“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг  Засгийн газрын 50 дугаар тогтоолоор 2018 оны 2 дугаар сард батлуулснаас хойш 1 жил 6 сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд заасан олон зорилтот ажлыг хийж байна. Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөрийг батлах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэх нэг гол ажил нь иргэд хүссэн цагтаа, хүссэн газраасаа шаардлагатай мэдээлэл авах, сургалт, сурталчилгаа, зөвлөгөө мэдээллийн баталгаатай эх сурвалж болох эрх зүйн цахим мэдээллийн сан “e-khutuch.mn” портал цахим хуудсыг бүтээж, ашиглалтад оруулах ажил юм. Энэ талаар Үндэсний хөтөлбөрийн 3.2.2-т эрх зүйн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх боломжийг өргөтгөх; 3.2.3-т эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, судалгаанд мэдээллийн технологийг ашиглах; Эрх зүйн цахим хөтөч ажиллуулах e-khutuch.mn ажиллуулах талаар тус тус заасан.

 

Энэ ажлын хүрээнд хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан www.e-khutuch.mn цахим хуудасны орон нутаг дахь нээлтийн ажиллагааг Хэнтий аймагт зохион байгууллаа. Энэхүү цахим хуудасны нээлтийн ажиллагааг хийхдээ Эрх зүйн хөтчийн мэдээллийн булан байдлаар Хэнтий аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төвийн өөртөө туслах танхимд тохижуулж, тус аймагт анх удаа жишиг байдлаар хийлээ. Тус ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Нээлттэй нийгэм Форум, Монголын хуульчдын холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгууллаа.

 

Нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга, “Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөл”-ийн дэд дарга  Г.Билгүүн, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, “Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөл”-ийн нарийн бичгийн дарга С.Энхцэцэг, Хэнтийн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Ганбаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч, “Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөл”-ийн гишүүн  Ж.Хунан, Нээлттэй нийгэм форумын зохицуулагч П.Бадамрагчаа нар оролцлоо.

 

 

 

 

 

Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан е-khutuch.mn цахим хуудас нь  иргэдийн эрх зүйн гол эх сурвалж, цахим гарын авлага болж ашиглагдах төдийгүй, нийт иргэдийн хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос авах цахим хөтөч болж ашиглагдах юм.

 

 

Хэнтий аймагт анх удаа жишиг байдлаар хийж байгаа энэхүү “Эрх зүйн хөтчийн булан” нь иргэд ирээд өөрийн оршин суугаа газар ажиллаж буй эрх зүйн хөтөч нарын мэдээллийг авахын зэрэгцээ тус цахим хөтөч хуудсанд хандаж өөрт хэрэгтэй хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг цаасан болон үзэж танилцах байдлаар ашиглах боломжтой байх юм.