Хэнтийгээс хэн хэн тодрох вэ

Ирэх зургадугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулагдахаар товлогдоод байгаа. 


Эл товыг Монгол Улсын Их Хурлын чуулганы 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар гаргасан юм. Гэвч нэр бүхий хүмүүс УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчсөн байх магадлалтай, түүнийг эргүүлэн томилох ёстой гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандаж, иргэний гомдлоор ҮХЦ-ийн дунд суудлын хурал маргааш болж эл асуудлыг шийдвэрлэх юм.

Гэсэн ч Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчид тодорч, иргэд ч өөрөөр ийн сонголтоо хийхээр нэр дэвшигчдийн тухай санаа оноогоо ярьж байна. Эрх барьж буй намын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эл тойрогт нэр дэвшихээр тодорсон гэх боловч яг таг шийдвэр биш гэлцэх нь ч байна. Намын байр хавиар нисэж буй бор шувууны хэлээр бол ирэх даваа гарагт хуралдах МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх агаад У.Хүрэлсүх биш шинэ хүн тодруулна гэсэн жиг жуг бий. Ямартай ч МАН-аас нэр дэвшигч даваа гарагт эцэслэн тодорно.

Харин Ардчилсан намын тухайд УИХ-ын 42  дугаар тойргийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатарыг дэвшүүлэхээр болсон. Аймгийн намын хорооноос гаргасан эл шийдвэрийг Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Эл асуудал мөн л даваа гараг буюу тавдугаар сарын 27-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдэнэ гэсэн үг.

МАН-аас өрх тусгаарласан МАХН энэ сонгуульд хүчтэй өрсөлдөгч болж магадгүй байна.Монгол Улсын хууль хүчнийхний түүхэнд байгаагүй олон цагдаа нэгэн зэрэг гүйцэтгэх ажиллагаанд оролцож дуулиантай баривчилгааг хийсэн. Эл хэргийн эзэн МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тус тойрогт нэр дэвших нь тодорхой болсон. Хэдийгээр баривчлагдсан, хүйтэн хананы цаана хоригдсон гэх боловч түүнийг дугуйлчихаж мэдэх л ард түмэн. Эрх барьж буй нам, бойкот нам хоёр түүнээс нэлээд жийрхэж байгаа гэх.

Гэтэл дээрх нэр дэвшигчдийн тооцоонд ороогүй нэр дэвшигч том асуудал үүсгэж, нөхцөл байдлыг эргүүлж магадгүй хэмээн судлаачид харж байна. Тэр нь Хуульзүйн ухааны доктор, профессор Л.Батжав. Хуулийн салбартаа өөрийн гэсэн дархлаагаа тогтоож, өмгөөлсөн хамгаалсан болгон нь ялалт байгуулдаг гэгддэг энэ нөхөр хуулийн мэдлэгээрээ хэнбугайг ч өмнөө гишгүүлдэггүй гэдэг юм билээ. Эл “Битүүхурд” төрсөн нутаг Хэнтий аймагтаа нэр дэвшихээр шулуудаж өчигдөр дэмжигч, сонгогчийн бүртгэлээ тойргийн хорооноос хүлээн авсан даруйдаа л аймгийн гудамжаар өөрийн биеэр тойрч дэмжигчдийн гарын үсгийг цуглуулсан нь өдөртөө 50 хувьд хүрсэн нь Хэнтий аймгийн сонин хачин болоод байгаа аж.

Түүнийг нэр дэвшиж магадгүй гэх сургаар МАН, АН, МАХН-ын удирдлагууд хүлээн авч уулзсан гэх жиг жуг зарим хэвлэлд бичигдэжбайсан. Ямартай ч энэ удаагийн нөхөн сонгуулийн таамгийг эл “Битүүхурд” эргүүлчихэж магадгүй юм гэсэн таамаг байна.

Ямартай ч энэ удаагийн нөхөн сонгуульд 13 нам, 1 бие даагч хуулийн дагуу оролцохоо илэрхийлээд байгаагийн содон сонин нь энэ. Хэнтийгээс хэн тодрох бол гэсэн таамаг иргэдийн хүлээлт болоод байна.

О.Гэрэл
Оллоо.mn