Нийслэлийн Сүхбаатар дүүргийн I сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Бум-Эрдэнэ, БСШУСЯ-ны харьяа “Шинэ эхлэл” лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнэ нар бусдаас хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан билээ. “Шинэ эхлэл”-ийн захирал Л.Эрдэнийг 10 сая төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 10 сая төгрөгөөр торгох ял оноосон талаар бид өмнө нь мэдээлсэн.  Тэгвэл түүний араас хахуулийн хэргээр Нэгдүгээр сургуулийн захирал ял авлаа. 

АТГ-аас 2018 оны аравдугаар сарын 4-нд Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн Г.Бум-Эрдэнийг баривчилсан талаар бид мэдээлсэн. 
Тэрбээр нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас сурагч шилжүүлэн авахдаа хахууль авдаг байсан хэрэгт холбогдоод байгаа юм. Тодруулбал, “Нэгдүгээр сургуульд энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн 40-60 хүүхэдтэй 6 бүлэг хичээллэхээс  БСШУСЯ-наас тухайн хүүхдийг элсүүлэх цохолттой ирсэн 41 хүүхэд байсан. Нэгдүгээр сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байна” гэж АТГ-аас мэдээлсэн. Үүний дараахан тэрбээр авлига авч байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригджээ. 
 Тэрбээр энэ талаар “Боловсролын яамны албан тушаалтны цохолтоор 41 хүүхэд элсүүлсэн. Хахууль, хандивын асуудлыг таслан зогсоохын тулд л бид ажиллаж байгаа” гэх мэдээллийг “Монголын мэдээ” сонины есдүгээр сарын 26-ны өдрийн  дугаарт өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. 
Г.Бум-Эрдэнэ нь 1975-1985 онд Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийг төгссөн. МУИС-ийн математикийн ангийг дүүргэсэн. 2002-2007 онд Нэгдүгээр сургуулийн сургалтын менежер буюу хичээлийн эрхлэгчээр ажилласан. 2017 оноос эхлэн Нэгдүгээр сургуулийн захирлаар ажиллаж байгаа нэгэн юм.
Тэгвэл Г.Бум-Эрдэнийн энэ хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шилжсэн. Г.Бум-Эрдэнэтэй хамт М.БатЭрдэнэ, Ч.Мөнхбат, А.Уянга, А.Баянмөнх, О.Оюунтунгалаг нарыг хахуулийн хэргээр гэм буруутай эсэхийг шүүнэ.  Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.4.4,  22.5.1-д зааснаар яллах  дүгнэлт үйлдсэн байна.  Эрүүгийн хуулийн 
22.4.4. Хахууль авах
4.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 
22.5.1 Хахууль өгөх 
1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. 

Г.Бум-Эрдэнийг хууль, тогтоомж зөрчин Багшийн мэргэжил дээшлүүлэх инстиут, нийслэлийн Боловсролын газрын харьяа байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн тохирч, хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг I сургуульд элсүүлэх, шилжүүлэн суралцуулсныхаа төлөө эцэг, эхээс y, удаа дараа хахууль авсан гэм буруутайд тооцож, 12 сая төгрөгөөр торгох ял оноов.
Харин Авлигын эсрэг хууль болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмээ зөрчиж, авлигын хэрэгт хамтран оролцож, өөртөө болон танилууддаа хууль бус давуу байдал бий болгосон үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхбатыг 10 сая, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын дэд захирал О.Оюунтунгалаг болон дээрх хүмүүст хахууль өгсөн хэрэгт холбогдсон А.Уянга, А.Баянмөнх, М.Батэрдэнэ нарыг тус бүр 2.7 сая төгрөгөөр торгохоор болжээ. Мөн дээрх албан тушаалтнуудын төрийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хассан байна.