Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст дөрөвдүгээр сарын 15-19-ны өдрүүдэд нийт 1081 дуудлага хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 740 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгасан байна. Осол, хэргийн улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирч, 29 хүн гэмтэж бэртсэн аж.

Мөн орон нутагт зам тээврийн ослын улмаас зургаан хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Эл хэргийг харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд шалгаж байгаа гэв. Тухайлбал энэ сарын 16-ны өдөр 05.00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн нутаг Хасаг толгой гэх газар шороон замд Mitsubishi Pajero маркийн автомашин онхолдож, жолооч Г-н нас баржээ.

Өчигдөр 21.00 цагийн орчим нийслэлийн Баянгол дүүргийн нутаг Ард аюушийн өргөн чөлөө, “Тэргэл” төвийн урд замд H.Porter маркийн автомашины жолооч нь явган зорчигч 48 настай, эрэгтэй С-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. 

Орон нутагт бүртгэгдсэн хүний амь нас хохирсон осол, хэргийг хэлбэрээр нь авч үзэхэд тав нь онхолдох, нэг нь мөргөлдөх хэлбэрээр гарсан бөгөөд дөрвөн осол нь автомашинаар, хоёр осол нь мотоциклоор үйлдэгдсэн гэдгийг албаны хүн хэлэв.

Огцом эргэлт дээр хурд хэтрүүлж явах нь автомашин замаас гарч осолд орох гол шалтгаан болдог учраас энэ үед автомашины тогтворжилт алдагддаг байна. Тиймээс жолооч нар тахирласан болон огцом эргэлттэй замд хурдыг аюулгүй байхаар сонгох хэрэгтэй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.