Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2015 оноос 6.9 тэрбум ам.доллароор нэмэгдэж 2018 оны жилийн эцсийн байдлаар 28.7 тэрбум ам.долларт хүрсэн нь манай гадаад валютын нөөцөөс 8.1 /Гадаад валютын албан нөөц 2018 оны жилийн эцсээр 3.5 тэрбум ам.доллар байна/ дахин их байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2018 оны эцэст өмнөх оны мөн үеэс 1,250.3 сая ам.доллар буюу 5 хувиар өсөж 28,743.0 сая ам.доллар болсон нь дээрх хүснэгтээс харагдаж байгаа юм.

Ийнхүү өсөхөд гадаадын шууд хөрөнгө оруулалттай компани хоорондын гадаад өрийн үлдэгдэл өмнөх оноос 1,200.0 сая ам.доллар буюу 15 хувиар өсөж, 9,196.5 сая ам.долларт хүрснээс шалтгаалсан байна.

Монгол Улсын нийт гадаад өрийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх үлдэгдлийн 25 хувийг Засгийн газрын гадаад өр эзэлж байна.

Засгийн газрын гадаад зээлийн үлдэгдэл 2018 онд өмнөх оноос 463.4 сая ам.доллароор нэмэгдсэн бол гадаад үнэт цаасны үлдэгдэл 601.9 сая ам.доллароор буурч, өрийн үлдэгдэл нийт дүнгээр 138.5 сая ам.доллароор буурсан байна.

 Стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн хамрах хугацаанд нэрлэсэн үнээр илэрхийлсэн Засгийн газрын нийт өрийн үлдэгдэл 2018 оны эцэст 22.4 их наяд төгрөгт хүрч, урьдчилсан гүйцэтгэлээр ДНБ-ий 69.5 хувьтай тэнцэж байна.

Засгийн газрын нийт өрийн 84 хувийг гадаад өр, 11 хувийг дотоод өр, 5 хувийг Засгийн газрын өрийн баталгаа гаргасан зээл эзэлж байна. Засгийн газрын нийт өрийн багцын гадаад валютаар илэрхийлсэн өр төлбөрт 8 ам.доллар 63 хувь, иен 15 хувь, зээлжих тусгай эрх 17 хувь, евро 3 хувь, бусад валют 2 хувийг тус тус эзэлж байгаа нь гадаад валютын ханшийн эрсдэлийг нэмэгдүүлж, төгрөгөөр илэрхийлэгдэх дүнг их хэмжээгээр өсгөхөд нөлөөлж байна.

Засгийн газрын гадаад өр: Гадаад өрийн үлдэгдэл 2018 оны эцэст 18.9 их наяд төгрөгт хүрснээс 59 хувийг гадаад зээл, 41 хувийг гадаад үнэт цаас эзэлж байна.

▪ Гадаад зээл: Стратеги хэрэгжих хугацаанд буюу 2016-2018 онд Монгол Улсын Засгийн газар олон улсын байгууллага, хөгжлийн түнш орнуудаас хөтөлбөрийн зээлийн хүрээнд 796.0 сая ам.доллар, төслийн зээлийн хүрээнд 1,106.3 сая ам.доллар, арилжааны нөхцөлтэй 240.0 сая ам.доллар, нийт 2,142.3 сая ам.доллар буюу 5,070.8 тэрбум төгрөгийн зээл авч, 2018 оны эцэст 4,235.9 сая ам.доллар буюу 11,201.0 тэрбум төгрөгт хүрсэн байна. Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хүрээнд 2018 онд 190.0 сая ам.доллар, Олон улсын банк санхүүгийн байгууллага түншлэгч улс орнуудаас чөлөөт хөрвөх валютаар хөнгөлөлттэй нөхцөлтэй 404.0 сая ам.долларын зээл тус тус авч төсөл, хөтөлбөрт зарцуулсан байна. Гадаад зээлийн үйлчилгээний төлбөрт 2016-2018 онд нийт 412.3 сая ам.доллар буюу 966.0 тэрбум төгрөг, үүнээс үндсэн төлбөрт 242.1 сая ам.доллар буюу 581.0 тэрбум, хүүгийн төлбөрт 160.9 сая ам.доллар буюу 359.1 тэрбум, гэрээнд заасан шимтгэл хураамжид 9.3 сая ам.доллар буюу 25.9 тэрбум төгрөг тус тус төлсөн байна.

▪ Гадаад үнэт цаас: 2016-2018 онд олон улсын зах зээлд нийт 1,900 сая ам.доллар буюу 500.0 сая ам.долларын Мазаалай, 600.0 сая ам.долларын Хуралдай, 800.0 сая ам.долларын Гэрэгэ бондуудыг тус тус арилжаалж, гадаад үнэт цаасны үлдэгдлийн хэмжээ 2015 оны эцэст 1,661.2 сая ам.доллар буюу 3,315.8 тэрбум төгрөг байсан бол 2018 оны мөн үед 2,900.1 сая ам.долларт буюу 7,665.0 тэрбум төгрөгт9 хүрч 1,238.9 сая ам.доллароор буюу 4,349.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Гадаад үнэт цаасны үйлчилгээний төлбөрт 2016-2018 онд нийт 1,187.5 сая ам.доллар буюу 2,814.6 тэрбум төгрөг, үүнээс үндсэн төлбөрт 660.3 сая ам.доллар буюу 1,617.8 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 515.5 сая ам.доллар буюу 1,168.5 тэрбум, гэрээнд заасан шимтгэл хураамжид 11.7 сая ам.доллар буюу 28.3 тэрбум төгрөг тус тус төлсөн байна.

Засгийн газрын баталгаатай өр: Засгийн газрын баталгаатай өрийн үлдэгдэл 2015 оны жилийн эцсийн байдлаар 2.7 их наяд төгрөг байсан бол 2018 оны жилийн эцсийн байдлаар 1.1 их наяд төгрөг болж буурсан нь Засгийн газрын баталгаа гаргасан МУХБ-ны 580.0 сая ам.долларын бондыг төлснөөс шалтгаалсан байна.

Засгийн газрын дотоод өр: Дотоод өрийн үлдэгдэл 2018 оны эцэст 2.4 их наяд төгрөгт хүрснээс 66 хувийг дотоод үнэт цаас, 34 хувийг төсвөөс эргэн төлөх концессын өр эзэлж байна.

▪ Дотоод үнэт цаас: 2015 оны жилийн эцсийн байдлаар дотоод үнэт цаасны үлдэгдэл 3,333.2 тэрбум төгрөг байсан бол 2016 онд 5,488.8 тэрбум төгрөгт хүрч огцом нэмэгдсэн гол шалтгаан нь Засгийн газрын зүгээс төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулж 2,066.7 тэрбум төгрөг, МУХБ-ны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор 1,000.0 тэрбум төгрөг, “Сайн хөтөлбөр”-ийг санхүүжүүлэхэд зориулж 596.0 тэрбум төгрөг, Хүний хөгжил сангийн алдагдлыг санхүүжүүлэхэд 239.9 тэрбум төгрөг, нийт 3,902.6 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалсантай холбоотой байна. Харин 2018 оны жилийн эцсийн байдлаар дотоод үнэт цаасны үлдэгдэл 1,565.0 тэрбум төгрөг хүртэл буурсан нь 2017 оны 10 дугаар сараас эхлэн үнэт цаасны арилжааг зогсоож 2018-2023 онд төлөгдөх хуваарьтай байсан нийт 370.5 тэрбум төгрөгийн үнэт цаасыг хугацаанаас нь өмнө буцаан худалдан авсантай холбоотой байна. Дотоод үнэт цаасны үйлчилгээний төлбөрт 2016-2018 онд нийт 9,960.8 тэрбум, үүнээс үндсэн төлбөрт 8,617.8 тэрбум, хүүгийн төлбөрт 1,343.0 тэрбум төгрөг төлсөн байна.

▪ Вексель: УИХ-аас баталсан 2016 оны 47 дугаар тогтоолын дагуу аливаа хөрөнгө оруулалтын санхүүжилтийг векселиэр баталгаажуулахыг 2017 оноос эхлэн зогсоож, нийт 307.2 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 46.0 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөрийн өглөгийг 2017 онд төлж барагдуулснаар векселийн үлдэгдэлгүй болсон байна.

Концесс (барих-шилжүүлэх): Улс, орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээний Засгийн газрын өрд бүртгэгдсэн дүн 2015 оны жилийн эцэст 261.0 тэрбум төгрөг, 2016 онд 668.9 тэрбум төгрөг, 2017 онд 768.0 тэрбум төгрөг байсан бол 2018 оны жилийн эцсийн байдлаар 806.0 тэрбум төгрөг болон нэмэгдсэн байна.