Sonin.mn сайт "..."-ний тухай хэн юу хэлэв?" нэртэй булан нээж байна. Олны танил хүн, албан байгууллагуудын тухай мөн л олны танил хүмүүс хэрхэн дүгнэж байсан тухай түүвэрлэн хүргэх уг булангийн эхний онцлох сэдэв бол Монгол улсын 25 дахь Ерөнхий сайд Санжаагийн Баяр гэх хувь хүний тухай.


Нийтлэлч Баабар:


Баярыг олон жилийн өмнөөс мэдэх юм байна. Хэлсэндээ байдаг хүн шүү дээ. Хотын соёл гэж байдаг юм. Хэлсэндээ байдаг.  Баяр 40 мянгатад өссөн, зодоон цохион ч хийж яваа биз, гэсэн ч хэлсэндээ хүрдэг байхгүй юу...
 ...Би Баярыг гуч гаруй жилийн өмнөөс дотно сайн мэднэ. Ердийн л нэг эх оронч. Надаас илүү ч гарахгүй, дутах ч үгүй. Эх орончиддоо залгиулж хатуу шалгуурт орсон энэ хүнд үед эх орны дуудлагаар гарч ирсэн эх оронч...
/2009 он /

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

Би С.Баяр даргыг Ардчилсан хувьсгал эхлэх үед  Радио, Телевизийн Улсын Хорооны орлогч дарга байхаас нь мэднэ. Анх Улаанбаатарт байсан МХЗЭ-ийн байшингийн өмнө хэсэг хүмүүстэй алхаж явахыг нь харж байсан. Дараа нь АИХ-д хамт байсан. Шинэ төр, үндсэн хуулийг батлахад их үүрэг гүйцэтгэсэн.
Харилцахад ярилцахад их амар хүн.
/2008 он/

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

...С.Баяр . Энэ 7 сарын 1, бусад бөөн булхай луйвартай холбогдсон хүн...
/ 2012 он/


МАХН-ын дэд дарга, шадар сайд Д.Тэрбишдагва:


 Ард түмний санал, сонголтыг бүдүүлгээр зөрчиж, олон түмэн болон намын гишүүд, дэмжигчдийн сэтгэлийг гонсойлгосон нь С.Баярын хариуцлагагүй ажил мөнөөс мөн. Үүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой.
/2012 он/


УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр:

С.Баяр гэдэг дарга намын толгойд гарч ирэхээс өмнө манай нам байртай байлаа.  Манай нам монгол улсын тусгаар тогтнол, монгол улсын түүхийг өгүүлсэн асар том  архивтай байлаа. Өнөөдөр манай намд архив ч байхгүй. Байр ч байхгүй. Байрыг яахав барьж босгож болно. Харин монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авсантай холбоотой маш нарийн үнэ цэнэтэй архив устаж алга болсон. Энийг бий болгож чадахгүй.
/2010 он/



Хамаг Монголын Хөдөлмөрийн Намын дарга С.Молор-Эрдэнэ:
Монголын алдагдсан хүү С. Баяр эх орноо орхиж, ард түмэндээ тус болохгүй өвгөд хөгшдөө түшиж торниж, залуу үеэ хайрлаж, сурган хүмүүжүүлж, улстөрийн мэдлэг туршлагаа өвлүүлэн үлдээлгүй алсын Америк гэдэг хүн хүндээ чоно болсон хөрөнгөт ертөнцийг сонгожээ.
/2013 он/

БНН-ын дарга Б.Жаргалсайхан :
Сая О.Магнай Ж.Батзандан гэсэн залуус долдугаар сарын 1-нд хүний эрх зөрчиж, өч төчнөөн сайхан залуусын эрүүл мэндээр тоглож, таван хүний амь хөнөөсөн тухайн үеийн албан тушаалтнууд, 13 хүний нэрсийг АНУ-ын ЭСЯ-нд аваачаад өгсөн байна лээ. Хамгийн дээд талд нь С.Баярын нэр байгаа. Тэднийг жишээ нь, АНУ-д нэвтрэхийг хориглож, нэвтрээд ороод ирсэн тохиолдолд шууд баривчлах ёстой. Яг Б.Хурц шиг. Тэгээд Гаагийн олон улсын шүүх дээр аваачиж шүүх хэрэгтэй.
/2011 он/


Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл:

С.Баярын улс төрийн бодлого их адармаатай . Бид хоёр найзууд, хар багын найзууд. Гэхдээ бид хоёр улс төрөөр хэзээ ч таарч байгаагүй. С.Баяр миний улс төрийг зөвшөөрдөггүй, би С.Баярынхыг зөвшөөрдөггүй. Ер нь бид хоёр нийлэхээрээ улс төр ярьдаггүй.
/2011 он/

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун :

Ерөнхий сайд асан С.Баяр заавал гэрээг үзэглэнэ гэж намын гишүүдээ дарамталж байгаад гэрээ байгуулсан нь үнэн ш дээ. Шуудхан хэлэхэд С.Баяр бол үндэсний эрх ашиг. Монголын ард түмнээс урвасан хүн. Тиймдээ ч өнөөдөр гадаадад амьдарч байгаа.
/2013 он/


УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Монголын төр дэхь хамгийн том хорт хавдар бол Санжийн Баяр гэж би боддог. Энэ хүнээс болж Оросууд Монголтой харилцдаг харилцаа,Хятадууд Монголтой харилцдаг харилцаа хүйтэн гэж хэлж болохоор болсон.Яагаад гэвэл энэ хүн хэзээ ч Монголоо боддоггүй. Хэрэв Монгол улсаа боддог байсан бол энэ хүн ард түмнээсээ тасарч явахгүй байх байсан.

/2013 он/


“Алтан дорнод” ХХК-ийн захирал асан С.В.Паушок:

С.Баяр бол улс төрд мөнгө хийх гэж орж ирсэн. Монголын ард түмний эрх ашиг  С.Баярт сонин биш байсан .
/2013 он/

Ерөнхий сайд асан С.Батболд:


С.Баяр Та ээдрээтэй хүнд нөхцөлд төр түмнийхээ итгэлийг дааж, төрийн хүний голч бодлого, холч ухааныг харуулж хамтарсан Засгийн газрыг байгуулах зоримог санал анх гаргаж, улс төр, нийгмийн эв нэгдлийг хангах ухаалаг шийдлийг ажил хэрэг болгосон. Таны тэргүүлсэн хамтарсан Засгийн газар энэ богино хугацаанд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Атрын 3-р аян зэрэг улс орныхоо хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр болохуйц түүхэн шийдвэрүүдийг гаргаж үр дүнтэй үйл ажиллагаа олныг өрнүүлж эхлүүлсэн.
Засгийн газрыг тэргүүлж байх үедээ зах зээлийн хямралтай тулж, давалгаа савалгааных нь хүнд сорилтуудыг багийн хамт халшралгүй даван туулж, удирдлага зохион байгуулалтын өндөр ур чадвар гаргаж ирснийг Засгийн газрын гишүүнээр хамтран ажиллаж байсны хувьд зориуд онцлон хэлмээр байна.
/2009 он/

АН-ын нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг:


С.Баярт авах маш том чанар бий. Тэр нь стратегич чанар. Үүнийг менежмент талаас нь харахад тэр бүр олон байдаггүй. Ардын нам энэ хэвээрээ шинэ стратегиа тодорхойлж чадахгүй бол дахиж гарч ирэхэд хэцүү болно.
/2013 он/


Ардын Уран зохиолч Б.Лхагвасүрэн:


С.Баярыг зөвхөн дэмжихээс гадна хайрладаг. С.Баяр эр зоригтой улстөрч. Тиймээс фэн гэж хэлэхэд багадна. Тэр гарч ирснээрээ төрд нэлээд зүйл хийсэн. Ард түмэн ч хайртай байсан. Гэтэл тэд юун ч амархан уйддаг юм муулж эхэлсэн. С.Баяр аливаа зүйлд хэмжээтэй. Шунасан ч бусад шиг цадахаа мэдэхгүй дайрахгүй. Түүнийг би ойрын үед Монголын төрд гараагүй улстөрч гэж хэлнэ.
/2012 он/

"Миний Монголын газар шороо" хөдөлгөөний тэргүүн П.Болд:
 ""Долдугаар сарын 1"-ний хэргийг шийдэх хангалттай хугацаа өнгөрсөн. Бид цагдааг буруутгахгүй. Тэднийг тушаал биелүүлсэн гэж харж байгаа. Тэгвэл тэд тушаал өгсөн хүнээ л хэлчих хэрэгтэй. С.Баяр 2008 оны долдугаар сарын 1-нд байрнаасаа гараад ирчихсэн бол үймээн болохгүй байсан.
/2012 он/



Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

2008 онд МоАХ Сүхбаатарын талбай дээр Тавантолгойг улсад буцааж өг гэж жагсаал хийж байсан. Энэ жагсаалын дараа тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баяр Таван толгойн дөрөвхөн хувийг "Энержи ресурс" ХК-д үлдээгээд, 96 хувийг нь төрд авлаа гэсэн. Гэтэл ачир дээрээ Таван толгойн нийт коксжих нүүрсний 20 дөхүү хувийн нөөцтэй, хамгийн өндөр илчлэгтэй, ашиглахад хамгийн бага зардал гарах нийт нөөцөөрөө Багануурын уурхайгаас дахин илүү нөөцтэй Ухаа худагийн ордыг хууль, тогтоомж зөрчин тасдаж өгсөн болох нь тодорхой болсон.
/2012 он/

 

PS: Эрхэм уншигч та ч гэсэн С.Баяр гэх эрхмийн талаар ямар бодолтой явдгаа сайтын "СЭТГЭГДЭЛ"-ийн хэсэгт илэрхийлнэ биз ээ.