Төв аймгийн Лүн сумын Баянхангай, Лүн сумын нутаг, Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сумын чиглэлийн А0301 замын 110-113 дугаар км-т /Лүн сумаас зүүн зүгт 13 км-т/ 06.15-ны өдрийн 15:30 цагийн орчимд орсон түр зуурын хүчтэй борооны улмаас үер бууж зам хаагаад байгаа билээ.

Үүний улмаас Улаанбаатар хотоос Лүн сумын чиглэлийн улсын чанартай А0301 замын 110-113 дахь км-т /Лүн сумаас зүүн зүгт 13 км-т/ хатуу хучилттай автозамын зорчих хэсэг их хэмжээний усанд автаж, Баянхангай сумын Хөшөөт багийн Тав хангай хороололд оршин суугч /Баянхангай сумаас урд зүгт 5 км-т/ Ц /4 настай эмэгтэй/ сураггүй болсон, мөн 3 айлын байшин, 2 айлын гэр усанд автсан тухай дуудлагыг Онцгой байдлын ерөнхий газар 2019.06.15-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан байна.  Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатараар ахлуулсан 20 алба хаагч, 3 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.16-ны өдрийн 07:30 цагт Ц /4 настай эмэгтэй/-ын цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сумын чиглэлийн А0301 замын 110-113 дугаар км-т автозамын зорчих хэсэгт их хэмжээний ус урсаж, замын байгууламжид эвдрэл үүсэж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг явуулах боломжгүй байгаа тул Тээврийн цагдаагийн албанаас тухайн хэсэгт автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байна.