Монгол Улсын Засгийн Газрын энэ долоо хоногийн хуралдаанаар нэр бүхий оронд Монгол Улсаас суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэх юм. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч батламжлах, эсэхээ шийдэх учиртай.

Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар Засгийн Газрын хуралдаанд нэр дэвшигчдийн нэрсийг оруулахад бэлэн болсон бөгөөд тодорхой болсон нэрсээс дэлгэж байна.

Монгол Улсаас Итали улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад Гадаад Харилцааны Яамны гадаад сурталчилгаа, Соёлын Харилцааны Газрын дарга Х.Мандахцэцэгийг,  Монгол Улсаас Тайланд улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад Гадаад Харилцааны Яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал хуульч А.Төмөрийг, Монгол Улсаас Египет улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад Гадаад Харилцааны Яамны Европын Газрын захирал М.Цэнгэгийг, Монгол Улсаас Энэтхэг улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад Гадаад Харилцааны Яамны Ази Номхон Далайн Орнуудын Газрын захирал Э.Сарантогосыг, 

Монгол Улсаас Унгарь улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад Гадаад Харилцааны Яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын захирал Б.Баярсайханыг, Монгол Улсаас ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад Уул уурхай Хүнд үйлдвэрийн Сайдын орон тооны бус зөвлөх Г.Өлзийбүрэн, Монгол Улсаас Австри улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад Гадаад Харилцааны Яамны Төрийн Захиргаа, Удирдлагын Газрын Захирал Н.Анхбаяр, Монгол Улсаас Турк улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад Монгол улсаас Туркийн Истанбул хотод суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очир нарыг нэр дэвшүүлэхээр Гадаад Харилцааны Яам шийджээ.

Эднээс  Монгол улсаас Туркийн Истанбул хотод суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очирыг Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх дэмжих эсэх нь одоогоор тодорхойгүй аж.

Харин Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдоржийн хүү Анхбаярыг Монгол Улсаас Австри улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад нэр дэвшүүлэхийг Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар аль аль нь дэмжиж буй тухай эх сурвалж өгүүлж байна.

Э.Мягмар

sonin.mn