Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж, нас барсан  хэрэг гарсан.

Бүсгүйн үхэлд талийгаачийн найз залуу О.Боргил гэгчийг холбогдуулан шалгаж байгаа ба талийгаачийн задлан шинжилгээний дүгнэлт албан ёсоор гарсны дараа шинээр үүссэн нөхцөл байдлыг үндэслэн түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулсан юм.

Харин О.Боргилын цагдан хорионы хугацаа өнгөрөгч долоо хоногт дуусч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаад байсныг шүүгдэгч О.Боргилын өмгөөлөгч эсэргүүцэн, ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг өнөөдөр /2019.06.11/ хэлэлцэж шийдвэрлэлээ.

Ингэхдээ О.Боргилын өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ.