-С.БАЯРЦОГТЫН ОФФШОР НАЙЗ Р.БАЗАРЫГ ХАМГААЛАХ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦЛАХГҮЙ БАЙХ ЯМАР ШАЛТГААН Х.ХЭРЛЭН БОЛООД У.ХҮРЭЛСҮХ НАРТ БАЙНА ВЭ?-

Төв аймгийн Заамар сумын нутаг дахь “Эко Алтан заамар” компанийн ил уурхайд нуралт үүсч, осол гарсны улмаас зургаан хүн дарагдаж, дөрөв нь сураггүй болоод байснаас хоёрыг нь онцгой байдлын алба хаагчид таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийсний дүнд олж, цогцсыг гаргаад байгаа. Одоогоор ослын эцсийн дүгнэлт хараахан гараагүй ч Мэргэжлийн хяналт болон Онцгой байдлын албаныхан уурхайн усан сангаа буруу байршуулснаас үүдэн нуралт үүссэн гэж байна. Энэ талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан “Эрүүгийн хэрэг үүссэн учраас хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй. Ослын шалтгааныг тогтоосон. Ослыг бүртгэх, судлах комисс хэргийн газар ажиллаж байна. Аврах ажиллагаатай зэрэгцээд хяналт шалгалт давхар явагдаж олон зүйл тодорхой болсон ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Хатуухан хэлэхэд, баялгийн хараалд идэгдчихээд буй манай улсын хувьд ил далд олон ч уурхайд хүний амь эрстэх, гэмтэх бэртэх тохиолдол бүртгэгддэг хэдий ч хэн нэгэн хариуцлага үүрэлгүй тэгсгээд хаягддаг. Энэ удаагийн осол хэдийгээр компанийн удирдлагуудын буруу шийдвэр, тооцооллоос үүдсэн, түүнээс нь болж олон хүний амь эрстчихээд буй ч мөн л хариуцах эзэнгүй хаягдана гэсэн хардлагыг учир мэдэх хүмүүс хэлж байна. Учир нь “Эко Алтан Заамар”, “Алтайн хүдэр” компаниудын цаад эзэн болох “баян” хэмээх тодотголтой Р.Базарын ар тал, хэлхээ холбооны хүчийг баргийн аавын хүү тасдаж дийлэхгүй гэнэ. Ямартаа л Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат 2018 оны долдугаар сарын 16-ны өдөр 2018/02 тоот дүгнэлтээр “Эко Алтан Заамар” компанийн MV-007712 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг гаргаж Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэнд хүргүүлсэн ч нүүр рүүгээ нулимуулсаар өнөөдрийг хүрэхэв дээ. Харин Х.Хэрлэнгийн энэхүү том зангийн учир нь мань эр “Эко Алтан Заамар”-аас хувь  хүртдэг, Р.Базарын олон лицензийн хамтрагч байсан гэх мэдээллийг өөр нэг эх сурвалжаас мөн өгч байна.

Х.ХЭРЛЭН & Р.БАЗАР БУЮУ ХАРДАХ СЭЖИМ-1

 Улстөр, бизнесийн хүрээнийхэн дунд “кадастрын” гэгддэг Хэрлэн нь Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг МАН-ын генсек байх үеэс шадар туслахуудын нь нэг байсан. Тэрбээр огцом буюу 2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны даргаас ажлын гараагаа эхэлж, энэ цагаас лицензийн хууль бус наймааг “хөгжүүлэхэд” үнэтэй хувь нэмэр оруулж, толгой баячуудын тоонд орсон нэгэн ч гэгддэг. Монголын хамгийн залуу долларын тэрбумтан ч гэдэг. Уул уурхайн томоохон компаниудын хувьцаа эзэмшигч болж карьераа өсгөсөн түүний цэвэр ар тал нь өнөө хэр У.Хүрэлсүх, Я.Содбаатар нар байсаар байгаа гэдгийг намын нөхөд нь ярьж байна. Залуу тэрбумтан 2002 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 441А тоот лицензээр “Алтан дорнод” ХХК-д Заамарын Ар наймганы 485 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, улмаар хувь хүртсэн гэгддэг. Түүний хамгаалалтын хүч нь аль эртнээс байсан гэдгийн илэрхийлэл болж Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ТУЗ-ийн даргын албыг хавсран гүйцэтгэж явсан чадалтай эр. Улсын мөрдөн байцаах газраас ашигт малтмал эрхлэх албан ёсны зөвшөөрлийг хууль бусаар өөр этгээдэд давхардуулан олгосон хэргээр 2005 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч тэгсгээд замхруулчихсан. Нэгэн үе Дорнодын Улааны холимог металлын ордыг БНХАУ-ын  хөрөнгө оруулалттай  “Шинь Шинь” компанид луйвардан олгосон гэгдэж байсан Х.Хэрлэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ төрийн мэдлийн Шивээ-Овоогийн  лицензийг 2004 оны арванхоёрдугаар сарын 10-23-ны хооронд “Шинэ шивээ” компанид шилжүүлсэн байдаг. Үүнийхээ дараахан “Шинэ шивээ” ХХК-д хувь эзэмшдэг болсон гэлцдэг. Тэрбайтугай улсын төсвийн хөрөнгөөр /400-680 сая төгрөгөөр/ хайгуул хийсэн ордуудыг АМХЭГ-ын дарга асан Д.Жаргалсайханы тушаалаар Кадастрын хэлтсийн дарга Х.Хэрлэнгийн мэдэлд шилжүүлсэн гэх мэдээлэл нэг хэсэг шуугиан тарьж байсныг уншигчид мартаагүй биз ээ. Энэ их эрх мэдэл, зоргоор авирлалтын ард Х.Хэрлэн гэгч ганцаар байсаар байгаа юу гэдэг өөрөө том асуулт.

Х.Хэрлэнг У.Хүрэлсүхийн хүн гэдэг бол төрийн мэдэлд байсан “Шивээ овоо” ХК-ийн эзэмшилд байсан нүүрсний орд газрын лицензийн 85 хувийг гартаа оруулсан гэгддэг А.Эрдэнэбат (Түүнийг мацагтан П.Анужингийн нөхөр гэдгээр хүмүүс сайн мэддэг) нь тухайн үед Үйлдвэр, худалдааны дэд сайд байсан Я.Содбаатартай лиценз эзэмших тал дээр тун анхаарал татмаар гэрээ байгуулж байв. Ингээд зогсохгүй У.Хүрэлсүх, Я.Содбаатар, Д.Зоригт нар А.Эрдэнэбатын хамт МАСЗХ гэгчийг МАХН-ын дэргэд байгуулж, дээш гарсан нэгнээрээ дамжуулж хамтын бизнес эрхэлж эхэлсэн гэх мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа шарлаж амжаагүй байна. Түүнийг “Шивээ овоо”-гийн лицензүүдийг хятадуудад маш их хэмжээний доллараар худалдсэн гэдэг. Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ тус уурхайн үйл ажиллагаатай танилцаад, Үйлдвэр худалдааны дэд сайд Я.Содбаатар, Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд У.Хүрэлсүх нарт үүрэг даалгавар өгснөөр 13311А, 13312А, 13313 А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайг “Эрдэнэс MGL” ХХК-ийн мэдэлд шилжүүлэн, түүнээс нь Шивээ Овоогийн уурхай түрээсээр ашиглахаар зохицуулж, түүнийгээ 2008 оны есдүгээр сарын 3-ны өдөр гэрээ болгон баталгаажуулсан байдаг. Гэрээнд Засгийн газрыг төлөөлж ҮХЯ-ны дэд сайд Я.Содбаатар, “Шинэ Шивээ” ХХК-г төлөөлж захирал А.Эрдэнэбат гарын үсэг зурснаас хойш тус компанийн захирлын албыг Х.Хэрлэн даргын дүү Х.Чингис, мөн У.Хүрэлцоож нарын нөхөд ээлжлэн хашиж байв. Тэгэхээр “Эко Алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхгүй цааргалсаар өнөөдрийн осол гарах хүртэл ажиллуулж, олон өрхийг өнчрүүлсэн эмгэнэлт явдалд биет бусаар оролцлоо гэгдэж буй Х.Хэрлэнгийн ард удаа дараагийн фактуудаар У.Хүрэлсүх, Я.Содбаатар нар гарч ирсээр байгаа юм.

Х.ХЭРЛЭН & Р.БАЗАР БУЮУ ХАРДАХ СЭЖИМ-2

Харин хэзээнээсээ “баян” тодотголыг өөртөө нааж, барагтайд ил гарч явдаггүй хэрнээ Монголын сайхан хүүхнүүдийг ээлж дараалан эхнэрээ болгон сольсоор “Монгол газар”-ын Мянганбаяраас дутуугүй “хүүхний эрлэг” мэт амьдарч яваа Раднаабазарын Базар нь Сангийн сайд асан С.Баярцогтын найз. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос С.Баярцогтын оффшор дансны холбоотнууд хэмээн нэрлэгдсэн гурван эрхмийн нэг нь Р.Базар байв. Тус холбооноос АПУ компаниар овоглодог, Шунхлай группийн эзэн П.Батсайхан, “Ньюком” компанийн ТУЗ-ийн дарга Ц.Болдбаатар, “Алтайн хүдэр” уул уурхайн компанийн захирал Р.Базар нарыг зарлаж байсан. С.Баярцогт ч өөрөө найз нартайгаа нийлж компаниа байгуулсан хэмээн баталж байв. Тэрбайтугай, Швейцарь дахь мөнгө нь Монголын нэр бүхий бизнесмэнийнх гэж зарласнаар тухайн мөнгөний эзэн П.Батсайхан уу, Р.Базар уу гэх асуулт, хайлтыг үүсгэж байлаа. Ямартай ч Р.Базарын эзэмшлийн “Алтайн Хүдэр”, “Эко Алтан Заамар” компанийн уурхай, ажлын байрууд дээр удаа дараалан хүний амь эрсдэж байсан ч хэн ч хариуцлага хүлээлгүй хаагдсаар буй нь үнэн юм.

Харин 2009 оны аравдугаар сард С.Баярцогтын дансанд 9.2 сая ам.долларыг П.Батсайхан, Р.Базар нарын хэн нь ямар шалтгаанаар шилжүүлсэн бэ гэдэг хууль хяналтынхны хүрээнд шалгагдаж тодорхой болсон биз. Улмаар С.Баярцогт дансныхаа мөнгөн дүнгийн хэмжээг 50 сая ам.доллар болгон өргөжүүлэх хүсэлтийг тус банкинд тавьж байсан байдаг. Тэгэхээр цалингаас өөр тодорхой орлогогүй гэж хэлж болохоор байсан С.Баярцогтын хувьд эл 50 сая ам.доллар болоод түүнээс дээш байж мэдэх мөнгөний эх үүсвэр хаанаас хэрхэн орж ирэх гэж байсан, үүнд нэр дурьдагдсан найзууд гэх Р.Базар, Ц.Болдбаатар, П.Батсайхан нар хувь хүртэлцэх байсан уу зэрэг асуултууд байсаар байгаа. Учир нь 2013 оны наймдугаар сард Лео Шиу болон С.Баярцогт нар уулзаж, банкны дансаа өргөтгөх талаар ярилцсан байдаг. Үүнийг Лео Шиугийн “Ноён С.Баярцогт болон П.Батсайхан та бүгдтэй дахин уулзсандаа таатай байна. Та бүгдтэй уулзсан уулзалт, яриа болон “Монет” рестораны хоол надад таалагдсан. Маш гайхалтай байсан. Та бүгдийн хүссэнчлэн бид та бүхэнд тусгай зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэхдээ таатай байх болно” гэх утга бүхий захидал нотолдог. Захидалд дурьдагдсан мөнөөх уулзалтад Р.Базарыг мөн байсан гэдэг. Тэгэхээр “баян” гээч Р.Базарын ард эрхэм С.Баярцогт, цаашлаад Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэргүүтэн гарч ирээд байгаа юм.

Х.ХЭРЛЭН & Р.БАЗАР БУЮУ ХАРДАХ СЭЖИМ-3

Харин Х.Хэрлэн болоод “баян” Р.Базар нарын ард гарч ирээд буй нөхөд болох У.Хүрэлсүх, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар улстөрийн болоод уул уурхай, ашигт малтмалын ашиг сонирхлоор хэлхэлдэж гарч ирсээр байна. Гэр бүлийн хүнээ эмчлүүлэх шаардлагаар хэмээгээд улстөрөөс хэсэг хугацаанд чөлөө авсан Ухнаагийн Хүрэлсүхэд тухайн үеийн Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг санал тавьж Шадар сайдын албан тушаалд томилж байв. Цэргийн их сургууль дүүргэсэн офицер цолтой, түс тас яриатай, дургүйгээ хүргэсэн нэгэнтэй шулуухан гар зөрүүлчихдэг, УИХ-ын чуулганы танхимд Гарьдхүүгийн Баярсайхан гишүүнтэй ам муруйж, “ухамсрын” шанаа өгч дуулиан тарьж байсан түүнийг нам дотор нь М.Энхболдын эсрэг тавих сонирхол МАН-д гэхээсээ АН-д, тэр дундаа Ч.Сайханбилэг, С.Баярцогт нараас цухалзаж байсан нь нууц биш байлаа. Үнэндээ тэр цагаас хойш буюу 2014 оноос цухалзсан АН-ын эрхэм сайдуудын санаа сая бодит биеллээ олсныг бид харсан.

Цухасхан хардахад хөврөөд орж ирэх фактуудын хөнгөхөн жишээ энэ. Тэгэхээр У.Хүрэлсүхийн халаасанд хадгалагдаж явдаг Х.Хэрлэн гэгчийн удирддаг Ашигт малтмал газрын тосны газар яагаад өнөө хэр С.Баярцогтын оффшор дансны найз болох Р.Базарын компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлахгүй цааргалаад байв. Газрын дорх баялагт гэнэ гэнэхнээр нэр нь татагдан орж ирдэг У.Хүрэлсүх, Я.Содбаатар нар “хөөрхөн” дүү Х.Хэрлэнгийнхээ нэрээр түүний компаниудаас хувь хүртдэг байсан уу.  Тэдэнд С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын эрхэм дээд найз Р.Базарыг хамгаалах ямар нэг өр үүссэн байв уу. Энэ мэтчилэн “Эко Алтан Заамар”, “Алтайн Хүдэр” нэрт компаниудын хязгааргүй эрх мэдэлд чимээгүйхэн хүрчихээд яваа олон арван лицензүүдийн эзэн Р.Базарын хөлд зангидсан уяаны үзүүрийг хөөвөл хэн атгаж, хэрхэн хамгаалж суугааг олж мэдэх нь хэсэгхэн цаг хугацааны асуудал бололтой.  

niigmiintoli.mn