Сэтгэлийн гүнд гутран явахад, найрын ширээ шиг хөглөрөхөд, хайртай хүнгүй өнгөрүүлсэн мөчүүдэд чи сараачсаар л... Чамд ийн сараачуулах нь ялгуун.

“Никитон”-ы Батчулуун ид туурвин бүтээж буй эхний 25 жилд амьдран сууж, залуу халуун насаа хувааж, дууных нь шад, мөр, аялгуу айзам бүрээр нь лугшиж чадсан гэрч болгонд би талархдаг. “Никитон”-ыг амьдаар нь үзээгүй 100 жилийн дараах хүмүүсийн өмнөөс одоо цагийнханд атаархдаг. Бас дахиад 25 жил түүнээс хүмүүст юу өгөхийг нь хүлээх завшаантай сонсогчдод баяр хүргэе. 

Урлагт домог бүтээж, өөрийн гэсэн сонгодгийг туурвиж, уйт цаг хугацаануудыг чи ямар “аймаар” хөглөв өө, Баачка... Энэ чинь хорин таван жил шүү дээ, хэдэн үеийн залуусыг чи хөгжмөөр ховсдож чадаж байна.  

Яаж эхэлсэн шигээ эрч хүчтэй, омог бардам үргэлжлүүлж байгаа уран бүтээлч цөөрч, 90-ээд онд яг л оргилуун дарс шиг тэсрэлт авчирсан рок хөгжмийн урсгал нийтийншин энгийншиж байгааг бид анзаарч байна. Харин 25 жилд хуучирч гандаагүй дуу хоолой, авьяас мэдрэмж, сэхүүн царай, ганган төрхийг чинь анхны янз донжоор нь харах надад лав урамтай байдаг. Яг 25 жилийн өмнө чи 120 мянгатын автобусны буудлаас миний суух гэж байсан троллейбусанд сууж таарсан юм. Тэр үед юун Феррари, Бэнц. Хотын унаа автобус, троллейбус л байсан. Цонхигордуу шар царайтай. Ер нь бол царай муутай. Аймаар ганган. Урт гэгчийн хар ногоон пальтотой. Эгнэсэн алтлаг товчнуудтай ч байв уу. Энгэр нь задгай. Цав цагаан цамц дотроос нь намираастай. Нэг тийм дунд зэргийн урттай, буржгар үстэй. Өлөн ч тоосгүй гялтганасан, хээнцэр дэгжин гуталтай. Дөнгөж эхлэл гэхэд хаанаас нь ч харсан урлагийн хүн байсан. 2019 оны Баачка 25 жилийн дараа урлагийн зүтгэлтэн ямар байх ёстой, түүгээрээ үлдсэн.

Дурлаж, хаягдаж, шархалж, шатаж үзээгүй шахам хөвгүүн шүү дээ. “Никитон” бүү хэл чөлөөт сэтгэлгээний тухай ойлголт дархлагдаагүй цаг үед сонгодог урлагт суралцаж байсан 14 настайдаа чи яаж “Янаг цэцэг”-ийг бодож олсныг чинь бодоод ч олдоггүй юм. Боломжгүй зүйл мэт. Тийм учраас бурхан, эсвэл чөтгөр чамайг онгичин эзэмдсэн хэрэг. Тэгж чамаас “Хос хунгийн дууль”, “Чамд би...”, “Ялгуун”, “Би чамд хайртай”, “Нандин шүтээн”, “Чи минийх” дуунууд чинь төрж, хүмүүсийн зүрх сэтгэлийг онгичин эзэмдсээр 25 жил болов гэх домгийг би өөртөө бодож олсон юм. Дарс дарах тусам сайхан исдэг шиг чиний дуунуудын хамгийн эртнийх нь илүү хүсэл оргиож, ахин дахин сонсон булиглах тачаалыг асаах нь бахтай. Миний ажилладаг бүх компьютерээс ютүүб нээмэгц чиний арзгар үс, орсгой шүдтэй төрх хэдэн янзаараа илэрдэг гэхээр би чамайг яаж дураараа эдэлдэг нь хэнд ч ойлгогдоно. Чамайг зүгээр сууж байгаад сонсох аргагүй. Сэрнэ. Босно. Самуурна. Чөлөөлөгдөнө. Тайвширна. Сэргэнэ. Тархинд дур тавина. Тийм хүчтэй мэдрэмжүүдийг өгдөг. Болно биз дээ, хөгшөөн?

Чамайг хүмүүс сая саяараа сонсов. Чи заримынх нь онгод шүтээн, Феррари, өөр юу ч гэнэв олон утга учир болсон. Тэд чамд үнэнч байсан эсэхийг чи огт сонирхохгүй, яагаад гэвэл чи өөрийнхөө түвшнийг дээрээс хардаг. Хүмүүс чиний дуу хөгжмийн хүч нөлөөнд, туурвисан домог цадиг, бүтээсэн ид шидэнд автдаг тул чиний дуу хөгжимтэй танлцсанаас хойш өөр хэний юунд дурласнаа хэн нь ч чамд тоочихгүй. Чи тийм л “зэвүүн баачка”. Гэхдээ сэтгэлийн гүнд гутран явахад, найрын ширээ шиг хөглөрөхөд, хайртай хүнгүй өнгөрүүлсэн мөчүүдэд чи сараачсаар л... Чамд ийн сараачуулах нь ялгуун. Аргадаж дуугардаг төгөлдөр минь.

www.ub.life.mn