Энэ удаагийн “Mobile news”-ээр монголчуудын хийморь бахдалыг бадрааж Лондонгийн тэнгэрт эх орныхоо тугийг мандуулан мөнгөн медаль хүртсэн МУГТ Н.Төгсцогттой холбогдож “Н.Төгсцогт хөл хүнд найз бүсгүйгээ хаяж, шинэ хайрын романс үүсгэжээ” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

Өөрийн авъяас билэг, хүч хөдөлмөрөөрөө олон сайхан бахдам амжилтын эзэн болж элэг нэгт ахан дүүсийнхээ хайр хүндлэлийг хэдийнэ хүлээсэн түүний талаар сүүлийн үед “Д.Уранзаяа гэх найз бүсгүйгээ хөл хүнд болгон хаясан. Мөн шинэ найз бүсгүйтэй болж түүнтэйгээ хайрын романс үүсгээд тун завгүй явна” гэх мэтээр сонин сайтуудаар бичих болсон.

Тэгвэл дээрхи худал мэдээллүүдэд МУГТ Н.Төгсцогт цэг тавьж, “Миний талаар ямар ч ор үндэслэлгүй худал мэдээлэл бичиж цацаад байгаа сэтгүүлчдийг үнэхээр ойлгохгүй юм. Одоо болих хэрэгтэй гэж хатуу хэлмээр байна. Би болоод миний үеийн олон залуу тамирчид бэлтгэл сургуулилтаа сайн хийж, тэмцээн уралдаандаа амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг илүү өндөрт мандуулахыг хүсч явдаг. Гэтэл амжилтад садаа болсон ийм балай худал мэдээлэл бичээд л суухаас ичиж амьдраасай” гэж хэлмээр байна.

Энэ дашрамд хэлэхэд би хэн нэгнийг жирэмслүүлээд хаяад яваад байгаа юм огтоос байхгүй, хэзээ ч тийм зүйл хийхгүй, надад тийм ухамсар ч байхгүй. Дахин хэлэхэд миний талаар ийм худал зүйл бичихгүй байхыг сэтгүүлчдээсээ чинь сэтгэлээсээ хүсч байна хэмээлээ.

Ийнхүү эх орны маань бахархалт хөвгүүдийн нэг МУГТ Н.Төгсцогтдоо спортын өндөр амжилт гаргаж, Монгол улсынхаа төрийн далбааг олонтаа мандуулаарай хэмээн хүсэн ерөөе.

Бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш