Драмын театрын тайзнаа олны танил болсон жүжигчид олон. Тэдний нэг нь жүжигчин Э.Батхүү. Түүнийг  “Татар ажиллагаа” киноны Колягийн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон нэгэн. Сүүлийн үед жүжигчинээсээ илүүтэйгээр найруулагчийн ажилд ханцуй шамлан орсон гэдэг.  “Эр хүн болгож өгөөч” уран сайхны киног найруулж олны хүртээл болгосон нь үзэгчдэд таашаагдсан. Учир юу гэвэл уг кинонд хөгжлийн бэрхшээлтэй залуу, бие үнэлэгч бүсгүйн хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. "Тэд ч ялгаагүй хүн шүү дээ. Яагаад бие биедээ дурлаж болохгүй гэж. Эцэст нь хайр бүхнийг өөрчилж эдгээх хүчтэй гэдгийг харуулахыг хүссэн" гэж Э.Батхүү нэгэнтээ онцолж байсан. Өнгөрөгч онд бүтээсэн “Толбо” киногоороо бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн сэдвийг хөндсөн. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хэрхэн нийгэмшүүлэх вэ, тэдэнд ямар хайр хэрэгтэй байна вэ гээд зөвхөн сэтгэлийн шархыг хайраар эдгээж, эмчилж байгаа тухай өгүүлсэн гэдгийг үзсэн үзэгчид санаж буй биз. Нийгэмд чиглэсэн бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөх болсон жүжигчин залуу саяхны нэг өдөр болсон кино нээлтийн үеэр манай папарацид өртөв. 

Д.Ана