Хар үст

Хар үстийн тухай түүх нь Япон улсад зуунаас зуун дамжигдан яригдаж ирсэн нэгэн самурайн эхнэрийн сүнс бөгөөд хааны зарлигийг биелүүлэхээр эхнэрээ орхин явсан самурай хэсэг хугацааны дараа зарлигийг ёсоор болгож, эргэн эх нутагтаа иржээ. Түүнийг ирэхэд эхнэр нь гэртээ ганцаархнаа гунигт автан, эр нөхрөө хүлээж суусан бөгөөд самурай эхнэрийгээ дахин хэзээ ч орхиж явахгүй гэж амлан, хосууд орондоо орцгоон, унтжээ.

Харин шөнө дунд самурай гэнэт сэрсэн бөгөөд түүний хажууд эхнэр нь биш, урт хар үстэй, арга яс хэвтэж байв. Айж балмагдсан залуу хажуу айл руугаа орж, эхнэр нь хаана байгаа эсэхийг асуухад түүнийг явснаас хойш төд удалгүй үхсэн болохыг хэлжээ.

Чөтгөрт эзэмдүүлсэн охин

Энэхүү хачирхалтай гэмээр түүх нь Филиппин улсаас гаралтай бөгөөд нэгэн эмэгтэй охиноо амьдарч буй газрынхаа хамгийн баян чинээлэг айлын залуутай гэр бүл болгожээ. Охин дэндүү гоо үзэсгэлэнтэй байсан хэдий ч, түүний ойр хавьд байгаа хүн бүр эхнээсээ амь насаа алдаж байлаа. Хайртай залуу нь болон түүний зарцууд, туслахууд гээд охины хажууд ойртсон хүн бүр амь насаа алдаж байв.

Аргаа барсан ээж нь охиноо дагуулан Батала (Bathala) бурхан дээр очиж, яавал дээр болохыг асуухаар шийджээ. Харин Батала бурхан хариуд нь охиныг буг чөтгөрт хорлогдсон болохыг хэлээд нүүрнийх нь арьсыг хуу татан, ээжид нь чөтгөрийн царайг харуулсан байна. Айж, цочирдсон ээж нь охиноо амьдаар нь шатаажээ. Охин бүрмөсөн шатаж, үнс болсон бөгөөд газарт шингэсэн үнснээс цагаан өнгөтэй ургамал ургасан байна. Батала бурхан эмэгтэйд хандан цагаан ургамал охиных нь шүд болохыг хэлж байжээ.

Хятадын тэнгэр дэх мушгирсан дүрс

1981.07.24-ний өдөр Хятадын зарим нутгуудаар хачирхалтай зүйл болсон гэх яриа байх бөгөөд гараг ертөнц дэх оддоос нэг од бусдаасаа онцгойрч, хүмүүст тодорч харагдсан бөгөөд удалгүй секунд секундээр илүү томорч, хурц гялбах болжээ.

Түүгээр зогсохгүй тэнгэр дээр 1.6 км/секундийн хурдтайгаар эргэлдэж байсан гэж ярьдаг байна. Энэхүү этгээд хачин зүйлийг юу байсан гэдгийг хэн ч мэдэж чадаагүй бөгөөд ойролцоогоор хятадын 10 гаруй сая хүн харсан гэж үздэг ажээ. Харин мухар сүсэгт итгэдэг хүмүүс “Хүн төрөлхтний сүйрэл ойртож байгаатай холбоотой байх. Чөтгөрийн ам биднийг залгих гэж байна” хэмээн хэлж байсан байна.

Оюүки (Oyuki)-ийн сүнс

Япончуудын түүхэнд бичигдэн үлдсэн хамгийн аймшигтай сүнснүүдийн нэг болох Оюүкигийн сүнс нь зурганд хорогдон үлдсэн гэж ярих нь бий. Залуу, үзэсгэлэнтэй бүсгүй цагаан өнгийн кимоно өмссөн энэхүү зургийг Марүяама Окёо (Maruyama Okyo) гэх зураач зуржээ. Зураач түүнийг Гейша бүсгүй бөгөөд хөлгүйгээр төсөөлж зурсан гэж тайлбарлаж байжээ.

Гэвч нэг өдөр зураачийг унтаж байхад нь хөлгүй эмэгтэй зурган дотроос амилан гарч ирж, түүнийг зураг руу чирж, орсон бөгөөд хүний санаанд ч оромгүй ертөнц гэж байдаг болохыг зураач харжээ. Тэрээр харамсалтай нь төд удалгүй галзуурч үхсэн бөгөөд түүний ярьсан зүйл үнэн эсэх нь эргэлзээтэй хэвээр үлдсэн юм.

Офир (Ophir) уулын гүнж

Энэхүү түүх нь Малайз улсын Офир ууланд амьдардаг байсан ганц бие гүнжийн тухай түүх бөгөөд тэрээр амьдралынхаа туршид нэг ч удаа хүнтэй гэрлэж байгаагүй юмсанжээ. Учир нь түүний амьдардаг байсан газар хүрч очих ямар ч боломжгүй байжээ. Харин Ража (Raja) гэх зоригтой залуу түүнтэй гэрлэхийг ихээр хүсч, ямар нэгэн аргаар түүнтэй уулзах аргыг бодсон бөгөөд Офир ууланд хүрэхийн тулд алтан болон мөнгөн гүүр барих хэрэгтэй болсон гэдэг.

Түүгээр барахгүй гүнж залууг ирэхдээ 7 торх зөгийн бал, 7 шумуулны зүрх, сав дүүрэн онгон охины нулимс, хүүгийнхээ цусыг авчир хэмээн шаардаж байжээ. Ража хүүгийнхээ цуснаас бусдыг нь аваачсан ч гэсэн гүнж ихэд хилэгнэж, түүнтэй гэрлээгүй байна. Өнөөдрийг хүртэл түүнийг Офир ууланд ганцаархнаа амьдардаг гэж нутгийн иргэд ярьдаг ажээ.

Өшөө хорсолдоо автсан Хейке (Heike)-ийн цэргүүд

Уг түүхийг сийрүүлэхийн тулд бид эхлээд тэртээх 1185 онд очих хэрэгтэй бөгөөд Ёшицүнэ армиа удирдан өөрийн төрсөн ах болох Ёримототой дайтахаар иржээ. Эрх мэдлийг өөртөө авахыг хүссэн дүү нь ахынхаа удирдаж байгаа хүчирхэг Хейкегийн цэргийн армитай нүүр тулгарна гэдгээ мэдэж байсан бөгөөд хачирхалтай нь тэднийг отож байсан Хейкегийн цэргүүд бүхэлдээ далайн хар салхинд өртөж, бүгд үхсэн байна.

Дайнд ялалт байгуулах нь бараг ойлгомжтой боллоо хэмээн үзэж байсан Ёшицүнэгийн армийнхан баярлаж дуусаагүй байхад үхдэл болсон Хейкегийн цэргүүд бүгд амилж, тэдэн рүү дайрчээ. Үхэшгүй болсон тэдний эсрэг Ёшицүнэ юу ч хийж чадаагүй бөгөөд амь насаа алдсан юм.

Сохор хөгжимчин Юүрей (Yurei)-ийн түүх

Уг сүнсний тухай цуу яриа Японы Киохо (Kyoho) орчмоор 1716-1736 оны хооронд амьдарч байсан гэгддэг сүнсний тухай бөгөөд Хоцүми Канжи (Hotsumi Kanji) гэх нэртэй самурай аялалаа түр завсарлаж, нэгэн дэн буудалд амрахаар шийджээ.

Гэвч түүнийг унтаж байх үед хаанаас ч юм бүү мэд, нэг газраас уянгалаг сайхан дуу хоолой сонсогдссон байна. Самурай уянгалаг дуу хоолойнд уярч, бүсгүйг дуу шиг ээ үзэсгэлэнтэй гэж бодсон бөгөөд чимээ гарч байгаа газрыг хайж, очихоор шийджээ.

Бүсгүйн байгаа өрөөнд ортол түүн шиг үзэсгэлэнтэй эмэгтэй энэ хорвоод байхгүй мэт самурайд санагдсан бөгөөд түүнтэй шууд л унтахыг хүссэн байна. Харин маргааш өглөө самурай сэрээд хартал бүсгүйн царай төрх гэж авах юмгүй аймшигтай байжээ.

Айж, балмагдсан залуу дэн буудлыг орхин явсан ч гэлээ, бүсгүйн сүнс түүнийг орхилгүй дагаж явж байсан бөгөөд “Чи намайг мартлаа гэж үү? Би сохорч гэсэн чамайг харж байна” гэж хэлж байгаа нь самурайд сонссогдож байжээ.

Эх биеэ алдсан эмэгтэйн толгой

Тайланд, Камбожи зэрэг улсуудын нутгийн иргэдийн дунд яригддаг энэхүү аймшигт түүх нь их биеэ алдсан эмэгтэйн сүнсний тухай бөгөөд нэгэн эмэгтэй шөнө дунд явж байх үедээ үнэхээр үзэсгэлэнтэй царай төрхтэй бүсгүйтэй тааралдсан хэдий ч, түүний эх бие нь байхгүй байжээ.

Цочирдож, балмагдсан бүсгүй зугтаах гэж хичээсэн ч амжилтыг эс олж, амь насаа алдсан байна. Эх биегүй эмэгтэйг нутгийн иргэд жирэмсэн байсан бөгөөд харамсалтайгаар осолд орж, биегүй болсон бөгөөд шөнө дунд эмэгтэйчүүдийг хүүхдээ төрүүлж, чадаагүйдээ хорсож, амь насыг нь хөнөөдөг гэж ярьдаг байна.

Харийн бүсгүйн тухай түүх

Мень Жаогуо (Meng Zhaguo) гэх Хятадын нэгэн залуу шөнө бүр этгээд хачин зүүд зүүдлэх болсон бөгөөд нэг өдөр түүний зүүд бодитоор биелсэн байна. Унтаад сэртэл түүний хажууд 3 гаруй метр өндөр, хүн шиг төрхтэй, 6 хуруутай, нэг хөлтэй харийн бүсгүй зогсож байжээ.

Тэрээр залууг өдөж, түүнтэй унтахыг хүссэн бөгөөд айж, балмагдсан залуу юу хийхээ мэдэхгүй байжээ. Түүний гэрт харийн бүсгүй 40 гаруй минут байж байгаад гэнэт алга болсон байна. Хятадын харийнхантай нүүр тулгарсан түүхүүдээс хамгийн хачирхалтай нь гэж хэлж болох энэхүү явдлын дараа залууг сэтгэц, мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэх шийдвэрийг эмнэлгийн ажилчид гаргасан байна.

Малайзын том хөхтэй сүнс

Малайзийн Ханту Трек (Hantu Trek) гэх аймшигт сүнсний тухай түүхийг өндөр настнууд болон эцэг эхчүүд хүүхдүүдийг айлгах гэж ярьдаг бөгөөд шөнө дунд бяцхан хүү гудмаар гэр рүүгээ харих замдаа аймшигтай сүнстэй тааралджээ. Ханту Трекийн царай хүн харахын аргагүй аймшигтай бөгөөд айж, цочирдсон хүүг аварга том хөхөөрөө цохиж алаад, дараа нь биеийг нь идсэн гэх түүх байдаг байна. Үүнээс үүдэж Малайзд эцэг эхчүүд хүүхдүүдээ шөнө оройн цагаар хамаагүй явбал Ханту Тректэй тааралдана гэж айлгадаг ажээ.

Интернет үхэл

Интернет ашиглаж байх үед ямар нэгэн линк дээр дарахад давхар цонх гарч ирдэг билээ. Бизнесийн байгууллагууд ихэвчлэн энэ аргаар бизнесээ өргөжүүлэхийг зорьдог бөгөөд уг хачирхалтай зар сурталчилгаа гэж хэлэхэд хэцүү зүйл нь улаан өнгийн гадаргуу дээр японоор ямар нэг зүйл бичсэн байх бөгөөд үүнийг орчуулвал “Чи улаан өрөөнд дуртай юу?” гэсэн утгатай аж.

Энэхүү цонх нь хүн бүрт харагдаад байдаггүйгээс гадна хараалтай бөгөөд хүний амьдралд ямар нэгэн муу зүйл тохиолдох эсвэл амь насаа алдахад хүргэдэг гэж ярьдаг байна. Энэхүү улаан өнгөтэй цонх гарч ирэх үед сэтгэл сэртхийлгэм дуу чимээгээр “Чи улаан өнгөд дуртай юу” гэж үл мэдэх эмэгтэй хэлэх бөгөөд цонхыг хаах ямар ч боломжгүй байдаг аж. Төд удалгүй таны компьютрийн цонхон дээр үхсэн хүмүүсийн зураг гарч ирдэг байна.

Анкол (Ancol) гүүрний сүнс

Индонези улсын Жакарта (Jakarta) хотын Анкол гүүр хавиар эргэлдэх Мириам (Myriam) гэх бяцхан охины сүнс нь түүнийг энэхүү гүүрний ойролцоо машинд мөргүүлэн аймшигтай амь насаа алдсанаас хойш хүмүүст харагдах болжээ. Түүнийг мөргөсөн этгээд улсдаа нэр алдартай баян хүн байсан бөгөөд охины сүнс үргэлж баян эрчүүдийг ангуулчилдаг гэнэ.

Ашендон (Ashendon)-ийн хаант улс

Чуньюу Фен (Chunyu Fen) гэх хүн бор дарс хэтрүүлэн хэрэглэж, нэгэн модны доор унтаад өгчээ. Удалгүй түүнийг нэгэн цэргийн их жанжин ирж сэрээсэн бөгөөд түүнд “Хаантан өөрийг тань ордондоо залж байна” хэмээн хэлж, дагуулан явжээ. Хааны ордонд очтол түүнийг хүндэтгэлтэйгээр дайлж, цайлан хаан өөрийн охиныхоо эр нөхөр болгохоор шийдвэрлэсэн гэдгээ хэлсэн байна.

Тэд хамтдаа аз жаргалтай амьдарч, 5 хүү, 2 охины эцэг, эх болж, Нанке (Nanke) гэх мужийг захирах болсон байна. Гэвч нэг өдөр Ашендон гүрний их цэрэг хөрш зэргэлдээх улсыг дайлаар морьдох болсон бөгөөд Чуньюу энэ дайнд явжээ. Дайнд ялалт байгуулан эргээд иртэл түүний эхнэр нь нас барсан байв.  Уй гашууд автсан түүнийг хаан ирсэн газар руу нь буцаасан байна. Гайхах учраа олж ядсан Чуньюу модны доор унтаад сэртэл бүх зүйл ор хоосон зүүд байжээ. Түүнийг чөтгөр шүглэсэн модны доор унтсан гэж тухайн үед хүмүүс үзэж байв.

“Hello Kitty”-д шингэсэн охины сүнс

1999 онд Хонг Конг улсад нэгэн аймшигтай аллаг болсон нь нэгэн шөнийн цэнгээний газрыг эзэмшдэг 23 настай бүсгүй болох Фэн Мэн Еи (Fan Man Yee)-ийг 3 залуу хулгайлж, бүтэн нэг сарын турш эцсийн амьгалаа хураах хүртэл нь хэрцгийгээр зовоож, тамлаж байсан явдал бөгөөд түүний толгойноос бусад биеийн хэсгийг хогийн саванд хаясан байна.

Харин толгойг нь хүүхэд багачуудын дуртай байдаг “Hello KItty” чихмэл тоглоом дотор оёж, хийжээ. Харин хэрцгийгээр амь насаа алдсан бүсгүйн сүнс чихмэл тоглоомонд шингэж, 10 орчим залуугийн амь насыг хөнөөсөн байна.

Томино (Tomino)-ийн там

Японы зохиолч Ёкота Инүхико (Yokota Inuhiko)-ийн бичсэн “The Heart is Like a Rolling Stone” гэх номонд Томиногийн там гэх нэртэй бяцхан шүлэглэл гардаг байна. Харин энэхүү номыг уншсан хүн бүр зохиол дээр гарах Томино шиг шаналж, зовж, тарчилдаг гэсэн яриа байдаг ажээ. Энэхүү ярианаас үүдэж, зохиолчийн номыг дахин хэвлэхээс татгалзаж байснаас гадна дэлгүүрүүдээр борлуулахыг нь хүртэл хориглож байжээ.