Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д элсэх тухай асуудал хүн бүрийн анхаарлыг татаж байгаа. Уг нь манай улс энэ байгууллагад 2004 оноос хойш ажиглагчийн статустай явж ирсэн.

Гэтэл өнгөрсөн жилээс ШХАБ-ын жинхэнэ гишүүнчлэлтэй орон болъё гэх яриа гарч эхлэв. Эрдэмтэн судлаачид, энгийн ард иргэд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, төрийн өндөр албан тушаалтнууд ШХАБ-д орох нь“зөв”, “буруу” гэж талцаж байх зуур манай зарим яам, агентлаг түрүүчээсээ элсээд эхэлсэн бололтой. Үүний баталгаа нь Гадаад харилцааны яамнаас гаргасан мэдэгдэл байна. Тус яамны хэвлэлийн төлөөлөгчийнх гэх тодотголтой тэр мэдэгдэлд “...Монгол Улс бүс нутгийн интеграцид нэгдэх хүчин чармайлтаа цаашид ч тууштай үргэлжлүүлж, өөрийн улсын эрх ашгийн дагуу бүс нутгийн олон талт яриа хэлэлцээнд идэвхтэй оролцоход чиглэсэн үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг эрмэлзэх болно...Гадаад бодлого, гадаад харилцааны асуудал нь зөвхөн нэг улсын асуудал биш бөгөөд цаана нь заавал нэг болон бүлэг улс, эсвэл олон улсын байгууллагатай харилцах асуудал байдаг учир бид цаад харилцаатай субьектийнхээ эрх ашгийг хүндэтгэж, үг хэл, үйлдлээ нэн болгоомжтой илэрхийлж байх учиртай...” гэжээ. Эндээс харахад тус яам ШХАБ-д аль хэдийнэ элсээд зогсохгүй дүрмээр нь ажиллаж байгаа бололтой байна.

ШХАБ-ын гол дүрэм бол ардчилсан үзэл санааны эсрэг байдаг. Төрийн эрх мэдлийг ард түмний хүсэл зориг, эрх, эрх чөлөө, сайн дурын хүлээн зөвшөөрөлт, эрх зүйт хуульд тулгуурлан хэрэгжүүлдэг ардчилсан дэглэмийг хэрэгжүүлэхээс шууд татгалздаг гэсэн үг. Ингэснээр албадлага, хүчирхийллийн аргаар эрх баригчид дур зоргоороо ноёрхлоо тогтоох боломж нь цогцолдог. Яагаад гэвэл тотилатор дэглэм ШХАБ-ын үзэл санааны цөм нь юм. Энэ нь нийгмийн бүх үзэгдэлд туйлын хяналт тогтоохыг эрмэлздэг улс төрийн дэглэм. Италийн фашизмыг үндэслэгч Б.Муссолини 1925 онд өөрийн улс төрийн хөдөлгөөнийг тотилатор дэглэм гэж тодорхойлсон байдаг шүү дээ. Тэгэхээр тотилатор дэглэмийг муулж, шүүмжлэх нь хориотой. Хэрэв энэ дэглэмийн удирдагчийг нь элдвээр хэлэх юм бол шууд барьж хорьдог гэж байгаа. Тэрийг нь гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээрээ дамжуулан “Цаад харилцаатай субьектийнхээ эрх ашгийг хүндэтгэж, үг хэл, үйлдлээ хяна” гэсэн санааг тодоос тод анхааруулаад байна шүү дээ.

Бас түүний мэдэгдэл ШХАБ-д элсэхийг хамгийн ихээр эсэргүүцэж буй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарт зориулагдсан гэж харагдаад байгаа. Энэ тухай “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэх асуудлаар төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим хүмүүс хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр улстөржсөн мэдээ, мэдэгдлүүд гаргаж буй нь туйлын харамсалтай... Гадаад бодлогын асуудлыг дотоод улс төрийн маргааны талбар болгох нь улс орны эрх ашигт болон манай улсын гадаад харилцаа хамтын ажиллагааны хөгжил дэвшилд сайн үр нөлөө авчрахгүй” гэж мэдэгдэлд дурдсан байгаа юм л даа.Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуульд хариуцлагатай иргэн, жирийн иргэн гэж тусгаарлаж заадаггүй.

Монгол Улсын иргэн гэж тодотгосон байдаг. Тэгэхээр Гадаад харилцааны яамнаас гаргасан мэдэгдэл Монголын нийт ард түмэнд хандсан гэж ойлгогдохоор байна. Үүгээрээ тэд “ШХАБ-д элсэхийг эсэргүүцэж болохгүй, хөрш орнуудын удирдагч болох В.Путин, Си Жиньпин нарыг элдэвлэн гоочилж болохгүй” гэж лүндэн буулгаад монголчуудыг зааварчилж эхэллээ. Үүгээрээ ШХАБ-д “хөл тавьсан” Гадаад харилцааны яам Монгол Улсын иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрхэнд халдаж байгаагаа мэдэж байна уу.

Энэ мэтчилэн манай гадаад бодлогыг тольдогч яам, төрийн томчууд, дарга нарын ярьж, хэлээд байгаа үгсийг хараад байхад Монгол Улс ШХАБ-д элсэх шинжиндээ орж байх шиг байна. Зүгээр нэг нийгэм даяар шуугьсан хөөс биш болж таарлаа. Ард түмэн тэнэг биш. Асуудлын буруу, зөвийг ялгана. Юуны тулд бид улс орны болоод ард түмний эрх ашигт үл нийцсэн төр баригчдын харалган шийдвэр, хувийн ашиг сонирхлын эсрэг тэмцэж чаддаг эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа билээ дээ. Ард түмэн ШХАБ-ын эсрэг дуу хоолойгоо нэгтгэхэд амархан болсон.

Сошиал сүлжээ хүн бүхний өмнө нээлттэй байна. Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх талбар бол энэ. Хуучин цагт шударга бусын өөдөөс зөвхөн “Өдрийн сонин” л ганцаараа үзэлцдэг байсан. Одоо ч ардчилал, хүний эрх, эрх чөлөөний индэр болсоор байгаа. Тэгвэл өнөөдөр бид хань ихтэй болсон шүү.

Эцсийн бүлэгтээ Монгол Улс ШХАБ-д орох, орохгүйг УИХ л шийднэ. Байнгын хороогоор нууцаар санал оруулж, зөвшилцөх маягаар асуудлыг явуулсан ч парламентын хуралдаан ард түмэнд нээлттэй хүрч байгаа. Эндээс хэн нь ШХАБ-д элсэхийг дэмжиж, хэн нь эсэргүүцэж буйг нь ил тод харах боломжтой. Гэвч улс төрийн нөхцөл байдлаас үзэхэд гишүүд найдваргүй, барьцаанд орсон харагдаад байна. Яалт ч үгүй ЖДҮ-дсэн 14 гишүүн эрх баригчдын кнопны барьцаанд дэгээдүүлсэн бололтой. Тэдэн дээр нэмээд ШХАБ-ын үзэл санааг дэмждэг хорин хэдэн гишүүн түвэггүйхэн олдчихно. Ингээд УИХ-ын олонхын шийдвэрээр Монгол Улсын хувь заяа тотилатор дэглэм рүү очиход ойрхон байна. Тэгвэл яагаад ийм хяналттай, эрх чөлөөгөө хязгаарлуулсан нийгмийн замыг сонгож,ШХАБ-д орох гээд үхэн хатан тэмцээд, эрчимтэй тэмүүлээд байна вэ. Хамгийн түрүүнд эдийн засгийн ашиг сонирхол гэж тайлбарлаж байгаа. Үнэн хэрэгтээ энэ бол өнгөлөн далдлалт. ШХАБ-д элсэхэд эдийн засаг ямар ч хамаагүй. Цаад зорилго нь Орос, Хятад зэрэг дарангуйлагч улсуудад эрх ашиг нь нэгдсэн, тэдэнд дагаар орсон улс төрийн том зүтгэлтэн нарын шоронд насаараа хатахаас бултах цорын ганц арга нь ШХАБ байна.

ШХАБ-ын дүрмээр нэг хүн насан туршдаа дарга хийнэ. Сонгууль болсон ч дахиад л сонгогдсон мэтээр жүжиглэж улираан зална. Учир нь тэр удирдагчаа шүүмжилж, муулсан хүн баригдаж, хоригдох учир ноёрхол нь бат бөх оршдог. Харин манайд парламентын сонгууль болбол одоогийн улс төрийн өндөр, дунд шатны зүтгэлтнүүд бүгд унана. Ард түмэн тэднийг дахиж сонгохгүй болохоор төрд гарч чадахгүй гэдгээ өөрсдөө ч сайн мэдэх биз. Тэгээд ч заримыг нь ял шийтгэл хүлээж байгаа гэх юм билээ. Ийм нөхцөл байдлаас бултаж, насаараа төрийн удирдлагыг гартаа авахын тулд Монголын ард түмнийг барын аманд барьж өгөх гэж байх шиг байна.