Бусдад өс санаж, гэмгүй нэгнийг гэмт хэрэгтэн болгохын төлөө АТГ-т худал мэдүүлэг өгсөн этгээд өөрөө гэмт хэрэгтэн болсон байна. Хэдийгээр “ахуйн” хүрээний асуудал мэт боловч АТГ-ын 28 мөрдөгч Монгол улсын хэмжээнд үйлдэгдэж буй авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгаж ачаалал ихтэй байгаа дээр нь нэрмээс болж байна.

Монгол улсын иргэн Б.У нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Авлигатай тэмцэх газрын байранд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...би 2 000 000 төгрөгийг Ц.Ганхүү даргад өгсөн юм. Ажилд орохын тулд түүнд өгсөн...” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн байна. Түүний энэ үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Бусдыг гэмтэн мэт харагдуулахыг завдсан Б.У мөрдөн байцаалтын шатанд : “...Ер нь бол хувийн асуудлуудаас болж Ц.Г даргатай би харилцаа муутай байсан учраас бусдын ятгалганд орж 2 сая төгрөг өгсөн гэж худал мэдүүлэг өгсөн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Би анх Авлигатай тэмцэх газар очиж байцаалт өгснийхөө дараа 3 хоногийн дараа мэдүүлэг өгсөн байцаагчтай уулзаж би худал мэдүүлэг өгсөн мэдүүлгээ буцаая гэсэн боловч тухайн үед байцаагч намайг гадны дарамтанд өртсөн гэж бодоод мэдүүлэг аваагүй ба дараа нь буцаагаад дуудна гэж хэлсэн...” гэж хэргээ хүлээсэн байдаг.

Харин өс санах болсон шалтгааны талаар гэмтэн болох шахсан Ц.Ганхүү: Б.Х нь манай Сонгинохайрхан дүүргийн Жудо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байхдаа удаа дараа хуурамч бичиг баримт үйлдэж, диплом, олон улсын хэмжээний мастерын үнэмлэх хуурамч, Самбо бөхийн холбооны бичгийг хуурамчаар бичээд ажил таслаад алга болсон зэрэг зөрчлүүд гаргаад байхаар нь би Монгол Улсын Их сургуулийн Биеийн тамирын анги төгссөн эсэхийг, мөн Архивын Ерөнхий газраас Боловсролын яамнаас, Мэргэжлийн хяналтын газруудаас лавлагаа авч шалгуулахад бүгд хуурамч байсан юм. Тэгэхээр нь би Б.Х ыг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөөд шүүх дээр өөрөө ОУХМ, диплом зэргийг хуурамчаар үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн учир ажлаас халсан юм. Тэгээд одоо надад өс хонзон санаад байдаг юмуу намайг одоо шалгуулахгүй газар гэж алга байна. Энэ хэргээр 2 хүнээс авлига авч ажилд авсан гэж худлаа гомдол гаргаад явж байна. Харин Б.У нь яагаад авлига авсан гээд байгааг ёстой мэдэхгүй байна. Би ойлгохдоо ажлаас халагдсан хүмүүс л хоорондоо үгсэн тохиролцоод намайг гүтгээд байх шиг байна. Б.Х ын өргөдлөөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт. Нийслэлийн засаг даргын тамгын газарт, мэргэжлийн хяналтанд, Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албанд намайг өгч шалгуулсан боловч манай хороо болон миний хувьд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, яг одоогийн байдлаар Нийслэлийн засаг даргын тамгын газрын ёс зүйн хороонд гомдол гаргасан одоо шалгаж байгаа шийд нь гараагүй байна. Авлигатай тэмцэх газрын хэрэг нь бол танай дээр ирсэн байна, бусад байгууллагууд шийдвэрээ гаргаад буруутайг тогтоосон зүйл байхгүй...” гэж мэдүүлэг өгөхдөө учир байдлыг тайлбарласан байна.

Тиймээс Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.У худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн төгрөгийн торгох ялаар шийтгэсэн юм.

 Энэ бол АТГ-ын ачаалал ихтэй ажилд нэрмээс болсон тохиолдол. Гэтэл Монгол улсын хэмжээнд авлига, албан тушаалын гэмт хэргийг АТГ-ын бүх мөрдөгч буюу 28 мөрдөгч шалгадаг. Авлигын хэрэг нь хоёр тал аль аль нь ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн төлөө хуйвалдах учраас бичиг цаасаар халхавчилж "цэвэрхэн" хийдэг, том мөнгөн дүнгээр яригддаг, нууц далд үйлдэгддэг, гэрчгүй гэмт хэрэг. Хот, дүүрэг, аймаг, сумын хэмжээнд 28  мөрдөгч авлига, албан тушаалын гэмт хэргийг шалган шийдвэрлэж байгааг харьцуулбал шоргоолж өөрөөсөө 10 дахин хүнд ачааг үүрч өдөр бүр хөдөлмөрлөдөгтэй яг ижил гэж ойлгож болно. Гэтэл энэ ажилд нэрмээс болж буй энэ мэт тохиолдол гаргахгүй байхыг хичээнэ үү.