Саяхандаа ОХУ-ын баг тамирчдаас сэргээш буюу допинг илэрснээр өвлийн олимпоос улсаараа хасагдаж, зарим нэгэн тамирчид нь олимпийн туг дор оролцож байсныг санаж байна. Мөн АНУ-ын гимнастикийн баг тамирчид дасгалжуулагчдаа дарамтлуулж зодуулсан тухайгаа мэдээлж, дэлхий нийт дасгалжуулагчийг  жигшин шуугиж байв. Тэд бол дүрмийн дагуу хүний эрхийг дээдэлсэн улс орны тамирчид. Харин Монголд яадаг вэ. Дүрэм гэх зүйлс цаасан дээр зурайж хүний эрх гэдэг нь үг л болж хувирсан гэхэд болно. Ганц удаагийн тохиолдол, нэг тамирчинд болсон явдал бус Монголын хүндийн өргөлтийн холбоо, шигшээ багийн багш дасгалжуулагч, тамирчдад нүүрлэж буй асуудал. Бүр тодруулбал,  Тухайн холбооны нарийн бичгийн дарга Ц.Хасбаатар, түүний төрсөн дүү шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр нарын тарьсан хэрэг тамирчдын эрүүл мэндэд заналхийлээд зогсохгүй улсын нэр хүндийг дэлхийд унагах үйлдлүүд юм.

Монголын хүндийг өргөлтийн холбооны эмэгтэй тамирчин З нь тус холбоонд 2014-2018 он хүртэл харьяалагдсан. Тэрбээр дасгалжуулагч багш Ц.Хосбаярын удирдлага дор бэлтгэл сургуулилтыг хийж, уу гэсэн эм, тарь гэсэн тариа бүрийг үг дуугүй хийлгэдэг байж.  Гэхдээ ямар нэртэй юунд хэрэгтэй эм гэдгийг багш нь огт хэлээгүй гэх бөгөөд бэлтгэлийн дундуур өрөөндөө тарьдаг байна. Ингээд биеийн байдал эрс муудаж эмнэлэгт хандахад гавлын яс чулуужсан гэх онош тогтоогдож, энэ тухайгаа дасгалжуулагчдаа хэлдэг ч “чиний төлөө” гэдгээр халхавчлан үргэлжлүүлэн тарьжээ. Сүүлд нэгэн тэмцээний үеэр дасгалжуулагч нь цэнхэр хайрцагтай эмийг шигшээ багийн тамирчдын цүнхэнд гурав хуваан нуух үеэр тамирчин З нь тарианы хоосон хайрцгуудыг олж авснаар олон улсад хориглосон Оксандралоне, Энантат, Пропинат гэх тариаг өөрт нь тарьдаг байсныг мэдсэн байна. Тухайн тарианууд нь эр гармон хүчтэй ялгаруулж, хоолой бүдүүрэн сарын тэмдэг олон сараар хаагдан цаашлаад үргүй болох өндөр магадлалтай тариа юм байна. З-гийн биеийн байдал эрс муудан хагалгаанд орж сүүлдээ дотор эрхтэнд нөлөөлөн олон төрлийн мэс ажилбар эмчилгээ хийлгэжээ. Энэ тухай хохирогчийн ээж Хүндийг өргөлтийн холбооны нарийн бичиг Ц.Хасбаатарт хэлж арга хэмжээ авахыг хүсэхэд “Золиос гаргадаггүй тамирчин, допинг хэрэглэдэггүй баг гэж дэлхийд байхгүй” гээд салаавч гарган, “чанга хатуу сануулъя дахин асуудлыг сөхөх хэрэггүй” хэмээн заналхийлсэн байна.

Тамирчин З-тэй адил шалтгаантай олон эмэгтэй тамирчин гомдол гаргасан ч хүлээж авдаггүй, зарга хийгээд тоох газаргүй болчихоод ходоод нь цоорсон, эрхтэн дутуу болсон тамирчид тавилангаа хүлээж байна гэхэд болно. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Ц.Хосбаярын удирдлагад байсан тамирчин О нь 10 гаруй жил хүндийн өргөлтийн тамирчнаар хичээллэж байгаа ч дээрх тариаг тариулаад жил шахам болсон байна. Түүнийг  Азийн хүндийг өргөлтийн наадамд оролцох үед нь Дэлхийн допингийн холбоонд сэргээшний эсрэг шинжилгээ өгөх болоход дасгалжуулагч нь тамирчинд мэдэгдэлгүй түүний оронд дөнгөж бэлтгэл хийж эхэлсэн Х гэх охиныг оруулж дүрэм зөрчсөн ч түүнээс нь ч Нистерлон гэх эм илэрч дөрвөн жилээр эрхийг нь хассан байдаг. Гэхдээ энэ тухай зөвхөн тамирчин О-гоос допинг илэрлээ гэх гарчигтэй мэдээлэл тархаад л өнгөрсөн. Улсаас 13 алт, нэг мөнгөн медаль авч байсан чадварлаг тамирчин өөрийн бус бусдын буруугаас хохирчихоод байхад мөнөөх нарийн бичгийн дарга Ц.Хасбаатар “Чиний төлөө хөдлөх хэн ч байхгүй тэнэг мал минь. Орцонд чинь ална шүү” гэж заналхийлснээр хэрэг намжсан байна.

Дээрх явдлуудыг Ц.Хосбаяр Хүндийг өргөлтийн холбооны удирдах зөвлөлийн хурал дээрээ батлан хэлж, буруугаа хүлээсэн баримт нь ч бий. Тус хурал нь 2018 оны тавдугаар сард болж, Олимпийн хороо, Монголын хүндийг өргөлтийн холбооны Ерөнхийлөгч Загдсүрэн, холбооны удирдлагууд болоод тамирчдын төлөөлөл, хохирсон хүмүүс оролцсон байдаг. Хурлын үеэр Ц.Хосбаяр нь олон улсад хориглосн тариаг тарихын тулд 300-500 мянган төгрөг тамирчдаас авдаг, бие нь муудахад хөөж явуулдаг, бусад дасгалжуулагчдын шавь тамирчдыг амжилт гаргасан ч тив дэлхийн ямар ч тэмцээнд оролцуулдаггүй. Үүгээр ч тогтохгүй бусад дасгалжуулагчдыг зодож, танхайрчихаад “Дархадын хотгорт даасан бөөтэй, Да хүрээнд даасан ламтай хүн шүү би” гээд “тамирчдаа авч явж байхдаа онхолдож үхээрэй” гэх зэргээр заналхийлдэг болохыг дасгалжуулагчид ярьж байсан юм. Түүнд зодуулсан олон улсын шүүгч Одгэрэл, “Алдар”-ын дасгалжуулагч Март нар Сүхбаатар дүүргийн цагдаад хандаж байсан удаатай. Тухайн өдрийн хурал гурван цаг үргэлжилсэн бөгөөд хурлын тэмдэглэл,  дуут бичлэг хадгалагдан үлдсэн.

Ийнхүү алдаа гаргасан дасгалжуулагч холбооны дүрмийн 6.1 дэх заалтаар ажлаа өгөх ёстой гэснээр Ц.Хосбаяр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн гараар бичиж өгсөн нь ч бий.

Гэвч өнөөдрийг хүртэл тэрбээр Спортын төв ордны хүндийг өргөлтийн холбооны зааланд шигшээ багийн дасгалжуулагчаа хийсээр, хавьтсан болгоныг харааж зүхсээр л. Өнгөрсөн онд АНУ-д болсон тэмцээнээс буцахдаа конторвантын хэрэгт холбогдон их хэмжээний эм тариаг хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан. Энэ хэрэг Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаа сурагтай ч нэг ч штанг өргөж үзээгүй өөрийн хүү Х.Одхүүг дасгалжуулагч болгон олон улс, тив дэлхийн тэмцээнүүдэд улсын зардлаар явуулах эрхээ эдэлсээр л явна.

Монголын хүндийг өргөлтийн холбоо нь 62 жилийн түүхтэй, олон арван тамирчин ахмад үеийн хэлхээтэй байгууллага. Харин ах, дүү, хүү гурвын түүх ердөө л зургаан жил. Хүндийг өргөлтийн холбооны нарийн бичиг, ах Ц.Хасбаатар нь “Монгол жонш” компанийн захирал. Дүүгийнхээ хийсэн алдааг засаж явдаг уу, баллуурдаж явдаг уу  ямартай ч тамирчдын гомдлыг хүлээж авахгүйн дээр эрүүл мэнд амь насанд нь заналхийлэх авьяастай нэгэн.

Харин ахынхаа бярд онгирсон уу гэлтэй дүү Ц.Хосбаяр нь “Би холбооны төлөө хамагаа зориулсан” гэж эрэлхэгээр дуугарах тэрбээр “Угийн ийм зантай авир муутай хүнийг яах юм. Толгойг нь илээд сургаж чадахгүй. Зодно үсдэнэ. Би Хөвсгөл, Хэнтий, Дорноговьд газар ухаж явахдаа та нар шиг юмнуудын учрыг олон олсон” хэмээн сайрхах мэтийн өгүүлбэр хэлж сонсогдсон.

Эцэст нь “намайг ажлаа өгье гэхээр ажлаас гаргахгүй гуйгаад байна. Би Спортын газрын дарга, яаманд хүртэл очиж уулзсан. Байж байгаач гээд гуйдаг” гэх үгнүүдийг унагасан. Тиймээс Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны салбар мэргэжилтэн дарга нар, Спортын газрын дарга Шаравжамц та ёс зүй байтугай хүний эрүүл мэнд амь насанд санаатай халдсан, дэлхийд Монгол тамирчдын нэрийг унагасан Ц.Хасбаатар, Ц.Хосбаяр нарыг ямар санаатай байлгаад байгаадаа тайлбар өгнө гэдэгт найдаж байна.  

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор Нийслэлийн спортын газрын дарга Шаравжамц, энэ хэрэгт нэр нь гараад байгаа Ц.Хасбаатар, Ц.Хосбаяртай нартай уулзаж байр суурийг нь хүргэх болно.

Мөн Монголын Хүндийг өргөлтийн холбоотой олон баримтыг дэлгэх болно.

Үргэлжлэл бий...