ЗХЖШ-ын алба хаагч амиа алдсан талаар бид өнөөдөр мэдээлсэн.  Мэдээг энд дарж үзнэ үү.

Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор ЗХЖШ-ын  Хяналт шалгалт, үнэлгээний газрын шинжилгээ үнэлгээний ахлах мэргэжилтэн, Дэд хурандаа С.Өлзийтогтох албан ёны тайлбар өглөө.

2019 оны хоёрдугаар сарын 28-нд 310 дугаар ангийн сарын төлөвлөгөөт ажлын дагуу "Найман шарга" сувиллын газар хайрга татахаар томилогдсон хоёр ажилтан албан үүргээ гүйцэтгэж явахдаа осолд орсон. Хайрга татах ажилд нэг энгийн жолооч, мөн ахлах ахлагч Я.Г туслах жолоочоор томилогдон явж байсан. Тухайн үед ачааны машин дээр хайрга ачиж дуусаад хөдөлсөн байна. Зуун мод орчмын элсний карьер дээр хөрс нь элсэрхэг, газар нь гулгамтгай нөхцөл байдалтай байсан учраас машин дээшээ өгсөж явахдаа хүч алдан зогсжээ. Ийм нөхцөлд машинаа хөдөлгөхийн тулд ахлах ахлагч Я.Г нь буугаад эв хийн туслахаар болсон. Энэ үед жолооч, ахлах ахлагч хоёр үл ойлголцсоны улмаас машин ухарч, гулган осол гарсан байна. Манай 310 дугаар ангийн харьяа "Найман шарга" сувиллын газрын барилгын үйл ажиллагаанд буюу цахилгааны шугам татах ажилд туслахаар явж байсан.

Ослын газарт 19.00 цагийн орчимд очиход цагдаагийн байгууллагад мэдэгдээд цагдаагийнхан ирж ослын газар үзлэг, шалгалт хийсэн гэж ойлгож байгаа. Амиа алдсан ахлах ахлагч, 51 настай, эрэгтэй Я.Ганболд гэж хүн байсан. Жолоочийг Налайх дүүргийн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй. Ийм үйл явдал болсныг ЗХЖШ-ынхан тухайн өдөр мэдсэн" гэв.