УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Болж байгаа үйл явдлуудтай холбоотой өөрийн байр сууриа илэрхийлж байна. Өчигдөр УИХ дээр миний нэр дурдагдав. МАН-ын олон гишүүдийн нэг нь мэдэхгүй зүйлийнхээ талаар ярьж байна.

Би шударга бусын хонгилоор явж ирлээ. Намайг долоон жил авлига, албан тушаалын хэргээр шалгаж байна. Надтай хамт олон хүнийг хоморголон шалгасан. Намайг гэрчээр дуудаад 10 хоног цагдан хорьсон. Би хуурай өлсгөлөн зарласан. Аргагүй эрхэнд намайг гаргасан. Би өвдлөө хавдлаа гэж гараагүй юмаа. АТГ-аас хэргийг шалгаж дуусаад нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Тэндээс хянаж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дараа нь ЖДҮ-гийн асуудлыг гаргаж тавьсан. Тэгээд хэрэгсэхгүй болгосон хэргээ дахин сэргээсэн. Тэгэхээр шударга бусын хонгил байдаг юм байна. Түүнийг захиалдаг нь МАН дотор байгаа гэдгийг шударга хэлье.

Өчигдөр харж байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гаргана гэж ярьж байна. Хэрвээ зөвлөмж гаргавал Үндсэн хуулийг зөрчиж, засаглалыг байхгүй болгох нэг хэлбэр болоод байна. Ингэж улс эх орны удирдах эрхийг булааж авч болохгүй ээ.

Ардчилсан намыг их муулж байгаа харагдана. Үндсэн хуулийг батлахад энэ нам их үүрэг гүйцэтгэсэн нь үнэн. Гэхдээ Монголын Үндсэн хууль өнөөдрийг хүртэл ач холбогдлоо алдаагүй байгаа шүү. Дээрх байдлыг манай нам дэмжихгүй ээ. Иргэд мэдээлэлгүй байна. Маш их бухимдалтай байгааг ойлгох хэрэгтэй. Ардын нам улайран дайрч шүүхийг байхгүй болгох төлөвлөгөө боловсруулжээ. ЖДҮ бол Ж.Энхбаяр шиг яриад байгаа зүйл огт биш шүү.

Намайг шалгаж байгаа хавтаст хэрэгт Чингис, Самурай бондтой холбоотой нэг ч материал байхгүй. Архангай аймагт Халзан бүргэдэй Солонготой даваанд баригдсан 100 км замын хэрэгт холбогдуулан шалгасан. Өнөөдөр ямар зам байгаа вэ гэдгийг та нар мэдэх байх.

Тухайн үеийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хууль зөрчөөгүй гэдгийг гэрчилсэн. Тэгэхээр өнөөдөр надтай холбоотой хавтаст хэрэг байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн. Хуулийн бүх шатны байгууллагаар яваад хэргийг цагаатгасан юм шүү. Үнэхээр намайг буруутай гэж үзэж байгаа бол түүнийгээ нотол” гэв.