Үнэн худлын аль нь вэ? аль нь?!

Дэлхийн таван тив, дөрвөн далайд болж өнгөрсөн, одоо мөн болсоор байгаа бүхий л дайн, тэмцэл, аллага, хавчилгын цаад ганц, гол шалтгаан нь өмч, баялаг байжээ. Томоос нь дурдвал дэлхийн I ба II дайны шалтгаан нь мөн л өмч, хөрөнгө байв.

Өмч, хөрөнгөнөөс болж зарим оронд төр ба шашин хоёр хэдэн зуун дамнасан далд тэмцэл хийж тэр нь ужигран иргэний дайн болж хувирсан тохиолдол ч бас буй. Энд бахархан тэмдэглэхэд харин шинжлэх ухаанаас мухар сүсэг болон шашинтай хийж ирсэн тайван тэмцлийн ганц шалтгаан нь ердөө л үнэн, зөв мэдлэгийн төлөө байжээ. Хэлэх гэсэндээ шууд оръё. 

“Манан (МАН-АН), Шударга бусын хонгил” хэмээн нэрлэгдэх болсон хоёр аюулын талаар хот, хөдөөгүй л шуугицгаах боллоо. Эхнийх нь төрийн эрх барьж ирсэн улстөрийн хоёр намын удирдах дээд бүлэглэлийн хуйвалдаан, нөгөөх нь өөрсөд нь үг дуугүй захирагдахаас татгалзсан улстөрчдийг, төрийн албан хаагчдыг замаасаа зайлуулж бүр эрүүгийн гэмт хэрэгтэн болгодог технологи. Хэрэв энэ яг үнэн бол Бүгд Найрамдах Монгол Улс, монголчууд бид аюулд оржээ. Улс сөнөх нь, үндэстэн мөхөх нь! Эх орны маань газар нутаг, түүний хөрсөн дээр болон доор байгаа их баялаг тэр луйварчид, хулгайчдын гарт орж өмчлөгдөж бүрэн дуусах явцад хуйвалдаан, хавчилга, аллага тасрахгүй, бүр иргэний дайн ч гарч мэднэ. Цөөн хэдхэн улстөрчид болон олигарх баячуудын бүлэглэл болсон “Мафи – Мангас” улайран шуналтаж, шунахайран дээрэмдсээр эцэсдээ яг л хүн – араатан болцгооно. Тэд юу ч хийхээс эмээхгүй, буцахгүй, хэнийг ч өрөвдөхгүй... Эгэл жирийн монголчууд бидний амь, амьдрал, цус, нулимс тэр араатнуудын хувьд юу ч биш, бүр шоолж, даапаалж үзэх, үнэлэх зүйл болж хувирна...

 

Эхэндээ МАН, АН хоёрын удирдах хүмүүс дан дандаа л хулгай, луйвар далдуур хийдэг байв. Тэд засгийн газрын ХХ тогтоолын нууцыг ашиглаж баяжихдаа л мэдээлэлд ойр байхын давуу талыг анх ойлгожээ.

 

Төдхөн л УИХ, Засгийн газрын гишүүд хүүхдийн гэх бүхэн рүү шуналтан дайрч цэцэрлэг, яслийн барилгуудыг хувьчлах нэрээр дээрэмджээ. Угсруулаад тэд УБ хотын захиргаа, яамдуудын харъяа жижиг конторуудыг өөрийн болгожээ. Хүнс ба барааны жижиг дэлгүүрүүд, тэр цагийн жижиг, дунд үйлдвэрүүд, гуанз, цайны газруудыг ч тэд ах дүү, төрөл садандаа өмч болгон “хуваарилжээ”... Ингэ ингэсээр эцэсдээ газрын хөрсөн доорх баялаг руу лицензүүд гэх цаасыг ашиглан улангасан дайрцгаажээ. Энэ явцад чоно чонотойгоо, хэрээ хэрээтэйгээ ил далд холбогдож, бүр бэр хүргэн, худ худгуй нар ч болцгоожээ...

Төрийн ордон зөвхөн л энэ хоёр намын томчуудын тансаглан сууцгааж, хор найруулан маасганаж байдаг Байнгийн хаяг, Найрын ширээ, Шударга бусын төв застав болж хувирсан бололтой юм. 

 

1991 оноос эхлээд өмнөх бүх хулгай, луйварт оролцсон эрхмүүд өнөөдөр бүгд л 60-80 настай хүмүүс байна. Тэд өмнөх гэм нүглээсээ ичих нь бүү хэл “Ардчилсан шинэ Үндсэн хуулийг бид боловсруулж, баталсан юм. Энэний хариу гэж байх ёстой биз дээ” гэж худлаа ухуулсаар татвар төлөгчдийн мөнгөнөөс жар жаран сая төгрөгийг гаргуулан авч чаджээ.

 

Яг үнэндээ бол шинэ үндсэн хууль боловсруулахад ч, хэлэлцэж батлахад ч тэдний 90 гаруй хувь нь зөв зүйтэй ганц санаа, ганц өгүүлбэр, ганц үг ч нэмэрлээгүй билээ. “Юм үнэнээрээ байх сайхан” гэдэг үгэнд хөтлөгдөж би энэнийг хэлж байна. Зөвхөн энэ баримтаас харахад эрх баригч хоёр намын лидерүүд, гол хүмүүс чухамхүү шуналдаа л хөтлөгдөж явдаг увайгүй этгээдүүд байсан нь үнэн ажээ. 24 орчим тэрбум төгрөгийг тэд залилж авчээ. Энэ их мөнгөөр мөн ч олон хүнд өвчтэй хүмүүсийг аварч, мөн ч олон эх, нялхсын эндлээс сэргийлж, мөн ч олон тахир дутуу хүмүүст тусламж үзүүлж болох байв. 

МАН-АН, Шударга бусын хонгилын шалтгаан нь ч, зорилго нь ч нийт ард түмний өмч болох ашигт малтмал – алт, мөнгө, зэс, газрын ховор металл, нүүрс, уран, нефть юм. Тэдний далд, гаршсан үйлдэл нь хулгай, дээрэм, хүчирхийлэл, луйвар, хуйвалдаан, рекет, авлига, захиалгат аллага боллоо.

Улсын үндсэн хууль зөрчиж байгуулсан Стандартный бус засгийн газар бол, дүрсэлж хэлбэл, хулгай, луйвар хийх зорилгоор байгуулсан Дарга ба манаач хоёрын нууц хуйвалдаан байж дээ?

Шат шатанд нь төлөөний хүнээ байрлуулчихаад тус бүрээр нь буруу шийдвэр угсран гаргуулсаар гэмгүй хүнийг гэмт хэрэгтэн болгож шоронд хийх нь мөн л өмч, баялгийн төлөө хийж байгаа онц хүнд ялт хэрэг биз дээ?

Жирийн иргэд бид яг л үнэнээ хэлэх аваас “МАН-АН, Шударга бусын хонгил”-ын үнэн, худал алин болохыг яг таг мэдэхгүй байна. Бидэнд нотлох хөдөлшгүй баримт үгүй байна. Энэ бүхэн нь чоно чоноо гоочлох гэсэн, хэрээ хэрээнийхээ харыг гайхсан, нэг нь нөгөөгөө давж гүжирдэх гэсэн хоруу санаархал, оролдлого байж ч болох юм...

Жирийн малчин, ажилчин, сэхээтэн биднийг эмзэглүүлж, түгшээж, итгэх ба итгэхгүйн хооронд бухимдуулж байна. Хэрхэхээ мэдэхгүй зовингуйрч суугаа бидэнд Өнөөдрийн Төр Засаг үнэнийг хэлж өгөх ёстой. Яаралтай судалж, нягталж учрыг нь олж хужрыг нь тунгаагаад ард түмэнд үнэнийг мэдээлэх хэрэгтэй. Бид өөр хэнээсээ үнэн, худлыг нь тодруулах билээ?!

Социализм байгуулахын төлөө монголчууд 66 жил (1990-1924 он) зүтгэж байх үед нийт ард түмний өмч, хөрөнгийг зөвхөн хувьдаа л авах, өмчлөхийг хүсдэг бүлэг хүмүүс байгаагүй. Гэтэл тэр 66 жилийн хагастай тэнцэх төдий 30 жилийн дотор бид лицензүүдийн тусламжтайгаар, шинээр төрсөн хөрөнгөтөнгүүдийн хоруу санаа, оролцоотойгоор юу юугаа алдчихаад, дээр нь нэмээд хэдэн тэрбум долларын өрөнд орчихоод байгаа билээ? Мөнхүү 30 жилийн дотор “Ардчиллын сүрлэг симфонийг” удирдаач нар далд, нууц гараараа хулгай, луйвар хийнэ гэж хэн ч сэрэмжлээгүй нь харин үнэн юм шүү... “Сайхан сэтгэл рүү мөстэй ус асганаа” гэж энэнийг л хэлдэг байх даа. Нуулгүй хэлэхэд ийм болчихжээ гэдэгт итгэхэд мөн ч хүнд байнаа!...

98 жилийн түүх, намтартай Ах намын удирдах бүлэг ч тэр, мөн 29 настай Дүү намын удирдах бүлэг ч тэр цөмөөрөө л шуналын тахалд гүнзгий нэрвэгдсэн сэтгэл мэдрэлийн гаж донтнууд байсан нь юутай их гай гамшиг билээ! Ямар үйлийн үрээр тэд төрцгөөсөн юм бол оо? Бурханы шашин ч, марксизм-ленинизм ч ийм бэрдүүдийг төрүүлэх үзэл суртал биш шүү дээ! Тэд ер нь юу юуны, хэн хэний бүтээгдэхүүн юм бэ? Хэн энэнийг мэдэж байна вэ? Эх орныхоо баялгийг хулгайлж харьд худалдаад эгэл олноо ядуус, гуйлгачин болгох хоруу санааг тэд хаанаас, хэнээс өвлөж авав аа?!

Судлаач, профессор Д.Чулуунжав