''Сод монгол групп'' ХХК-ыг хэрэглэгчийг хохироосон үйлдэл гаргасан гэжээ

ШӨХТГ-аас  нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар “Сод монгол групп” ХХК-ийн Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцууд 2017 оноос дизель түлш болон АИ-92 автобензинийг иргэдэд бэлэн мөнгөөр бус тухайн байгууллагын “Аи-Си” картаар борлуулж эхэлсэн. Улмаар автобензин болон дизелийн түлшний борлуулалтыг хязгаарлалттайгаар буюу худалдах хэмжээг үнийн дүн, хэмжих нэгж /литр/-ээр хязгаарлаж худалдаалсан үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
“Сод монгол групп” ХХК-ийн зүгээс хяналт шалгалтын дүнд гарсан улсын байцаагчдын дүгнэлт, албан шаардлагыг хүчингүй болгуулах шаардлага бүхий” нэхэмжлэлийг шүүхэд гаргасны дагуу Захиргааны хэргийн гурван шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд улсын байцаагчдын гаргасан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Ингэснээр “Сод монгол групп” ХХК дизель түлш болон АИ-92 автобензинийг иргэдэд бэлэн мөнгөөр бус тухайн компанийн “Аи-Си” картаар борлуулан автобензин болон дизелийн түлшний борлуулалтыг хязгаарлалттайгаар худалдаалсан үйлдэл нь хууль зөрчсөн болох нь тогтоогджээ.