УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцсэн.  Энэ үеэр  ЕТГ-ын дарга асан  З.Энхболд нэлээд шүүмжлэлд өртлөө. 

Тэрээр өмнө нь УИХ-ын дарга байхдаа Эдийн засгийн ил тод  байдлын тухай хуулийг баталж, бонд  гаргаж, Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, 33 их наяд төгрөгийг зарцуулан эргээд Өршөөлийг хуулийг баталсан нь энэ хүрээнд хийх хуулийн байгууллагын хяналт шалгалтын ажлыг ажлыг сулруулсан гэдгийг  АТГ-ын дарга Х.Энхжаргал хэлсэн.  Тэгвэл тус хуулийг яагаад батлах болсон, одоо хүчингүй болгож дахин шалгах нөхцөл байдал үүссэн эсэх талаар гишүүд тайлбар авлаа.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан  З.Энхболд та яагаад  нэг хуудас ч хүрэхгүй хуулийг баталсан юм бэ.  Түүнээс тань болоод  манай улсын авлигын индекс өнөөдөр хойшилсон байна.   Энэ 33 их наядын цаана маш их хулгай луйвар болсон байна.  Тэгээд эргээд Өршөөлийн хуульд оруулсан байна.  Энэ талаар та тайлбар өгөх хэрэгтэй.

ЕТГ-ын дарга З.Энхболд: -Та нар одоо тэр хуулийг нь хүчингүй болгоод шалга л даа.  33 их наяд Бондын мөнгө хоёр ямар ч уялдаа холбоо байхгүй. 65 суудалтай намд ийм боломж бүрэн дүүрэн бий.  Чадахаараа л бондын мөнгө гэж ярьдаг.   Тэр  мөнгөөр барьсан замаар зорчиж, тэр мөнгөөр хийсэн бүтээн байгуулалт олон бий.  Та нар шалга, надад нуугаад байх юм алга.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: – З.Энхболд чи УИХ-ын чуулганд орж ирээд бид нарт ажил хий гээд заагаад суудаг хэн юм.  Өөрөө ажлаа олигтой хийгээч. Хятадад очоод хийсэн тайлбар чинь өнөөдөр монголыг эвгүй байдалд оруулж байна.    Өмнөх парламент бүх асуудлыг халхавчилж байгаад  хуулийг батлаад өөрсдөө уснаас хуурай үлдсэн дээ.  Та ичих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: УИХ-ын дарга З.Энхболд та одоо ингэж попорч болохгүй л дээ.  Ер нь энэ асуудлыг АТГ-ын шинэ удирдлагууд шалгах нь зүйтэй.

Эх сурвалж: www.polit.mn