээ. Энэ өгүүлбэрээс армийн командлал ямар дүгнэлт хийсэн бол доо! Хүнд ингэж доромжлогдсон эр хүн, яргалал тамлалд үргэлж өртдөг цэргийн албан хаагч үнэн, шударга хоёрын өмнө аврал эрж үхлийг ч сонгодог юм билүү яаж мэдэх вэ. Тангараг өргөсөн цэргийн хүн алтан амиа өөрөө өөрийнхөө гараар бусниулах тохиолдол Зэвсэгт хүчний хэмжээнд гарсаар л байна.

1986-1990 оны 10 дугаар сарын байдлаар Зэвсэгт хүчний хэмжээнд амиа хорлосон цэргийн албан хаагч 43, хүний гарт өртөж амь насаа алдсан цэргийн албан хаагч 38 гэсэн албан ёсны тоо бий. Мөн энэ хугацаанд армийн клиникийн төв эмнэлэгт хугацаат цэргийн албан хаагч 18418 хүн эмчлүүлж, 3746 нь цэргийн эмч нарын комиссоор орж “цэргийн албанд тэнцэхгүй” гэсэн бичигтэй халагджээ. Энэ хооронд зөвхөн эмчилгээнд 449911 төгрөг зарцуулсан байна. Дээрх тоонд БЦ-ийн, ХЦ-ийн зэрэг бусад эмнэлэгт эмчлүүлсэн цэргийн албан хаагчийн тоо ороогүй юм. Цэргийн анги бүр онош нь тодорсон өвчин, шарх, гэмтлийг анагаах боломжтой өөрийн эмнэлэгтэй, тэндээ дайчдыг эмчилдгийг хэлэх нь зүйтэй болов уу! Эмнэлэгт зодуулсан, бэртсэн цэрэг бүр хэвтдэггүй ч нийт гэмтэл авагчдын 98 хувь нь толгойдоо, шилбэндээ бэртэлттэй гэсэн судалгаа бий.

Хугацаат цэргийн албан хаагчдын тоог сүүлийн хоёр жилд 13 мянган хүнээр хорогдуулсан тухай албан ёсоор Монголын Зэвсэгт хүчин зарлан тунхагласаар байгаа. Гэвч амь насаа алдагсад, бэртэж гэмтэгсэд цэргийн албанаас чөлөөлөгдөгсдийн тоо урьд онуудынхаас буурахгүй, харин нэмэгдсээр байна. Зэвсэгт хүчний командлал, анги байгууллагын удирдлага дээрх үзэгдлийг “арилгах”-ын төлөө өдөр шөнөгүй зүтгэсээр, арга хэмжээ авсаар л байгаа дуулдах юм. Гэтэл байдал сайжралыг олоогүй байгаа аж. Хуарангийн социализмын аймшигт үр дагавар, коммунист дэглэмийн үлдээсэн, үлдээсээр байгаа ул мөр, өвийг бид үнэн зөвөөр нь, байгаа байдлаар нь харж эхэлж байгаагаас гашуун гашуун гэхэд дэндүү гашуун үнэнтэй улаан нүүрээрээ учрах болжээ.

“Комисс” гэж манайхны ярьж заншсан цэрэгт татагдахын өмнөх үзлэгээс эрүүл мэндээр тэнцэхгүй буцаж буй залуусын тоог гаргахад бэрхтэй болжээ. Хөвсгөл аймгийн нэг сумаас 20 залуу цэрэгт мордсоны 19 нь тэнцээгүй буцсан тухай мэргэжил нэгт нөхөр минь ярьж билээ. Монголын хүн амын бараг тэн хагас нь эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд 40 хувь нь амьсгалын замын өвчтэй гэсэн мэдээ ч бий. 1989 онд цэргийн албанд ирсэн дайчдын дөрвөн мянгад нь эрүүл мэндийн үзлэг хийхэд 40 гаруй хувь нь архаг өвчтэй болох нь тогтоогджээ.

Сүүлийн үед оюуны хомсдолтой, сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний тоо олон мянгаар яригдах боллоо. Дээрх тоо улс орны хөгжил, ахуй амьдралын нөхцөлтэй шууд хамааралтай бөгөөд Монгол орон “хөгжингүй социализм” руу биш, улс үндэстний хувьд мөхөл сүйрлийн ирмэгт тулж ирсний нэгэн илрэл энэ мөн буй за. Зарим талаар нийгмийг эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх үүрэг гүйцэтгэдэг Зэвсэгт хүчин үүнд ямаршуухан “хувь нэмэр” оруулж байна даа.

“Цэргийн нууц”, “социализмын нууц”… гээд мөн ч олон нууцтай байж билээ. Харин саяхан Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Гаваа цэргийн сахилга, танхайралтай холбоотой нууц гэж байхгүй, бүгд ил тод гэж цэнхэр дэлгэцээр олон түмэнд мэдэгдсэн нь тун содон сонсогдож байлаа. Цэргийн албан хаагчаас армийнхны хэлдгээр “харилцааны зөрчил” гэж хэлж заншсан зүйлийн тухай асуувал “Тийм юм байхгүй”, “юу ч байхгүй, ёстой л жаргаж байна” гэж хариулна. Зарим анги байгууллагын удирдлага “манайд сүүлийн “тэдэн” жил харилцааны зөрчил гарсангүй”, “тийм юм бүрэн арилсан” гэж танилцуулна. Батлан хамгаалахын сайд Улсын Бага Хуралд Зэвсэгт хүчний анги байгууллагын гуравны нэгд нь харилцааны зөрчил гараагүй тухай мэдээлж байсан.
Дээрээсээ доороо, доороосоо дээрээ хүртэл дутагдлаа нуудаг уламжлалт ёс тогтож, байгаа зүйлийг байхгүй мэтээр яриад заншчихсан газар бол цэргийн байгууллагууд яах аргагүй мөн. Үнэхээр шалдан хүнийг хувцастай, яргалал тамлалыг даахгүй нүднээс гарсан цэргийг жаргаж байгаа, танхай балмад байлдагчийг сахилгатай цэрэг гэж өнөөдөр ч ярьсаар байна.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ