-НӨХӨН СОНГУУЛИЙГ ЯАЖ ИЙГЭЭД ХОЙШЛУУЛАХ, БОЛЖ ӨГВӨЛ “БАНДААШ”-АА ӨМСӨӨД ГАРСАН ЗАЛУУГ БУЦААН ТОМИЛУУЛАХ ГАНЦ ШАЛТАГ, ШАЛТГААН ЭНЭ БИЗ-

Хэнтийчүүд хоёр сарын дараа УИХ-д төлөөлөлтэй болно. Нөхөн сонгуульд шаардлагатай 287 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон. Эрх баригч намын хувьд энэ удаагийн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч байгаа.

Шившигтэйгээр үгүй хийсэн үүдэн шүдээ нөхөхийн тулд АН-тай хүч хавсрахаар яриа хөөрөө хийж алиатаж байгаа гэнэ. 

МАН-ын хувьд хичнээн эд хөрөнгө цацаж, уйлан дуугарсан ч “Бандааш” Д.Гантулгын бараан мөрийг баллуурдах амаргүй. Хэнтийн 10 мянга хол давсан сонгогчийн эрх ашгийн төлөөх матрын нулимс, манж үг, үйлдэл дэндүү шившигтэй. Ёстой Б.Пүрэвдоржийн хэлдгээр МАН Хэнтийн сонгуульд ялж чадахгүй. Тиймдээ ч нөхөн сонгуулийн хугацааг хойшлуулж, Цэцийн дүгнэлтэд нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй.

Түүнчлэн хөгшин намаас нөхөн сонгуульд үзэх зоригтон олдохгүй байгаатай ч холбож болно. Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа Н.Ганбямбыг нэр дэвшүүлэх саналыг намын Удирдах зөвлөлөөс тавьсан ч хүлээж аваагүй. Н.Ганбямба ч “Би өрсөлдөөд ялалт байгуулж чадахгүй” хэмээн үнэнээ өчсөн, хөөрхий.

Намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшинэ хэмээн улс төр судлаачид болон тоймчид таамаглаж байгаа ч мань хүн ялагдахаас эмээж, ихэд айдас хүйдэстэй суугаа. Угаас сонгуульд хэзээнээсээ од, ивээлгүй, олны итгэлийг хүлээж чаддаггүй эр. Хэрэв тэр ялагдал хүлээвэл М.Энхболдыг боорлож, суудлаас нь буулгасан гашуун тавилан түүнийг угтана. Ядахад “бандааш” нэрт нь түүний хуурай дүү тул бүр хэцүү. Үнэндээ түүний хувьд тэр тойрогт нэр дэвших битгий хэл хэсэгтээ зүглэхгүй байх нь өлзийтэй байх гээд байгаа.

Ар, өврийн тохироо хийж, хийдэл хайж яваа АН-ын хувьд ч ялгаагүй. Нөхөн сонгуулиар ялалт биш ялагдал хүлээх магадлал тун өндөр. Өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний байр суурин дээрээ баттай байж чадаагүй төдийгүй дотроо хагаралдаж, тэндэх айлын хэрүүлийн сургаар эндэх гал тогоогоо самарч, өдгөө УИХ-д бүлэг ч үгүй болчихоод байгаа. Гагцхүү сиймхий хайж, жилийн хугацаанд болтугай УИХ-ын гишүүний халдашгүй эрхээр гангарах гэсэн “дурны хонгио” ганц нэгний хүслийг биелүүлэхээс цааш хэтрэхгүй.

Гаднаа ийнхүү амт шимтгүй үзэгдэж буй энэ удаагийн сонгуульд бүх нийтийн сонирхлыг татаж болохуйцаар хөрвөх ганцхан хувилбар бий. Тэр нь экс ерөнхийлөгч Намбарын Энхбаяр орж ирэх явдал юм. Хэрэв Н.Энхбаяр шийдвэр гарган энэ тойрог руу шийдэмгий алхан орж ирвэл улс төр бүхэлдээ хөдөлгөөнд орно. Өдгөөгийн эрх баригчдын найруулсан жүжигт огцом өөрчлөлтүүд гарна. Авлигын хэргээр аавын хаалга татсан гэх хар толботой ч улсаа худалдаж, газар нутгаа гадныханд өгсөн нь илэрхий болсон эрх баригчдын хажууд ёстой хэлмэгдүүлэлтэд өртсөн гэчихэд хилсдэхгүй нь ганц үнэн.

Энэ бүхнийг бага тоочоод одоогийн нөхцөлөөр харвал байнгын ажиллагаатай парламент сөрөг хүчингүй болж, холион бантан хутгаж буй энэ үед яалт ч үгүй Н.Энхбаяр хэрэгтэйгээр харагдаж байна. Нэгэн үе эрх баригч намыг үнэмлэхүй ялалтад хүргэж байсан гавьяа хийгээд улс төрийн тайзыг олон жил эзэгнэж байсан намтар түүнийх. Туулсан зам мөр, бүтээсэн түүхийг нь сөхсөн хэнбугай ч хүчирхэг, өөрийн гэсэн өнгө төрхтэй удирдагчдын нэг байсан хэмээн хэлэх биз.

Төрийн тэргүүний суудлаас буугаад удалгүй МАХН-ыг төвхнүүлж, багагүй саад бэрхшээлийг туулсан нь ойрын жишээ. Тэжээлгэсэн нөхөд нь итгэл эвдэж, сэтгэлдээ гомдол тээж үлдсэн түүнд МАХН нэрээ МАН болгосон нь ёстой олз болж, улс төрийн тайзан дээр өөрийнхөөрөө дахин таанц эргэх боломж олгосон гэж хэлж болно. Чимээгүйхэн титэм үг тэрлээд, хэн нэгнээс “ЗӨВЛӨХ” нэрээр авлигал хүртээд сууж байх боломжоо хаяж, тэгснийхээ гороор хуулийн байгууллагын үүд сахиж, хэцүү нэртийнд хэдэн сараар хоног төөрүүлж, байж ядахдаа өлсгөлөн зарлаж, ангаж цангаж, зовлон жаргал бүгдийн үүд хаалгыг нээж, хааж үзсэн хашир бурхи.

Хэрэв тэр сонгогдвол, парламентын босго давбал зүг чиг, хөл толгойгүй болж попорсон, хар зах дээрх худалдаачид шиг хяналтгүйгээр хашгиралдсан бацаануудад өөрийн гэсэн өнгө төрх, байр суурийг үзүүлсэн туршлагатай кадр, баримжаатай улстөрч болж орж ирнэ. Товчхондоо, МАН+АН-ын хутгалдсан жонхууг шингэлэх ганц нэр дэвшигч нь одоохондоо Намбарын Энхбаяраас өөр хэн ч биш юм.